Дэлхийн хамгийн өндөр “Бурж Халифа” цамхаг

Хуучирсан мэдээ: 2010.04.01-нд нийтлэгдсэн

Дэлхийн хамгийн өндөр “Бурж Халифа” цамхаг

Персийн булан дахь Дубай хотноо сүндэрлэх хүний гараар бүтээгдсэн дэлхийн хамгийн өндөр барилга “Бурж Халифа” цамхаг 828 метр өндөр бөгөөд дэлхийн хамгийн өндөр барилга гэгддэг байсан “Тайпей 101” цамхгаас даруй 300 гаруй метрээр өндөр юм. Барилгын ажил ид өрнөж байх үеэр “Бурж Дубай” хэмээн нэрлэгдэж байсан Дубайн цамхаг хожим нь нэрээ өөрчилж, Дубайн хөрш болох Абу Дабигийн удирдагчийн нэрээр нэрлэгджээ. Учир нь Абу Дабигаас дэлхийн хамгийн өндөр барилгыг босгох явцад үүссэн их өрийг барагдуулахын тулд 10 тэрбум ам.долларыг Дубайд “бэлэглэсэн” юм.
Дэлхийн хамгийн өндөр цамхгийг босгох ажил 2004 оны есдүгээр сарын 21-нд эхэлсэн бөгөөд гадна засал чимэглэлийн ажил 2009 оны аравдугаар сарын 1-нд бүрэн дуусч, улмаар 2010 оны нэгдүгээр сарын 4-ний даваа гаригт нээлтээ хийжээ. 28 мянган шилэн хавтангаас бүрдэх уг цамхаг 160 давхар бөгөөд оффисийн болон орон сууцны зориулалтаар ашиглах 500 мянган ам дөрвөлжин метр талбайтай ажээ. “Бурж Халифа” байгууламж нь өөрөө дэлхийн хамгийн өндөр барилга гэх албан ёсны хүндэтгэлээс гадна хамгийн олон давхар, хамгийн өндөр гарч ажиллах цахилгаан шат, мөн дэлхийн хамгийн өндөрт  орших ажиглалтын тавцантай гэдгээрээ олны анхаарлыг татаж байна. Тодруулбал, ажиглалтын тавцан нь цамхгийн 124 дэх давхарт байрлаж байгаа юм. Түүнчлэн дэлхийн хамгийн өндөрт байрлах лалын шашны сүм болон усан сан мөн л “Бурж Халифа”-д харьяалагдана. Лалын сүм 158 дахь давхарт, харин асар том усан сан 76 дахь давхарт байрлажээ.
Шав тавих ёслолоос хойш 1325 өдрийн дараа нээлтийн ажиллагаа болсон ба дотоод засал чимэглэлийн ажил одоо хэр нь бүрэн дуусаагүй байгаа юм. 828 метр өндөр “Бурж Халифа” цамхгийг 95 км-ийн цаанаас харж болох ба уг гайхамшигт байгууламжид 1044 тансаг зэрэглэлийн орон сууц, оффисийн зориулалтаар ашиглах 49 давхар, 160 өрөө бүхий “Armani” брэндийн тансаг зэрэглэлийн зочид буудал байрлана. Дунджаар 12 мянга гаруй хүн “Бурж Халифа”-д ажиллаж, амьдрах гэнэ.
“Бурж Халифа” цамхгийн загвар нь лалын шашинт орнуудын архитектурын үндсэн шинж дээр суурилсан, гименокаллис цэцгийн гурван дэлбээнээс санаа авч, хийсвэрээр сэтгэсэн бүтээл юм. Цамхгийн үндсэн суурь баганыг тойрон гурван элемент байрлана. Газар дээрх сууриас эхлэн дээшлэх тутамд үндсэн баганыг тойрон, мушгин ороосон хэлбэртэй салбар давхрууд байрлах бөгөөд тэдгээр нь цамхгийг тэнгэр баганадсан эгц шовх хэлбэртэй харагдахаас зайлуулж буй хэрэг юм. Харин дээд хэсэгтээ гол багана үргэлжилж, сүмийн шовх орой мэт харагдах учиртай. Y хэлбэрийн суурь нь барилгын үзэмжийг илүү сайхан харагдуулах бөгөөд цамхгийн дээрээс эсвэл доороос дээш харахад лалын архитектурын сонгино хэлбэрийн пөмбөгөр оройг санагдуулна. “Бурж Халифа” цамхгийн загварыг зохион бүтээх явцад хүчтэй салхины нөлөөг бууруулж, хамгаалахын тулд инженерүүд барилгын эх загварын гадаргууны бүтцийг 120 хэмээр эргүүлсэн байна. Улмаар цамхгийн оройн хамгийн дээд цэгт салхины хүчээс хамааран 1.2 метрт ганхах ажээ.
Гадаад засал чимэглэлийн хувьд “Бурж Халифа” цамхаг нь 142 мянган метр квадрат хэмжээтэй гэрэл ойлгох тольт шил, хөнгөн цагаан болон зэвэрдэггүй ганаар бүрэгдсэн бөгөөд энэ нь Дубай хотын хурц нар, өндөр температурын нөхцөлтэй маш сайн зохицжээ. Гадаа 50 хэмийн халуун байхад ч барилга дотор 18 хэмийн дулаантай байх юм. Түүнчлэн “Бурж Халифа” цамхаг нь өөртөө цахилгааны эх үүсвэртэй байх ба 61 метрийн урттай салхин сэнс болон 15 мянган метр квадрат хэмжээтэй нарны гэрлийг хураах хавтангийнхаа тусламжтайгаар шаардлагатай цахилгааныг үүсгэх ажээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж