Вьетнамын цэргийн баг “Khan Quest”-д оролцоно

Хуучирсан мэдээ: 2010.12.10-нд нийтлэгдсэн

Вьетнамын цэргийн баг “Khan Quest”-д оролцоно

Зураг дээр: Батлан хамгаалахын сайд Л.Болд БНСВУ-ын Ерөнхийлөгч Нгүен Минь Чиетийн хамт.

БНСВУ-ын Батлан хамгаалахын сайдын урилгаар Монгол Улсын Их хурал, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Л.Болд тус улсад албан ёсны айлчлал хийж байна.

Айлчлалын хүрээнд сайд Л.Болд БНСВУ-ын Батлан хамгаалах яаманд зочилж, сайд Фунг Куанг Тханьтай хоёр талын хэлэлцээ хийв. Сайд нар энэ үеэр хоёр улсын батлан хамгаалах салбарын түүхэн уламжлалт харилцааг сэргээх, түүний дотор хамтын ажиллагааны эрх зүйн үндсийг бүрдүүлэх, эхний ээлжинд батлан хамгаалах салбарын төрөл бүрийн түвшний харилцан айлчлалыг тогтмолжуулах, өөр өөрийн эх оронд зохион байгуулагдаж буй арга хэмжээнд төлөөлөгчдөө илгээж байх, түүний дотор Монгол Улсад жил бүр зохион байгуулдаг бүс нутгийн энхийг дэмжих ажиллагааны “Khan Quest” сургалт дадлагад 2011 оноос БНСВУ-ын цэргийн багийг оролцуулах, цэргийн эмнэлгийн байгууллагуудын хооронд холбоо тогтоож ажиллах, тус бүрийн батлан хамгаалахын  сургуулиудад цэргийн албан хаагчдаа харилцан сургах, спорт, урлаг, амрагчдын төлөөлөгчид солилцож байх зэрэг харилцааны хэлбэрүүдийг ажил хэрэг болгохоор тохиролцов. Батлан хамгаалахын сайд Л.Болд өчигдөр БНСВУ-ын Ерөнхийлөгч Нгүен Минь Чиетэд бараалхав. Энэ үеэр сайд Л.Болд БНСВУ-ын Ерөнхийлөгчид Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн мэндчилгээг уламжилж, түүний илгээлтийг гардуулж өгөв. Ерөнхийлөгч Нгүен Минь Чиет 2008 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар Монгол Улсад хийсэн айлчлалын үеэр яригдсан батлан хамгаалах салбарын уламжлалт харилцааг сэргээн хөгжүүлэх саналыг хоёр орны батлан хамгаалах сайд нар ажил хэрэг болгож, энэ талаар яриа хэлэлцээг амжилттай зохион байгуулж байгаад талархал илэрхийлэв. Мөн энэ нь Монгол Улсын Батлан хамгаалахын сайд анх удаа БНСВУ-д айлчилж буй тохиолдол учраас хоёр орны харилцаанд нэгэн шинэ хуудас нээж байгааг онцлов.
    
   

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж