Олон нийтийн зөвлөлтэй болов

Хуучирсан мэдээ: 2010.12.10-нд нийтлэгдсэн

Олон нийтийн зөвлөлтэй болов

Булган аймгийн  Засаг даргын дэргэд олон нийтийн зөвлөл байгуулан  ажиллуулж эхэллээ.

Нутгийн удирдлагын байгууллагын боловсруулан гаргах бодлого шийдвэрт олон нийтийн санаа бодлыг тусгах, баталсан шийдвэрийг иргэд, хэрэглэгчдэд сурталчлах, тэдний  хэрэгцээ шаардлагад хэрхэн нийцэж, хэрэгжилт нь ямар байгаад хяналт тавьж үнэлгээ хийхэд оролцоход үйл ажиллагаагаа чиглүүлэх энэ зөвлөлийг байгуулахын тулд аймгийн Засаг даргын тамгын газрын хууль зүйн хэлтсээс удаа дараа төсөл чиглэл гарган төрөл бүрийн хэлбэрээр удирдах бүрэлдэхүүн болон олон нийтийн санаа бодлыг авах зэргээр ихээхэн ажил хэрэгчээр ханджээ. Зөвлөл 19 хүний бүрэлдэхүүнтэй ажиллана. Тус зөвлөлийн гишүүдийн хурлаар Г.Лхагвасүрэнг даргаар, нарийн бичгийн даргаар Б.Пүрэвсүрэнг, тэргүүлэгчээр Д.Шарав, Ж.Алтансувд, Д.Санжаасүрэн нарыг сонгосон байна. Олон нийтийн зөвлөл саяхан хийсэн хурлаараа “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх дэд хөтөлбөр”, “Хүүхдэд зориулсан ажил үйлчилгээний нийтлэг журам”, “Өвс тэжээлийн нөөц бүрдүүлэх журам”-ыг урьдчилсан байдлаар танилцан санал бодлоо илэрхийлсэн байна. Тухайлбал, гэр бүлийн хүчирхийлэлийн талаар ул суурьтай судалгаа хийх,  энэ үйлдэлд өртөгсдийг хамгаалах байртай болох, архидалт гэр бүлийн хүчирхийллийн гол шалтгаан болж байгаад дүгнэлт хийх, хүүхдийн тоглоомын газруудын үйл ажиллагаанд сайтар хяналт тавьж тогтоосон журам, чиглэлийг зөрчсөн тохиолдолд үйл ажиллагааг шууд зогсоодог болох нь зүйтэй гэсэн бол урьд оны цас зуднаас сургамж авсны үндсэн дээр өвс тэжээлийн аюулгүйн нөөц бүрдүүлэх ажлыг оройтож эхэлсэн ч гэсэн шуурхай зохион байгуулж тодорхой үнэлгээний дагуу сумдад олгох хэрэгтэй гэж үзлээ. Зөвлөлийн гишүүд бүх шатны хурлын төлөөлөгч нартай уулзаж сонгогч иргэдтэйгээ хэрхэн ажилладаг, тэдний захиа даалгаврыг хэр зэрэг хэрэгжүүлж байгаа, юуг онцлон анхаарах талаар харилцан ярилцах санал гаргажээ. Тэд сар бүрийг эцсийн долоо хоногт хурлаа хийж байхаар тогтсон байна.

Ж.Мөнх-Очир
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж