-Засгийн газар Оюутолгойн Хувь нийлүүлэгчдийн гэрээг өөрчлөхөө мэдэгдлээ. Үүнд та ямар дүгнэлт өгөх вэ?
-Оюутолгойн гэрээг бүгдийг нь уншиж байж дүгнэлт өгч болно. Давуу эрхтэй хувьцааг тодорхой хугацааны дараа компани нь худалдаж авдаг. Хэрвээ компани эдийн засгийн алдагдалтай ажиллаж хувьцаагаа авч чадахгүй бол яах вэ гэсэн асуудал гарна. Тиймээс давуу эрхтэй хувьцааг авсан хүмүүс шийдвэр гаргах явцад оролцох магадлалтай. Тэгэхээр Монголын талын эзэмших 34 хувь хэвээрээ байх эсэх нь давуу эрхтэй хувьцааг худалдаж авах чадвартай юу, цаашид яах вэ гэдэг нь гэрээний заалтаас хамаарна. Ер нь Оюутолгойн гэрээнд Засгийн газар яаралтай засвар хийж байгаа нь анхны гэрээ алдаатай байсныг харуулж байна. Гэрээг батлах үед бид энэ тухай хэлж байсан. Оюутолгойн гэрээний ганц хоёр зүйл заалтыг биш бүхэлд нь эргэж харах ёстой. Энэ бол Монголын эдийн засгийн суурь болж байгаа гэрээ.
-Эргэж харна гэдэг нь УИХ уу, Засгийн газраас уу?
-Аль ч түвшинд эргэж харах ёстой. Тухайлбал, Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээ, Хувь нийлүүлэгчдийн гэрээ зөрж байгаа. Үүнийг эргэж хэлэлцэх ёстой.
-“Оюутолгой” компанийг зээлээр санхүүжүүлэхийг хөрөнгө оруулагч дэмжсэн гэсэн. Монгол Улс хөрөнгө оруулагчаас зээл авсан. Гэтэл хөрөнгө оруулагч өөр нэг компаниас зээл авах нь хэр оновчтой вэ?
-Том зээл авна гэдэг компанийн хувьд эрсдэлтэй. Гэхдээ энэ бол бизнест байдаг энгийн зүйл. Аль, алинд нь эрсдэл бий. Давуу эрхтэй хувьцаагаа зээл болгоно гэдэг компани ачааллаа нэмж байгаа хэрэг. Ер нь Монгол Улс маш их зээл авч уул уурхайд хөрөнгө оруулалт хийж байгаа нь эргэлзээтэй асуудал. Манай улс зээл авах биш, 34 хувь эзэмших ч биш, 100 хувь гадаадын хөрөнгө оруулалт байж ч болно. Хэрвээ бид татвараа зөв тооцвол хэний өмч байх нь чухал биш, ашгаа хүртэнэ. Монголын тал 34 хувь эзэмшсэнээр компанийн шийдвэрт нөлөөлөхгүй. Оюутолгой Монголын баялаг учраас Засгийн газар алтан хувьцаа авч компани удирдахад оролцож болох л байсан. Давуу эрхтэй хувьцаа юу, зээл үү, зээл нь эрсдэлтэй юү гэдгийг гэрээний нарийн заалтыг харж байж л дүгнэж болно.
-Тэгвэл гэрээ эхний шатандаа нууцын зэрэглэлд байсан гэдэг шүүмжлэл бий?
-Энэ хамгийн ноцтой асуудал болоод байна. Гэрээг нууцлах ямар ч шаардлага байхгүй. Ердөө л нэг уурхай шүү дээ. Тиймээс гэрээг 100 хувь нээлттэй болгох ёстой. Стратегийн бусад ордод Оюутолгойн гэрээ загвар болох учиртай. Энэ гэрээг дэлхий нийтэд ил болгож мэргэжилтнүүдийн санаа, оноог тусгах ёстой.
-Засгийн газар гэрээнийхээ алдааг засахаа мэдэгдлээ. Ингэснээр Оюутолгойг тойрсон маргаан эцэслэх үү?
-“Оюутолгой” компанийн асуудал эргэлзээтэй. Компани зардлаа бүрэн нөхөсний дараа Монголын талд 50 хувиа шилжүүлэх УИХ-ын тогтоол бий. Гэтэл Засгийн газар энэ тогтоолыг зөрчөөд гэрээ байгуулчихсан. Тиймээс УИХ-аас гаргасан тогтоолыг Засгийн газар хэрэгжүүлээгүй маргаан үргэлж байна.
Б.ЦЭЦЭГДЭЛГЭР
"Улс төрийн тойм" сонин