
Зэсийн үнийн өсөлттэй холбогдуулан улсын төсөвт энэ онд хэчнээн төгрөгийг төвлөрүүлснийг Татварын ерөнхий газрын Татвар хураалтын хэлтсийн Улсын ахлах байцаагч О.Алтанхоролоос тодрууллаа.
-Зэсийн үнэ нэлээд өсч байна. Үүнийг дагаад төсөвт орох орлого нь ч нэмэгдсэн. Өмнөх жилүүдтэй харьцуулахад хэдэн хувиар өссөн байна?
-Зэсээс орж ирсэн нийт татвар энэ онд 464.8 тэрбум төгрөг болсон. Харин 2009 онд 196.7 тэрбум төгрөг байсан. Бүх татвар ороод шүү дээ. Өөрөөр хэлбэл аж ахуй нэгжийн орлогын албан татвар, нөөцийн төлбөр, зэсийн үнийн өсөлтийн татвар зэргийг хамруулаад ийм өсөлт, дүн ажиглагдсан. Харин зэсийн үнийн өсөлтийн татварын хувьд 2009 онд 137.5 тэрбум төгрөг төсөвт орж байсан. Харин энэ онд өндөр өсөлттэй байгаагаас үүдэн 350 тэрбум буюу 212.2 тэрбум төгрөгөөр давсан байна.
-Харин роялти хэчнээн хэмжээний орлогыг төсөвт оруулав?
-Ашигт малтмалын нөөцийн төлбөрийн хувьд зэсээс орж байгаа нь энэ оны байдлаар 61.4 тэрбум төгрөгийг төвлөрүүлсэн. Харин өнгөрсөн онд 36.7 тэрбум төгрөг байсан. Ер нь бүх л татварын хувьд өсөлт ажиглагдаж байна.
Т.ЕСӨН-ЭРДЭНЭ

"Улс төрийн тойм" сонин