Ц.Ням-Осор: МҮХАҮТ-ынханд өөрийн ажлаа л хий гэж хэлье

Хуучирсан мэдээ: 2010.12.10-нд нийтлэгдсэн

Ц.Ням-Осор: МҮХАҮТ-ынханд өөрийн ажлаа л хий гэж хэлье

Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим “Жижиг, дунд үйлдвэрийн газраас олгож байгаа зээл эзэндээ хүрч чадахгүй байгаа учир энэхүү газрыг татан буулгаж, зээл олгох эрхийг МҮХАҮТ-д шилжүүлэх” санал гаргасан. Энэхүү саналынхаа хүрээнд “Жижиг, дунд бизнесийг дэмжих сан” байгуулахаар бизнесмэнүүдтэй хэлэлцээр хийж эхэлж буйгаа МҮХАҮТ-ын дарга С.Дэмбэрэл хэлж байсан. МҮХАҮТ-аас жижиг, дунд бизнесийг дэмжих хөнгөлөлттэй зээлийн хэмжээг нэмэгдүүлэхийн тулд бизнес эрхлэгчдээс мөнгө татан төвлөрүүлсний үндсэн дээр зээл хэрэгтэй байгаа эзэнд нь хүссэн хэмжээнийх нь зээлийг өгч, орхигдоод байгаа бичил бизнес эрхлэгчдийг дэмжин ажиллах эрхийг авахаар  тэд хөөцөлдөж байгаа.

Харин энэхүү асуудалд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Жи­жиг, дунд үйлдвэрийн газрын дарга Ц.Ням-Осор ямар байр суурьтай бай­гааг сонирхсон юм.

-МҮХАҮТ-аас танай газрыг та­тан буулгах хэрэгтэй гэсэн санал гар­гаж, жижиг, дунд бизнесийн сан байгуулах гэж байна. Танай агентлаг үнэхээр аж­лаа хийж чадахгүй байгаа юм уу?

-МҮХАҮТ-ыг өөрсдийн ажлаа хий л гэж хэлмээр байгаа юм. МҮХАҮТ-аас одоо болтол “Энержи ресурс” ХХК-ийн дайтай бодлого гаргаж, гишүүн компаниудаасаа олон улсын зах зээлд гаргасан тохиолдол гараагүй байна шүү дээ. Жил бүр л топ аж ахуйн гэж шалгаруулдаг. Энэ топуудаа дэлхийн зах зээлд гаргах нь МҮХАҮТ-ын бодлого. Өнөөдөр Монголд гадаадын хөрөнгө оруулалттай томоохон өрсөлдөгчид бий болж байгаагаас бус дотоодын компаниуд нэгдээд  Монгол Улсын ирээдүйн баталгааг бий болгож байгаа зүйл алга байна. ЖДҮ-ийн бодлого байхгүй байсан үед хэн ч энэ тухай яриагүй байж өнгөрсөн долдугаар сараас эхлээд төрийн агентлаг болоод ажил хийж эхлэхээр ийн ярих хэрэггүй болов уу. Өнгөрсөн оны хувьд бидний хийсэн ажилд ганц нэг алдаа бий. Харин энэ жил бид зээлийн эрх мэдлийг бүгдийг нь орон нутагт өгч, зөвхөн хяналт тавьж ажиллаж байгаа. Орон нутагт жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэхэд энэ их түлхэц болж байгаа. Учир нь орон нутгийн удирдлагууд хүмүүсээ мэднэ, хүрч чадна шүү дээ.

-Өнгөрсөн жил олгосон хөнгө­лөлттэй зээл үйлдвэрлэл хөгжүү­лэхийн оронд Эрээнд хөрөнгө оруу­лалт хийсэн гээд байгаа шүү дээ?

-Үгүй. Худалдаа үйлчилгээнд зур­гаа, ахуйн үйлчилгээнд найм, барилгад 11, хөнгөн үйлдвэрийн салбарт  20, хүнсний салбарт 18, хөдөө аж ахуйн салбарт 20 хувийг өгсөн. Тэгэхээр энэ худлаа болж таарч байгаа. Тоо баримт нь ч бий.

-Жижиг дунд үйлдвэрийн газар бичил бизнес эрхлэгчдийг орхиг­дуулдаг гээд байгаа?

-ЖДҮ-ийн хуульд үйлдвэрлэл эрхлэгчид рүүгээ хандаад бичил бизнесийг орхисон байдаг ч энэ хоёр жилд төрөөс өгсөн 60 тэрбум, бусад зах зээлээс санхүүжсэн 30 тэрбум, төсөл хөтөлбөрөөс олсон 40 гаруй тэрбум төгрөгийг олгохдоо бизнес эрхлэгчдийн алийг нь ч ялгаагүй. Гэхдээ бичил бизнесийг дэмжихэд төрийн бүтэц хүндрэл учруулж байгаа. Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих хөрөнгийн гадны зээл тусламжийг Сангийн яам, төрөөс төсөвлөж байгааг ЖДҮГ хариуцаж байгаа. Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яамны Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан бичил бизнесийг дэмжих хөрөнгийг хариуцдаг. Гэтэл зээл авах гэж байгаа хүмүүс нь ЖДҮ-ийг дэмжих сан, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан гээд хаанаас ч зээл авах эрхтэй болчихоод байгаа нь өөрөө замбараагүй байдал үүсгээд байгаа юм. Энэ ажил үүргийн  хуваарийг ялгахгүй байгаа болохоор л ийм асуудал үүсгээд байгаа байх.  Тиймээс энэ системийг цэгцлэх хэрэгтэй.

-Ирэх жил жижиг, дунд үйлд­вэрийг дэмжих сангийн хөрөнгө нэмэгдэх төлөвтэй байгаа. Энэ хө­рөнгийг хэрхэн үр өгөөжтэй зар­цуулах гэж байна?

-Одоохондоо салбарын сайдтай ярилцаагүй ч хоёр санал гаргасан. Нэгдүгээрт, орон нутгийн хүн амын тоо, байршил, өнгөрсөн жилийн зээлийн үр дүнг харгалзан үзэж хуваарилж байгаа хөрөнгийн хэмжээг өөр өөр болгох хэрэгтэй. Хоёрдугаарт, аймаг болон бүсийн чанартай үйлдвэрүүдийг дэмжих хэрэгтэй. Өнгөрсөн жилийн 60 тэрбум төгрөгийн зээлийн талыг энэ чиглэлд зээлүүлсэн нь үр дүнтэй байгаа.  Харин ирэх жил энэ чиглэлээр мөнгө хуваарилагдаагүй байгаа. Тэгвэл японоос ирэх хоёр үе шаттай зээл болох 75 тэрбум төгрөгийг энэ чиглэлд зарцуулах хэрэгтэй гэсэн саналыг гаргаж байгаа. Үүнийг Сангийн яам биш салбар хоорондын комисс байгуулаад шийдчих хэрэгтэй байгаа юм.

Р.САРАНГОО

Зохиогчийн эрх:
 "Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж