Хоёр нүүртэй байх гоё ч юм уу

Хуучирсан мэдээ: 2010.12.10-нд нийтлэгдсэн

Хоёр нүүртэй байх гоё ч юм уу

Уг нь хүн хоёр нүүр гаргах хамгийн муухай гэдэг. Бидний өвөө эмээ, эцэг эх “Хоёр нүүртэй байх муухай шүү. Битгий хоёр нүүр, олон зан гаргаж байгаарай…” гээд л захидаг байсан санагдах юм. Бид ч тийм зан чанарт суралцахыг хэрэндээ хичээдэг байсан. Харин одоо цагт бол тэр талаар бодоод ч хэрэг алга. Хүн бүр л хоёр нүүртэй болж. Бүр орчин үеийн эрх танхи хүүхдүүд биш, олон түмний итгэлийг хүлээсэн эр­хэм төрийн түшээд хоёр нүүр гээчийг жинхэнэ утгаар нь үзүүлэх боллоо. Энэ сайд, дарга нарыг хар л даа. Тө­рийнхөө ордонд түмнийхээ нүдэн дээр бүгдээрээ бөөгнөрч сууж байгаад л баахан хууль дүрэм, гэрээ хэлцэл баталдаг. Зарим асуудалд бүгд 100 хувь санал нийлэхгүй ч олонхийн саналаар шийдсэн л бол хууль хэмээн хүлээн зөвшөөрөх учиртай. Энэ бол ардчиллын зарчим. Гэтэл байдаггүй шүү. Нэг өдөр бүгдээрээ нийлж нэг хууль баталчихаад маргааш нь өөр, өөр газар хэсэг бүлгээрээ цуглаад өөрсдийнхөө ба­талсан хуулийг үгүйсгэж эхэлнэ. Манайд телевизийн олон суваг гардгийг ч хэлэх үү, суваг болгон дээр л тав арван гишүүн суучихсан өдөр бүр бурж байх юм. Өөрсдөө зөв гэж дэмжээд байсан зүйлээ буруу гэнэ. Өрөөл бусдын буруу шийдвэрийг зөв гэж өмгөөлнө. Наад захын жишээ л гэхэд Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ байна. Бараг бүгд л хүлээн зөвшөөрөөд баталсан биз дээ. Харин одоо яаж байна. Эрхэм гишүүд чуулганы танхимд чангахан үг хэлж чадахгүй байж телевизийн сувгаар тэнхээ мэдэн хаш­гирч байна. Өөрсдийнхөө гар­гасан шийд­вэрийн араас “Буруу болсон, луйвар бол­сон…” гээд л орилоод байгааг ер нь юу ч гэмээр юм. Нэг бодлын гоё ч юм уу. Хүн болгон ийм хоёр нүүртэй байвал ямар ч муу юм болсон хариуцлага хүлээх хүн ол­дохгүй. Нэг бол бүгдээрээ буруутай, эс бол бүгдийнх нь зөв гээд л гүрийчихнэ. Ер нь хэзээд хоёр нүүртэй байж, хэн хэнийгээ аварч байсан нь дээр юм байна даа.

Ч.ДАШДЭЛЭГ

Зохиогчийн эрх:
 "Улс төрийн тойм" сонин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж