Цэцэрлэгүүдийн тоглоомыг шинэчилнэ

Хуучирсан мэдээ: 2010.12.10-нд нийтлэгдсэн

Цэцэрлэгүүдийн тоглоомыг шинэчилнэ

Сургуулийн өмнөх насны хүүхдүүдийн сурч боловсрох орчин болсон цэцэрлэгүүдэд тоглоомыг сайжруулах, шинэчлэх төслийн санамж бичигт өчигдөр гарын үсэг зурлаа. Монголын оюутны холбоо, Монголын скаутын холбооноос санаачлан хэрэгжүүлэх “Тоглоомын гүүр” төслийн санамж бичигт БСШУ-ы сайд Ё.Отгонбаяр, МОХ-ны ерөнхийлөгч Ч.Ганхуяг, МСХ-ны гүйцэтгэх захирал н.Баяржаргал нар гарын үсэг зурах ёслолд оролцлоо. Байгаль орчин, хүүхдийн эрүүл мэндэд нөлөөлөх, оюун ухаан, танин мэдэхүйг хөгжүүлэх зэрэг стандарт шалгуурыг хангасан тоглоом нийлүүлэх саналыг www.toybridje.mn сайтад байршуулж байгаа аж. Уг төслийг энэ сараас эхлэн ирэх оны хоёрдугаар сар хүртэлх хугацаанд хэрэгжүүлэх гэнэ. Төслийн хүрээнд эхний ээлжинд Булган аймгийн Бугат сум, Хөвсгөл аймгийн нэг сум, Улаанбаатар хотын алслагдсан дүүргээс нэг цэцэрлэг сонгон хэрэгжүүлэх бөгөөд 60-80 цэцэрлэгийн тоглоомыг бүрэн шинэчлэх гэнэ. Төслийн үр дүн, хөрөнгө оруулалтын талаар БСШУ-ы сайд Ё.Отгонбаяраас тодрууллаа.

-Цэцэрлэгийн тоглоомыг шинэчлэх төслийн үр дүнгийн талаар?

-Төсөв хөрөнгө хомстой холбоотойгоор барилга обьектийг шинэчлэх, засварлах зэрэгт хөрөнгө оруулалт хийж байснаас биш, хүүхдийн оюуныг хөгжүүлэх тал дээр сүүлийн үед огт хөрөнгө оруулалт хийгдээгүй нь үнэн. Тиймээс өнөөдрийн “Тоглоомын гүүр” төслийг хэрэгжүүлэх болсон нь үнэхээр ач холбогдолтой. Мөн үүнтэй холбоотойгоор удахгүй аймаг орон нутгийн 30 гаруй цэцэрлэгт манай үндэсний үйлдвэрлэгч нэгэн аж ахуйн нэгж оюун ухааныг хөгжүүлэх уламжлалт оньсон, угсардаг тоглоомыг нийлүүлэх гэж байгаа.

-БСШУЯ-наас энэ төслийн хэрэгжүүлэхэд хичнээн хэмжээний хөрөнгө оруулалт хийх вэ?

-Яамны зүгээс үйл ажиллагааны болоод зохион байгуулалтын зардалд нь зориулаад долоон сая төгрөг зарцуулах юм. Төслийн Монголын оюутны холбоо, Монголын скаутын холбоо ерөнхийдөө зохион байгуулан, эцсийн шатанд ойролцоогоор 100-130 сая, төрийн болоод төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжүүдийн дэмжлэгийг сайн авч чадвал түүнээс ч илүү хөрөнгө оруулалтаар бяцхан хүүхдүүдийнхээ оюун ухааныг хөгжүүлэх тоглоомыг шинэчилж болох юм.

П.Дэлгэр

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж