Угаартсан хүнийг аварчээ

Хуучирсан мэдээ: 2010.12.10-нд нийтлэгдсэн

Угаартсан хүнийг аварчээ

Нийслэлийн аврах гал унтраах ангиудад өчигдөр иргэдээс гал түймрийн гурван дуудлага ирүүлжээ.  Тухайлбал, Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо буюу Да хүрээ зах явдаг замын дагуух “Дөл” ХХК-ийн нийтийн баамын гуравдугаар байранд иргэн С-гийн 4х6 метрийн хэмжээтэй өрөөний дээврийн хэсэг шатаж байсныг унтраажээ. Сонгинохайрхан дүүргийн дөрөвдүгээр хорооны Их нарангийн 32 дугаар гудамжинд 7х8 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг мөн унтраасан байна. Мөн Хан-Уул дүүргийн хоёрдугаар хорооны Хивсний 33 дугаар байранд утаа гарч байна гэсэн дуудлага  00:41 цагт иргэдээс ирүүлжээ.  Аврах гал унтраах 14 дүгээр ангийн тасгийг очиход иргэн Э-гын гэрт цахилгаан зуухан дээр савтай эд зүйл залгаатай орхисноос утаа гарч байсныг аюулгүй болгожээ. Энэ үеэр уг гэрт 32 настай эрэгтэй Э угаартсан байсныг олж, эмнэлгийн анхны тусламж үзүүлэн утаажилтын бүсээс гаргаж амийг нь  аварчээ.

Дашрамд дурьдахад, он гарсаар нийслэлийн хэмжээнд обьектын гал түймрийн 1656 дуудлага ирүүлснээс гэр, байшин, хашаа шатсан дуудлага ихэнх хувийг нь эзэлж байна. гал гарч буй шалтгаан нөхцөлийн хувьд ихэвчлэн хүний санамсар, болгоомжгүй үйлдлээс үүдэн гарч байна. Иймд гал түймрийн аюулаас амь нас, эд хөрөнгөө хамгаалж, сонор сэрэмжтэй байхыг  Нийслэлийн Онцгой байдлын газраас анхаарууллаа.

П.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж