Банкны хямрал нэгдсэн европыг үгүй хиж магадгүй

Хуучирсан мэдээ: 2010.12.10-нд нийтлэгдсэн

Банкны хямрал нэгдсэн европыг үгүй хиж магадгүй

Банкны салбар Европын эмзэг сэдэв боллоо. Өнгөрсөн зун Европын холбоо банкуудаа стресс тестэд оруулж, албаны төлөөлөгчид нь “Энэ удаагийнх урьд хожид байгаагүй  хатуу шалгууртай” хэмээн онцолж байсан. Банкуудын үндсэн хөрөнгийн хэмжээг нэгдүгээрт авч үзэж байсан уг стресс тестийг Ирландын банкууд дажгүй даваад гарчихсан. Европын 91 банкнаас ердөө долоо нь шалгалтад тэнцээгүй юм. “Бүс нутгийн банкны систем эрүүл байна” гэж Европын холбоо бардам дуугарч билээ. Гэтэл өнөөдөр ирландчуудаар тогтохгүй Евро бүсийнхэн тэр чигээрээ санхүүгийн тогтолцоондоо санаа зовинож эхэллээ. Тиймээс өмнөхтэйгээ харьцуулахад илүү хатуу шалгуур бүхий стресс тестийн хоёр дахь хувилбарыг явуулахаар болжээ. Хоёр дахь тестийн гол шалгуур нь банкуудын хадгаламж, зээлийн харьцаанд түлхүү анхаарах бололтой.

Европын холбоо, Олон улсын валютын сан хамтран өнгөрсөн сард Ирландын Засгийн газарт 67.5 тэрбум еврогийн санхүүгийн тус­ламж үзүүлэхээр болсон. Үүний нэлээд хувийг банк­ны салбарын тогтвортой байд­лыг хангахад  зарцуулна гэж тус улсын бодлого бо­ловсруулагчид төлөвлөж бай­на. Үүнээс Ирландын банк­ны тогтолцоо яг ямар бай­далтай байна вэ гэдгийг ойл­гох хэрэгтэй юм. Дэлхийн санхүүгийн хямрал 2008 онд эхлэх үед үл хөдлөх хө­рөнгийн үнэ хоёр дахин буур­сан. Энэ нь банкны салбарт хамгийн их нөлөөлж, чанаргүй зээл олголтоос болж цөөнгүй банк, санхүүгийн байгууллага дампуурсан билээ. Тухайн үед Ирландын Засгийн газар тэдний заримыг мэдэлдээ авч, баталгаа гарган санхүүгийн тусламж үзүүлжээ. Гэсэн ч чанаргүй зээлийн хэмжээ хэтэрхий их байснаас нөх­цөл байдал өдийг хүртэл дээрдээгүй байна. Түүгээр ч үл барам энэ нь Ирландын хэдэн жилийн төсвөөс ч давжээ. Одоогийн байдлаар тус улсын төсвийн алдагдал дайны үеийнх шиг хэмжээнд хүрч, дотоодын нийт бү­тээгдэхүүний 32 хувьтай тэн­цэж байна. Хөрөнгө оруу­лагчид Ирландын Засгийн газрын баталгаанд итгэхээ больж, банкуудаас мөнгөө татсанаар асуудал улам даам­жирчээ. Ингээд хямарч эх­лэв. Зарим шинжээчийн но­толж байгаагаар Ирландын банкны өнөөдрийн хямрал үл хөдлөх хөрөнгийн үнээс цэвэр хамаарсан дотоод шалтгаантай юм. Гэхдээ бүс нутгийнхаа хөршүүдэд үзүүлэх нөлөө  нь нэлээд их. Учир  нь хямралын үед Ирландын Засгийн газрын баталгаанд найдаж Европын томоохон банкууд тус улсын санхүүгийн байгууллагуудад их хэмжээний зээл олгосон. Гэтэл өнөөдөр түүнийгээ эргэн төлөх чадвар нь суларсаар байна.

Дээрх хямрал Испани, Португальд ч мөн адил дав­тагдах аюултай болсон. Испа­нийн банкууд Засгийн газрын тусламжийн сангийн хөрөнгө оруулалтаар хямралын үеийг давсан. Цаашлаад Европын томоохон банкуудаас ч зээл авсан. Тэд Ирландын гиш­гэсэн мөрөөр явсаар эцэст нь өрөө төлж чадахаа болив бололтой. Португалийн Сан­гийн сайд Фернандо Тейкейра дос Сантос саяхан гаргасан мэдэгдэлдээ тус улсын сан­хүүгийн тогтолцоо нэлээд тааруухан дүр төрхтэй байгааг онцолсон юм.

Өнгөрсөн хаврын дуу­лианы гол эзэн байсан Грекийн санхүүгийн тогтол­цоо өнөөдрийг хүртэл олиг­той сэхэл авч чадаагүй бо­лолтой. Тус улсын төсвийн алдагдал 2009 онд дотоодын нийт бүтээгдэхүүний 15.4 хувьтай тэнцэж байсан. Ха­рин өнгөрсөн гуравдугаар сард санхүүгийн тусламж авах тухай хэлэлцэж байх үед гадаад өр нь дотоодын нийт бүтээгдэхүүний 120 хувь болсон байлаа. “Ройтерс” агент­лагийн мэдээлснээр энэ оны эцэс гэхэд гадаад өр 133 хувьд хүрэх бололтой.

Европын жижиг орнуудтай харьцуулахад Герман зэрэг цөөн улсын санхүүгийн тог­толцоо харьцангуй тогт­вортой байгаа. Гэхдээ евро гэдэг ганц мөнгөн тэмдэгт хэрэглэж, нэг бүс нутгийн нэршилтэй болсноос хойш банкны тогтолцоо нь бү­хэлдээ нэг нэгнээсээ ха­маар­сан. Үүний хар гайгаар дэлхийн санхүүгийн хоёр дахь хямралыг Европын жижиг орнууд эхлүүлэх вий гэх болгоомжлол хөрөнгө оруулагчдын дунд газар авч байна. АНУ-ын “Lehman Brothers”, “AIG”, “Голдман Сакс”-ийн уналт дэлхийн эдийн засагт аюул авчирсан шиг үр дүнд хүрч магадгүй л юм. Зөвхөн өнгөрсөн долоо хоногт л гэхэд Ирланд, Грек, Испани, Португалийн санхүүгийн тог­толцоо тогтворгүй байгаа  гэх мэдээллээс болж АНУ-ын “Dow Jones” индекс 200 нэгжээр буурсан юм. Өөрөөр хэлбэл, банкны салбар нь харьцангуй эрүүлд тооцогдож байгаа Их Британи, Бельги, Италид удахгүй нөлөөлж эхлэх магадлалтай гэдгийг зарим шинжээч онцолж байна.Зөвхөн хямраад зогсохгүй Европын холбоо гэх нэгдсэн статусыг үгүй хийж болох юм. Чухам хэдий хүртэл Германы татвар төлөгчид бүхэл бүтэн бүс нутгийн эдийн засаг, санхүүгийн тог­толцоог нуруундаа үүрч тэсэхийг таахад хэцүү. Гэхдээ тус улсын Канцлер Ангела Меркел “Евро бүс үгүй болбол Европ сүйрнэ” хэмээн анхааруулж байсан. Тиймээс нэгдсэн Европ байгуулах гэсэн мөрөөдлөө тус бүс нутгийн удирдагчид тийм ч хялбар орхихгүй бололтой. Ингэснээр тэд улс орнуудын төсвийн зардлыг бүр ихээр танаж, банкны салбарынханд тавих хяналтыг улам чангатгах нь дамжиггүй. Кенсийн онолоор бол эдийн засаг дахь төрийн оролцоо гэж чухам үүнийг л хэлдэг.

Т.ЭЛИСА

Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж