Амьдралдаа хаа хүрэхээс илүү хаана амьдрах ёстой вэ гэсэн эрэлд хатаж явсан тэр цагийн залуус өдгөө хэн болчихсон явна вэ.
Эрх чөлөөний тугийг өргөж, энэ цаг үеийнхээ эзэн нь байх эрхтэй монгол хүн бүрийн үнэт зүйл байх ёстой тэгш эрх, шударга ёс, хүнлэг энэрэнгүй нийгмийн тунхаглал өнөөдөр хэрэгжиж байна уу. Нэг ёсны монголчууд бид жинхэнэ утгаараа ардчилсан Монгол Улсын иргэн мөн үү гэдэгт цаг үргэлж бодит хариултыг нь эрэлхийлэх ёстой ч 20 жилийн төрсөн өдрийнх нь баяр дээр бүр чангаар дуугарах ёстой санагдана.
Учир нь бид ардчилсан Монгол Улсын иргэн гэдэг итгэл үнэмшил, үнэт зүйлээ хамгаалах эрхтэй. Энэхүү итгэл үнэмшил, үнэт зүйлээ цөөнхийн ашиг сонирхлын хөтөлгөө морь, номхон хонь болгож хувиргавал цаашид энд хэн хүн шиг ажиллаж, амьдрах нь ердөө тэд гэсэн хариултыг өгч буй. Мэдээж тэд гэдэг нь эрх баригчид хийгээд туслах дүрийн үүрэг гүйцэтгэх дуртай улстөрчид. Бас эзэрхийллийн хэнээрхэлд хөтлөгдсөн нэг эрх ашгийн төлөө улс төрийг удирдаж буй бизнес эрхлэгчид. Гэхдээ ингэж хэлснээр ардчилсан нийгмийн мөн чанарыг зөрчиж бусдыг хөрөнгөтэй, бэлтэй байхыг буруушааж буй хэрэг биш юм.
Гагцхүү төрийн бодлогыг зөвхөн УИХ тодорхойлдог ч үр дүнг нь ард олон тэгш боломж хүртэх ёстой гэсэн эрх нь өөрөө ардчилсан нийгмийн мөн чанар учраас тэр. Урагшаа тэмүүлж буй нийгмийн хөгжлөөс бид иргэд хувийн өмчтэй, хувийн эрх ашигтай, хувийн хүсэл зориг, мөрөөдөлтэй байхыг олж харахыг хүсдэг. Түүнийгээ хүртэхийг бүр ихээр хүсдэг. Гэтэл өнөөгийн ардчилсан Монгол Улсын хязгаар нутаг, хилийн зурвас, Төрийн ордон, Сүхбаатарын талбай гээд өнцөг булан бүрт коммунист уриа хадаж, эрх чөлөөний тухай ойлголт, хувь хүний мөн чанарын тухай чөлөөт сэтгэлгээ аль хэдийнэ ганцаар тодрох ашиг сонирхолд булингартах болсныг та бид бэлхнээ харж байна.
Улс төрд социалист талархал идэвхжиж, төрд төвлөрсөн эрх мэдлийн төлөөх сэтгэлгээ нь олон ургальч үзэл гэдгээр тодорхойлогддог хэрүүл төдийхнөөр хэрэгжиж буй. Хэн нэгэн хүн л дарга байх ёстой юм бол тэр нь зөвхөн би байх ёстой гэсэн төрийн удирдлагын сэтгэлгээг жинхэнэ утгаараа ардчилсан нийгмийн мөн чанар гэж үзвэл үүн шиг эндүүрэл олдохгүй биз. Цаашилбал, иргэн бүрийг өөрөө өөрийгөө тэжээж, тэтгэх ёстой өрсөлдөөний зарчмаас хазайлгаж, нуруугаа авахуулсан морь мэт “Төрийн сүлд ивээг” гэх хачин утгагүй сүжиг, сүсгээр цатгахыг хүсч байна. Энэ нь өөрөө ардчилсан төрийн үүрэх ёстой үүрэг хариуцлага гэдгээс өөрийг бодохоо байсан өлсгөлөн иргэд олшроход хүргэсэн. Тэд үүнийхээ төлөөсөнд өлсгөлөн “барс”-ын дайралтыг тогтоон барих чадваргүй болох вий гэж огтхон ч айхгүй байгаа. Ардчилсан нийгмийг социализм руу ухрааж, ийн гажуудахын шалтгаан нь тэгвэл юу вэ. Нөгөө л эрх мэдэл. Өнгөрсөн 20 жилийн турш хаанчилсан эрх мэдлээ тахин шүтүүлэх. Шинээр эрх мэдлийн амтыг амтлагсад нь амталгаат худалдаа төдийхнөөр өөрсдийн эрх ашгийг тодорхойлохыг хүсэхгүй байгаа. Нийгэм ийн тэдний хүслээр урагшилж нэг, ухарч нэг тоглож байна. Ардчилсан намын “Монголчууд аа, та нарт бид хувийн өмч өгсөн нь үнэн биз дээ” гэдэг тэр бахархалт ухуулга, Монгол Ардын намын “Тухайн үед манай намын удирдлага зөв шийдвэр гаргаагүй бол, Улс төрийн товчоо огцроогүй бол ардчиллыг тайван замаар хийж чадахгүй байх байсан” гэх оноо нэмэх хүсэлтэй тайлбар үнэн үү гэвэл үнэн. Гэхдээ хойшид цаг үргэлж 1989 оны дурсамжаар тэд нэр төрөө хамгаална гэвэл үүн шиг худлаа зүйл үгүй.
Ардчилсан нийгмийн мөн чанарыг улстөрчдийн олон санаа бүхий хэрүүл маргаанаас бус ард олны амьдралаас олж хардаг байвал бид өнөөдөр анхдагчдын төлөө хундага тулгаж, ерөөл өргөн ертөнцийн хамгийн мундаг баатар энэ тэрээр өргөмжилж болох л байх. Гэвч бодит байдал дээр Монголын ардчилал гажуудсан гэдгийг нотлох баримт, бодит үнэн хангалттай олон байгаа энэ үед “Ардчиллыг хамгаалах ёстой” гэсэн итгэл үнэмшлээ гээж орхиогүй хүмүүст нь харин талархал илэрхийлэх хэрэгтэй санагдана. Түүнээс бус ардчиллыг өмчилсөн, хувийн карьерын тулах цэг болгосон цөөхөн хэдэн лидерийг магадгүй энэ цаг үеэс эхэлж моодноос гаргах ёстой байж болох.
Ардчиллын гол тулах цэг нь ард олны тэгш эрх, эрх чөлөө байх ёстой болохоос бус парламентаас суудал авахын төлөө зөв хүн болж эрүүлээр хөлчүүрхсэн цөөхөн хэдэн улстөрчийн цаана нуугдах баталгаа биш шүү дээ. Иргэн бүр амьдралынхаа төлөө тэмцэх ёстой гэж уриалчихаад тэмцэх зам дээр нь хаалт босгож, “Ардчилалд бас алдаа байдаг юм” гэдгийг нотлохыг хүсэх эрх тэдэнд хэн ч өгөөгүй нь ойлгомжтой. Ийм нөхцөлд иргэд ардчилал бол төрөө сонгодог энэ шударга зарчимд л оршино гэсэн өчүүхэн сонирхол бүхий тайлбарт итгэж он жилийн туулахгүй нь тодорхой. Нэг ёсны Монголын ардчилал 20 нас хүрсэн юм бол, эрийн цээнд хүрсэн юм бол цаашид ардчиллын өвчнийг анагаах цаг ирснийг ядаж ойлгоно гэж найдъя. Иймд “Ардчилалд ганц баатар байдаггүй. Харин ардчилалд ард түмэн бултаараа баатар байдаг” гэсэн логик дүгнэлтийг сануулахад илүүдэхгүй биз ээ. Энэ нь ардчилалд хүн бүр гол дүр байж, ардчиллын ашиг тусыг хүртэх эрхтэй байдаг гэдгээр дээрх хэлц тайлбарлагдаж буйг ядаж ойлгоно гэж найдъя. Мэдээж ардчиллыг өмчлөгчид хийгээд ардчиллыг айхгүйгээр хувиргагчид ядаж ардчиллын 20 насны босгон дээр ч болов үүнийг ойлгох хэрэгтэй байх.
Г.ОТГОНЖАРГАЛ
"Улс төрийн тойм" сонин