
“Азийн орнуудын хувьд боловсрол дахь соёлын нөлөө, багш нарын чанарыг сайжруулахад их хэмжээний хөрөнгө оруулалт хийдэг, өрхийн орлогоос үл хамааран иргэд боловсролд илүү их мөнгө зарцуулдгийн үр дүн нь энэ. Эдгээр орнууд маш хурдацтай хөгжиж байна” хэмээн судалгааг ахалсан Андреас Шлейчер хэлж байна.
Шанхайн боловсролын систем ингэж сайжирсан явдал нь Засгийн газрын бодлоготой холбоотой юм. Элитүүдэд зориулсан “гол сургуулиуд” болон “потенциаль сайтай оюутан, сурагчдын систем”-ийг халсан нь маш их дэмжлэг болсон гэнэ. Хятад улс мөн багш нарын цалинг нэмэгдүүлж, тэдний стандартыг сайжруулахын сацуу “цээжилдэг” сургалтын системийг багасгасан байна. Түүнчлэн оюутнууд болон орон нутгийн эрх баригчдад сургалтын төлөвлөгөөгөө өөрөө зохиох боломжийг бүрдүүлсэн байна.
Шанхай бол суурь болон ерөнхий боловсролын олон улсын стандартыг хангасан БНХАУ-ын анхны хот юм. Улсын хэмжээнд коллежийн насны нийт сурагчдын 24 хувь нь дээд сургуульд суралцдаг бол Шанхайд энэ үзүүлэлт 80 хувьтай байдаг. Мөн Хонгконг ч маш сайн үзүүлэлттэй байгаа аж.
Олон улсын эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага улс орнуудын боловсролын чанарын төвшинг тогтоох шалгалтыг 2000 оноос эхлэн гурван жилд нэг удаа авдаг. Харин 2009 оны шалгалтанд дэлхийн 65 орны нийт 470 мянган сурагч, оюутан хамрагдсан байна. Мөн тухайн улсыг ерөнхийд нь болон хэсэгчилсэн байдлаар тайлан гаргажээ. АНУ-ын 165 төрийн болон хувийн сургуулийн 5233 сурагч энэхүү хоёр цагийн шалгалтыг өгсөн байна.
Шанхайн 15 настай сурагчид 1000 оноотой математикийн шалгалтад дунджаар 600 оноо, Сингапурынх 562, Хонгконг 555, Өмнөд Солонгос 546 оноо авсан бол америкчууд 487 оноо авсан байна. Азийн эдгээр орнууд мөн шинжлэх ухаан, уншлагын шалгалтуудад АНУ-ын сурагчдаас илүү оноо авчээ.
Энэ шалгалтанд Монгол улс хамрагдаагүй байна.