Б.Хурцыг үргэлжлүүлэн хорино

Хуучирсан мэдээ: 2010.12.10-нд нийтлэгдсэн

Б.Хурцыг үргэлжлүүлэн хорино

ҮАБЗ-ийн Ажлын албаны дарга Б.Хурцад холбогдох бэлтгэл шүүх хурал уржигдар болсон билээ. Уг хуралд Монгол Улсаас төлөөлөл оролцоогүй харин  өмгөөлөгч Алан Жонс оролцсон байна. Их Британийн Хитроу нисэх онгоцны буудлаас есдүгээр сарын 17-ны өдөр тусгай албаныханд баривчилагдсан Б.Хурцын шүүх хурал өнгөрсөн арваннэгдүгээр сарын 15-ны өдөр товлогдсон ч  шүүх хурал ирэх он  хүртэл хойшилсон. Тухайн үед Б.Хурцын шүүх хуралд  Гадаад харил­цааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Цогтбаатар, Хуульзүй дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Баясгалан, Тусгай үүрэг гүйцэтгэгч Ц.Болор Монгол Улсаас тус улсад сууга Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Б.Алтангэрэл, ЭСЯ-ны Зөв­лөх Н.Батаа нар Монголын талыг төлөөлж оролцсон билээ. Уг шүүх хуралд өмгөөлөгчөөр Алан Жонс оролцсон тухай өмнө нь бид мэдээлсэн. Харин уржигдар болсон  түүнд холбогдох бэлтгэл шүүх хурлын талаар Гадаад харилцааны яамны дэд сайд Б.Болороос тодрууллаа.

-Манай улсын иргэн Б.Хурцад холбогдох хэргийн бэлтгэл шүүх хурал хоёр хоногийн өмнө болсон. Энэ ямар учиртай шүүх хурал вэ.  Ямар нэгэн шийдвэр гарсан уу?

-Бэлтгэл шүүх хуралд манай талаас өмгөөлөгч оролцсон.  Урьдчилсан шүүх хурлаар ямар  нэгэн мэтгэлцээн явуулдаггүй.  Ерөнхий баримтуудаа цуглуулна. Шүүгч нотлох  баримт нэмж авна гэсэн үг.  Бэлтгэл шүүх хурлаар   Б.Хурцын хоригдох хугацааг 28 хоногоор сунгасан байна. Учир нь  Английн хуулиар дээрх  хэргийг 21 хоногийн дотор шийдвэрлэх ёстой. Гэтэл   Б.Хурц   хоёр  сар гаруй хоригдсон байгаа. Тиймээс хоригдох хугацааг 28 хоногоор үргэлжүүлэн сунгасан гэсэн үг.

-Шүүх хурал хойшилсны дараа  Б.Хурцтай уулзсан уу?

-Монгол Улсаас тус улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Б.Алтангэрэл өчигдөр бэлтгэл шүүх хурлын дараа уулзсан байна лээ. Ер нь биеийн байдал нь хэвийн.  Сэтгэл санааны хувьд  яаж сайн байх билээ. Элчин сайдын зүгээс түүнтэй байнга харилцаа холбоотой байна.

-Хоригдож буй нөх­цөл байдал нь ямар байна вэ?

-Тэрийг би тодорхой хэлж мэдэхгүй байна.

-Эхнэр хүүхэд нь Лондон явсан уу?

-Одоогоор эхнэр хүүхдийнх нь  Лондонд түр хугацаагаар оршин суух виза гарсан. Ирэх оны нэгдүгээр сард болох шүүх хуралд оролцоно.

-Ирэх онд болох шүүх хурал эцсийн шат­ны шүүх хурал байж чадах уу?

-Шүүх хурал бүү  хойшлоосой гэж бо­дож байна. Ирэх оны нэгдүгээр сарын 5-нд  Англид болох шүүх хуралд манай улсын дипломат ажилтныг ба­рив­чилсан нь хууль зөрч­сөн үү, Германы талд шилжүүлэх үү  гэдгийг шийднэ.

-Хэрэв Английн шүүхээс Б.Хурцыг  Гер­маны талд шилжүүл­чихвэл байдал нэлээд хүндрэх үү?

-Мэдээж асуудал хүн­дэрнэ.Хэрэв Герма­ны талд манай улсын иргэнийг шил­жүүл­бэл  2003 оны асуу­дал сөхөг­дөж  хэрэг үүс­нэ гэсэн үг л дээ. Гэхдээ  Германы талд  манай хүнийг шилжүүлбэл  байдал яаж эргэх вэ гэдгийг урьдчилан хэлэх боломжгүй.

-Өмнө нь болсон шүүх хурал  яагаад хой­шилсон билээ?

-Манай талаас дипломат халдашгүй  эрхтэй Б.Хурцыг Гер­­маны талд шилжүүлэн өгөхгүй байх олон улсын эрх зүйн тодорхой үндэслэлээр тайлбар гаргасан бөгөөд  хурал даргалагч шүүгч тэдгээр үндэслэлийг нарийвчлан авч үзэх  нь  зүйтэй гэсэн шийдвэр гарч хойшилсон.

-Ирэх онд болох шүүх хуралд ямар хүмүүс оролцох вэ?

-Одоогоор тодорхойгүй байна.

-Эхнэр хүүхэд нь Англид очвол батлан даалтад гарна гэсэн мэдээлэл байна л даа?

-Эхнэр хүүхэд нь Англид  очсоноор  Б.Хур­цыг бат­лан даалтад гарах баталгаа биш.  Гэх­дээ тэрбээр  цагдан хоригдож байгаа ч гэр бү­лийнхэнтэйгээ уулзах эрх тэй учраас батлан даалтад гаргах хүсэлтийг шүүх эргэж харах байх л даа.

-Сүүлийн үед  дуулиан дэгдээгээд байгаа Wikileaks сайтад тавигдсан манай улсын Хойд Солонгостой хийсэн нууцын зэрэглэлтэй уулзалтын мэдээллийг Гадаад харилцааны яамны Ази хариуцсан  дэд захирал Ж.Сүхээ АНУ-руу дамжуулсан гэх мэдээлэл гарсан. Энэ хэр үндэслэлтэй мэдээлэл вэ?

– Wikileaks cайтад гарсан мэдээллийг уншсан. Манай улстай холбоотой мэдээлэл бол ор үндэслэлгүй мэдээлэл юм. Тухайн үед Ази хариуцсан  дэд захирлаар ажиллаж байсан Ж.Сүхээ одоогоор  хэвийн ажлаа хийж байна.

-Тухайн үед Монгол улс Хойд Солонгостой нууцын зэрэглэлтэй хэлэлцээр үнэхээр хийсэн юм уу?

– Хоёр улс хоорондын Гадаад харилцааны зөвлөлдөх уулзалт гэж болдог юм. Энэ уул­залтыг манай улс Хойд Солонгостой  2009 онд хийсэн.  Гэхдээ янз бүрийн нууц гэрээ хэлэлцээр хийгээгүй.  Ер нь улс орнуудын хооронд зөвлөлдөх уулзалт байнга болж байдаг шүү дээ.

Н.Түвшин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж