
-Солонгос улсад шүүх хуралд оролцох гэж байгаа та бүхний зардлыг хаанаас гаргасан бэ?
-Миний зардлыг НХХЯ-наас Гадаадад ажиллах хүч илгээх төвөөс өгсөн. Харин өмгөөлөгчийн зардлыг би өөрөө нэг сүмээс гуйж гаргуулсан юм. Хүү маань өөрөө цалингаа хурааж, хувиасаа зардлаа гаргаж байгаа.
-Онгоцны зардалд нэг хүнд хэдэн төгрөг зарцуулж байна. Замын зардлаас гадна хоол, орон байранд зарцуулах мөнгө бий юу?
-Зөвхөн замын зардалд нэг хүн ирэх очихын 800 орчим мянган төгрөг болж байна лээ. Очоод байрлах байр, хоол ундаа хэрхэхээ мэдэхгүй л байна. Замын зардлаа арай ядаж олсон хүмүүс чинь хэцүү юмаа. Өмгөөлөгч маань байрлах байраа өөрөө аргалъя гэсэн. Том охин маань уг нь талийгаачийн амьдарч байсан дүүргийн ойролцоо амьдардаг. Гэхдээ Сөүлээс бол хол юм билээ. Очиж байгаад болох байх л гэж бодож байна.
-Солонгосын эмэгтэйчүүдийн холбоотой холбоо барьсан уу. Очоод хаана хандах вэ?
-Өнөөдөр/өчигдөр/ гараад шөнөдөө очих байх. Маргааш өглөө шууд л Солонгос улс дахь Элчин сайдын яаманд хандана. Тэгээд л шүүх хуралд хэрхэн оролцох талаар заавар зөвлөгөө авна даа. Гадаад харилцааны яамнаас бидэнд ийм чиглэл өгсөн л дөө.
-Шүүх хуралд Монгол Улсаас явж буй өмгөөлөгч ямар үүрэгтэй оролцох юм бол?
-Шүүх хуралд сууж болох эсэхийг сайн мэдэхгүй байна. Ямар ч гэсэн тэнд ажилладаг Солонгос өмгөөлөгчтэй уулзаж, хэрхэн өмгөөлөл явуулах талаар зөвлөлдөнө гэсэн чигтэй байгаа.
-Хандивын данс нээгээд багагүй хугацаа өнгөрлөө. Ойр зуур хэрэглэх мөнгө цугларсан уу?
-Монголын эмэгтэйчүүдийн холбооноос 108 мянган төгрөг, Булган аймгийн Дашинчилэн сумынхан маань 200 мянган төгрөг хандивласан байна лээ. Том охин Булган аймагтаа ажиллаж байсан юм. Түүнээс өөр мөнгө ороогүй байсан. Гэхдээ бага гэж чамлаад яахав. Олон түмэн боломжийнхоо хэрээр тусалж, сэтгэл санаагаар дэмжиж байгаад баярлаж байна.
-Гадаад харилцааны яамнаас мөнгөн тусламж өгсөн үү?
-Охины маань оршуулгын зардалд таван сая төгрөг өгсөн. Солонгос явах гээд хүмүүсээс мөнгө төгрөг зээлсэн байснаа төлөөд л дууссан даа.
-Та хүргэнтэйгээ холбоотой байгаа юу. Шүүх хурлын талаар мэдээлэлтэй байна уу?
-Огт харилцаагүй байгаа. Хэлний бэрхшээлээс болоод хэл авалцахад хэцүү юм. Том охин Солонгост зээ хүүг минь харж байсан ч хүргэний ээж нь дургүйцээд больсон гэсэн. Уг нь охиноороо дамжуулж л ганц нэг юм асууж лавладаг байсан юм.