Уейн Рүни: Рональду явчихсан болохоор би илүү хичээх хэрэгтэй байгаа | News.MN

Уейн Рүни: Рональду явчихсан болохоор би илүү хичээх хэрэгтэй байгаа

Хуучирсан мэдээ: 2010.02.26-нд нийтлэгдсэн

Уейн Рүни: Рональду явчихсан болохоор би илүү хичээх хэрэгтэй байгаа

FIFA-гийн шилдэг хөлбөмбөгч Криштиан Рональду өнгөрсөн зун багаа орхисны дараа “Манчестер Юнайтед”-ын ирээдүй, хувь заяа Уейн Рүнигийн “толгой дээр бууж”, дөрөв дэх жилдээ дараалан Премьер лигийн цом авах уу, үгүй юу гэдэг асуудалд Рүни гол дүр болж хувирсан юм. Энэ улирал Рүнигийн хөлбөмбөгийн замналд чухал он жил байх болно. Криштиан Рональду багийн бүрэлдэхүүнээс хасагдсанаар хөлбөмбөг сонирхогчид, “МанЮ”-гийн фанатуудын овоо хараанд Рүни тусах болсон. Түүнд олон хүн итгэл хүлээлгэж, багийн лидер нь байж чадна гэдэгт итгэж байгаа. Шинэ улирал эхлээд найман тоглолт хийхэд Рүни зургаан удаа гоолдсон нь түүний чадварыг илтгэнэ. Хэдийгээр Рүни өөрөө багийн ирээдүй, түүнд ногдсон энэ их үүрэг хариуцлагын талаар ам нээх дургүй байгаа ч “Манчестер Юнайтед” клубын урдаа барих довтлогч, гол хүчин гэдэгтэй маргах зүйлгүй.

-Тэгэхээр Уейн, Криштиан Рональду Мадрид руу явчихлаа. Одоо “Манчестер Юнайтед” цаашид хэрхэх вэ гэдэг асуултын хариу нь та болоод байна. Гэтэл та өөрөө төдийлөн тоосон шинжгүй харагдах юм?

-Тийм ээ, учир нь бүх зүйл сайхан эхэлж байна. Бид багаараа сайн тоглолт гаргаж байгаа учраас тэр шүү дээ. “Манчестер Юнайтед”-д олон сайн тоглогч бий. Бид нэгэн цул, нэг баг гэдэг утгаараа бүх зүйл сайхан байна.

-Таныг юунаас ч айдаггүй учир тэр нь давуу тал болдог гэж Рүүд ван Нистелрой хэлсэн байсан. Тэгвэл, тоглолтын өмнө сандарч, харин тэр нь эергээр нөлөөлж байсан удаа бий юу?

-Би тоглолт бүрийн өмнө сандарч, бага зэрэг “нервтдэг”. Тэр тоглолт нь “Барселона”-гийн эсрэг байна уу, Андоррын шигшээ багийн эсрэг байна уу ялгаагүй, ер нь хэнтэй ч тоглох байсан гэсэн би бага зэрэг сандарч, тэвддэг. Гэхдээ энэ бол айж сандарсан зүйл биш, зүгээр л толгойд минь орж ирдэг бодол гэх үү дээ. Ингэвэл яах вэ, тэгвэл яах вэ гэхчилэн. Сандрахаасаа илүүтэйгээр тоглолтдоо анхаарлаа хандуулж, төвлөрөхийг хичээдэг дээ. Энэ нь ч дээр байдаг юм. Харин нэгэнт талбайд гарсны дараа энэ бүх зүйл арилж, зөн совингоороо тоглодог.

-Криштиан Рональду явсан нь Рүнигийн хувьд таатай хэрэг боллоо гэхчилэн гадуур янз бүрийн яриа гарч байна. Рональду “МанЮ”-гаас явснаар таны хувьд бас Гиггс, Андерсон болон Флетчер нарын хувьд энэ улиралд түүний сүүдрээс гарч өөрийгөө таниулах боломж гарлаа гэж ярьж байна л даа…

-Би өөрийгөө Рональдугийн сүүдэрт халхлагдаж байсан гэж бодохгүй байна. Гэхдээ түүнийг явсанд би сэтгэл дундуур байгаа. Манай багийнхан ч ялгаагүй. Үнэндээ бол тэр байхгүй байснаас байсан нь хавьгүй илүү шүү дээ. Рональду бол үнэхээр гайхалтай тоглогч, хэнээр ч орлуулж болшгүй, дэлхийн хамгийн шилдэг хөлбөмбөгч. Тийм ч учраас түүнийг явсанд баярлаж байгаа хүн байхгүй ээ. Гэхдээ нөгөө талаас Рональду явснаар бид өөрсдөдөө илүү өндөр шаардлага тавьж, багийн хувьд өнгөрсөн улирлынхаас өөр хэв маягаар тоглох шаардлагатай тулгарсан. Мэдээж бид гоолоо хувааж байгаа нь сайн хэрэг л дээ. /Инээв/

-Тэгэхээр эргээд бэлтгэлдээ ороход Сэр Алекс Фергусон танаас ямар нэг өөр зүйл хүсээгүй хэрэг үү?

-Үгүй ээ, юу гэж дээ. Бид бүгдээрээ улирлын тоглолт дуусахад Рональдуг явна гэж бодож байсан болохоор зун эргээд бэлтгэлд гарахад гайхаж мэгдээд байх зүйл байгаагүй. Хөлбөмбөгийн ертөнцөд бол байдаг л бизнес шүү дээ. Харин дасгалжуулагч маань намайг илүү олон гоол хийхийг хүссэн. Гэхдээ удалгүй эргэж ирээд шинэ улирал эхлэх болгонд надаас илүү ихийг харж, хүсч байдаг гэдгээ хэлсэн. Жил ирэх тусам би хангалттай сайн тоглолт гаргахгүй бол Сэр Фергусон намайг сайжрах хэрэгтэй гэж хэлнэ. Үнэхээр сайн тоглож байсан ч тэр бас л сайжирч, өсч дэвжих хэрэгтэй гэж хэлнэ /Инээв/. Тэр ийм л хүн шүү дээ.

-Рио Фердинанд, Неманья Видич нар гэмтэлтэй байгаа болохоор хэрэв шаардлагатай бол хамгаалагчийн байрлалд тоглоно гэж та дасгалжуулагчдаа хэлсэн гэсэн. Энэ үнэн үү?

-/Инээв/. Үгүй ээ, яг ч үнэн биш л дээ. Юу гэсэн бэ гэхлээр… Би үргэлж л хамгаалагчийн байрлалд тоглоход татгалзах зүйлгүй гэдгийг хэлдэг байсан. Ялангуяа манай багийн хувьд сүүлийн үед хамгаалагчийн үүрэг хариуцлага их чухал болсон. Яг одоогоор манай хамгаалагчид гэмтсэн байгаа учир хэрэв Сер Алекс намайг хамгаал гэвэл би дуртайяа хамгаалагчийн байрлалд тоглох болно гэдгээ л илэрхийлсэн юм.

-Тэгээд Сэр Алекс Фергусон юу гэж байна?

-Үгүй л гэсэн.

-Эелдгээр хэлсэн үү?

-/Инээв/. За бараг л үгүй дээ.

-Таныг багийн ахлагчийн хариуцлагатай ажилд томилох бодолтой байгаа талаар Алекс Фергусон ярьж байсан ч таныг хараахан бэлэн биш байна гэж дүгнэсэн. Харин та өөрийгөө бэлэн гэж бодож байна уу?

-Үнэнийг хэлэхэд би энэ талаар тэгж нухацтай бодож байгаагүй юм байна. Тэгээд ч энэ бол миний оролцох хэрэг биш шүү дээ. Надад энэ багийг ахлах үүрэг ногдвол үнэхээр нэр төрийн хэрэг болно. Гэхдээ одоохондоо үүний талаар бодож, санаа зовох асуудал биш байх аа.

-Та талбай дээр хэр “орилоо” вэ? Багийнхан руугаа орилж, хашхирах зүйл гардаг л биз дээ?

-Би өөрийгөө тийм орилоо гэж бодохгүй байна. Тоглолтын үеэр хэн нэг нь тааруухан тоглож байвал би түүнд хэлдэг. Үүний адилаар би тоглолтын үеэр хийх ёстой зүйлээ хийхгүй, эсвэл ердийнхөөс муу тоглож байвал тэд ч гэсэн надад хэлэх хэрэгтэй гэж бодож байна. Миний бодлоор миний гол үүрэг роль гэвэл багийнхаа тоглолтын явц, хэмнэлийг хурдасгах явдал. “Олд Траффорд” цэнгэлдэхэд бид тааруухан тоглож, тоглолт нэг л явцгүй, хавтгайраад эхэлбэл би тал тал тийшээ хурдалж, хаалгач, хамгаалагчдын араас гүйж, тоглолтын хэмнэлийг эргүүлж, үзэгч, хөгжөөн дэмжигчдийг сэргээх гэж оролддог. Өчүүхэн төдий зүйл ч гэсэн цэнгэлдэхэд цугларсан үзэгчдэд хүчтэй нөлөө үзүүлдэг, харин үзэгчид, фанатууд сэргэснээс багийн тоглолтод эергээр нөлөөлдөг.

-Та энэ сард 24 нас хүрнэ. Өөрийгөө ид оргил үедээ ирлээ гэж бодож байна уу?

-Үгүй ээ. Надад сурч, мэдэх, ур чадвараа сайжруулах, дээшлүүлэх зүйл олон бий. Би илүү олон гоол хийж чадна, хийх ч хэрэгтэй, ялангуяа одоо Рональду явчихсан болохоор би илүү бүтээлч байж, ихийг хийх ёстой. Харин 23, 24 настайдаа хөлбөмбөгч хүн оргил үедээ байна гэж хэлэх нь бодит байдлаас тасарсан хэрэг болох байх. Тоглогч бүрийн хувьд өөр өөр байдаг. Жишээ нь та Гиггсийг хар л даа. Тэр 26, 27 настай байхдаа ид гялалзаж явсан гэж хүмүүс ярьдаггүй шүү дээ. Харин 34, 35, 36-тай байхдаа тэр хөлбөмбөгийн талбайд гялалзаж байна. Үнэхээр гайхалтай.

-Тантай хамт “Эвертон”-д тоглож байсан Дэвид Уейер Рүнитэй хамт анх удаа бэлтгэлд гарахад тэр өөрийгөө хамгийн шилдэг нь юм шиг л аяглаж байсан, гэхдээ энэ нь их зантай, биеэ тоосон биш харин өөртөө итгэх итгэлийг илтгэж байсан гэж ярихыг сонссон. Одоо ч гэсэн хэвээрээ юу?

-Тийм гэж бодож байна. Би өөрийгөө хамгийн шилдэг нь гэж боддог эсэхээ мэдэхгүй юм. Гэхдээ тоглолт болгонд ямар нэг байдлаар өөрийгөө харуулж чадна гэдгээ мэдэрдэг. Гоол хийж юмуу эсвэл гоолын дамжуулалт өгөх мэтээр. Үргэлж л тийм байсаар ирсэн. Гэхдээ үүнийг бардам, биеэ тоосон гэхээс илүү өөртөө итгэлтэй гэж хэлэх байх аа.

-Та Премьер лигийн аваргын цом хүртэж, Аваргуудын лигт түрүүллээ. Гэхдээ таны хувьд “Оны шилдэг хөлбөмбөгч”, “Дэлхийн шилдэг хөлбөмбөгч” зэрэг хувийн чанартай шагнал хүртэж байгаагүй. Энэ талаар ямар бодолтой байна?

-Энэ миний туйлын зорилго биш ээ. Тиймэрхүү шагнал хүртвэл мэдээж хэрэг маш сайхан байх болно. Гэхдээ миний хувьд тэдгээр шагнал, нэр хүнд лигийн аваргын цом эсвэл Аваргуудын лигийн цомтой харьцуулшгүй зүйл. Учир нь хөлбөмбөг бол багийн спорт. Чи ганцаараа юу ч хийж чадахгүй, хэн ч биш байх болно.

-Рональдуг явснаас хойш сураг дуулдсан уу? Тэр тантай холбоотой байгаа юу?

-Тийм ээ. Тэр саяхан нэг орой над руу ярьсан. Ер нь бид хоёр байнгын холбоотой байгаа. Тэр Испанид сайн байгаа гэж бодож байна. Рональду хөлбөмбөгөө тоглож, гоол оруулж, тэнд тохижоод амжсан. Тэнд байх нь таалагдаж байгаа юм шиг санагдсан.

-Марк Хьюз /Манчестер Сити клубын ерөнхий дасгалжуулагч/ гээд олон хүмүүс Рональду, Тевезгүйгээр “МанЮ”-г төсөөлөхөд бэрх, түүнчлэн өнгөрсөн улирлынхтай харьцуулахад тийм ч хүчирхэг биш байна гэж ярьж байна. Энэ хэр үнэн тодорхойлолт вэ, таны бодлоор?

-Их хөгжилтэй юм аа. Бид “Бернли”-гийн талбайд ялагдсаны дараа хүмүүс шууд л бидний өнгөрсөн улирлынхаас тааруу байна гэж ярьж эхэлсэн. Бас биднийг Премьер лигт түрүүлж чадахгүй, азын тэнгэр ивээвэл топ дөрөвт багтана гэхчилэн янз бүрээр ярьж, бичиж байсан. Гэтэл бид эргээд лигийн хүснэгтийг тэргүүлэгчдийн эгнээнд ирэхэд энэ яриа намдаж, чимээгүй болчихсон. Үнэхээр инээдтэй хэрэг. Бид нэг тоглолтод ялагдахад л иймэрхүү яриа гардаг, яг л ийм байдалтай бид гурван жил дараалан лигийн аварга болсон шүү дээ. Дараа нь тэд “Челси” сайн байгаа гээд л яриад эхэлдэг. Сүүлийн хэдэн арван жилийн турш “Юнайтед” Английн хөлбөмбөгт ноёрхож байгаа учир хүмүүс бидний ялагдлыг харахыг хүсдэг байх. Харин бид зүгээр л үүнтэй эвлэрэх хэрэгтэй.

-ДАШТ-ий сонгон шалгаруулалтад Хорватын багийг хожиж, дэлхийн аваргад оролцох эрхтэй болсны дараа дасгалжуулагч Фабио Капелло танд баяр хүргэж, таны хүчин зүтгэлийг үнэлсэн үү?

-Шийдвэрлэх тоглолтод ялсны дараа тэр юу гэж хэлдэг, тэрийгээ л хэлсэн. “Та бүхний хүчин зүтгэлд баярлалаа. Баяр хүргэе. Клубын тоглолтод чинь амжилт хүсье” гэж. Бид шалгарсан гэдэг үнэнийг л тэр илэрхийлж байсан. “Евро-2004” тэмцээний сонгон шалгаруулалтад Туркийг хожиж, эрхээ авсны дараа хүн болгон л баярлаж, үсэрч дэвхцээд бүжиглэж, буцах замдаа онгоцонд зарим нэг нь оргилуун дарс задалж, баяраа тэмдэглэж байлаа. Гэтэл энэ удаад Хорватыг хожсоны дараа тиймэрхүү зүйл ердөө ч болоогүй. Ердийн нэг ажил хэрэг шиг л байсан.

-Капеллогийн амжилтыг юутай холбон тайлбарлах вэ?

-Капелло бол үнэхээр гайхалтай дасгалжуулагч. Тэр хийморьтой, цог золбоотой, тоглолт болгонд ялахыг хүсдэг, хамгийн чухал нь тэрийгээ тоглогчдод ойлгуулж, мэдрүүлж чаддаг. Үнэхээр гайхмаар нарийн нямбай хүн. Бэлтгэл бүрийг бичиж аваад дараа нь тэр бичлэгээ секунд бүрээр нь нэг бүрчлэн үзэж, бидний юу нь болохгүй байгааг дүгнэж, хэрхэн засч залруулах тал дээр анхаардаг. Гэхдээ үүнээс илүү чухал нь Капеллогийн удирдлага дор тааруухан тогловол чи шууд л байраа алдах болно. Тиймээс тоглогч бүр дор дорноо ихэд хичээдэг. Ийм л энгийн хэрнээ гайхалтай.

-Та ч гэсэн үү? Тэр Уейн Рүниг орлох тоглогчийг олохгүй байх гэж бодож байна. Таны байр суурь бат бөх байх аа?

-Би мэдэхгүй юм аа. Гэхдээ би бусад тоглогчдын л адил байраа алдаж магадгүй гэдгийг бодож, үргэлж өөрийгөө дайчилж тоглодог.

-Та Капеллогоос айдаг уу?

-Ммм… Тэр бол… Яг ч айдаг гэж хэлж болохгүй байх аа.

-Та түүнийг “аймаар хүн” гэж тодорхойлсон байсан. Чухам ямар учраас тэр “аймшигтай” гэж?

-/Инээв/. Тун ялихгүй зүйл л дээ. Жишээ нь, түүнтэй корридорт таарлаа гэж бодъё. Түүний алхаж байгаа нь, биеэ авч явж байгаа нь бас харж байгаа нь нэг л аймаар. Тэр үнэхээр хатуу чанга хүн.

-Капелло корридорт тантай зөрөхдөө таныг “олж хардаг уу”?

-Заримдаа тийм, заримдаа үгүй /инээв/. Зарим үед тэр хэн ч байхгүй юм шиг л хажуугаар зөрөөд өнгөрчихдөг. Аймаар ч юм шиг.

-Хувь хүнийх нь хувьд та түүнийг хэр сайн мэдэх вэ? Тэр ер нь тоглогчидтойгоо хэр нээлттэй байдаг вэ? Урлагийн талаарх түүний үзэл бодол ч юмуу ер нь хөлбөмбөгөөс гадуурх зүйлийн талаар ярилцдаг уу? Эсвэл зөвхөн ажил хэрэг л өрнөдөг үү?

-Үнэнийг хэлэхэд бид тийм ч дотно биш ээ. Английн шигшээ баг зөвхөн хөлбөмбөг тоглох гэж л бэлтгэлд гардаг. Харин түүний хувийн амьдралын талаар, эсвэл урлагийн талаар ярилцах гэж цуглаагүй. Бид түүний хувийн амьдралын талаар, харин тэр бидний амьдралын талаар асууж, ярилцдаггүй. Бид тэнд үүргээ биелүүлэх гэж л очсон, харин дараа нь гэр гэртээ харьцгаадаг.

-Өмнө оролцож байсан олон улсын чанартай тэмцээнүүдээс та юу сурч мэдэж авсан бэ?

-Надад үнэхээр таагүй дурсамж үлдээсэн. Миний оролцсон хоёр тэмцээнд хоёуланд нь бид амжилт муутай оролцсон. Өөр өөр шалтгаантай ч гэсэн үр дүн ижилхэн байсан юм. Харин энэ хоёр тэмцээнээс миний ойлгосон зүйл гэвэл шилдэг баг үргэлж хождоггүй. 2004 оны Европын аваргаар Грекийн шигшээ багийг түрүүлнэ гэж би төсөөлөө ч үгүй. Бас 2006 оны ДАШТ-ийг Италийн шигшээ тун тааруухан эхлүүлсэн. Гэхдээ эцэст нь тэд түрүүлсэн шүү дээ. Энэ хоёр багийн хувьд өндөр зэрэглэлийн томоохон тэмцээнд хийх ёстой зүйлээ хийж чадсан. Энэ л хамгийн чухал зүйл юм даа.

Бэлтгэсэн С.Шүр /2009.10.11/

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж