Их, дээд сургуулиуд ”залилан” хийж байна

Хуучирсан мэдээ: 2010.12.10-нд нийтлэгдсэн

Их, дээд сургуулиуд ”залилан” хийж байна

Их, дээд сургуулийн сургалтын төлбөрийг ил, далд хэлбэрээр нэмсэн гэх оюутан сурагчид, эцэг эхчүүдийн гомдол өнөөг хүртэл хэл ам таталсан хэвээр. Учир нь Засгийн газраас ирэх онд эх орны хувь хишиг буюу 500 мянган төгрөгийг сургалтын төлбөр хэлбэрээр их, дээд сургуульд суралцаж буй оюутнуудад “Хүний хөгжил сан”-гаас олгох болсныг зарим их, дээд сургуулиуд овжноор тусгаж авсан байх юм. Тухайлбал, Санхүү эдийн засгийн дээд сургуулийн сургалтын төлбөр дунджаар нэг сая 500 мянга байгаа бол ШУТИС-ийн зарим сургуулиуд зардал өртөг өндөр, мөн нэг цагийн кредит үнэлгээ тогтоох маягаар далд хэлбэрээр сургалтын төлбөрөө нэмсэн тохиолдол цөөнгүй байна. Түүнийгээ  хэн ч ороод очсон цэвэрхэн тайлбарлаад гаргах ухаанд багагүй суралцжээ гэмээр. ШУТИС-ийн Уул уурхайн инженерийн сургуулийн дэд захирал Б.Орхонтуул “Манай сургуулийн хувьд 2011 онд оюутан бүрд “Хүний хөгжил сан”-гаас олгох 500 мянган төгрөгийг тооцон сургалтын төлбөрийн зөрүүг тооцож авсан байгаа. Одоогоор оюутнуудаас үлдэгдэл 500 мянган төгрөгөө төл, дараа нь “Хүний хөгжил сан”-гаас орохоор буцааж олгоно гэх мэт зүйл огт яриагдаагүй. Нэг, хоёрдугаар дамжааны оюутан нэг кредит цагийг 32 мянган төгрөг, гурав, дөрөвдүгээр дамжааны оюутнууд нэг кредит цагийг 31 мянган төгрөгөөр тооцон хичээлээ сонгон гэрээ хийдэг. Энэ хичээлийн жил эхэлж байх үед оюутнуудыг бүртгэхдээ сургалтынг төлбөрийг бүтнээр нь авч байсан ч яамнаас гарсан шийдвэрийн дагуу буцааж олгох, 500 мянган төгрөгийг 2011 онд дээрх сангаас авах байдлаар гэрээг хийсэн. Өнөөдрийн байдлаар манай сургууль БСШУЯ-наас гаргасан шийдвэрийн дагуу13 хувиас дээш хэмжээгээр нэмсэн асуудал огт байхгүй” гэсэн хариултаар нэг оюутны дундаж сургалтын төлбөрийг хэлж зүрхэлсэнгүй.

Гэтэл тус сургуулийн гэх нэрээ хэлэхийг хүсээгүй оюутан “Энэ хичээлийн жилд нэг кредит цагийг 37 мянган төгрөгөөр тооцон 30 кредит цагийн хичээл сонгож гэрээ хийж, төлбөрөө хийсэн. Нэг сая таван зуун мянган төгрөгийн сургалтын төлбөрөөс нэг сая төгрөгийг намар төлсөн, 500 мянган төгрөгийг ирэх онд Засгийн газраас төлөхөөр болсон болохоор эцэг эхэд маань нэмэр болж л байна. Зарим сургуулиудын нэгдүгээр курсын оюутнуудыг төлбөрөө бүтнээр нь хий гэсэн мэдэгдэх хуудас өгч байна гэсэн. Одоогоор манай сургуулийн сургалтын албанаас бидэнд мэдэгдсэн зүйл байхгүй” гэлээ.

Дээрх багш, оюутан хоёрын хооронд кредит цагийн үнэлгээний зөрүү харагдаж байна. Мөн кредит цагт үнэлгээ тогтоох маягаар төрөөс олгосон 500 мянган төгрөгийн сургалтын төлбөрөөр дамжуулан шингээх гэсэн далд арга ч байж болох юм. Төрөөс олгох 500 мянган төгрөг орж ирэх хугацаа ойртох тусам зарим сургуулиуд сургалтын төлбөртөө бага багаар хөдөлгөөн оруулж, оюутнуудыг багагүй сандралд оруулаад байгаа гэнэ. Оюутны эрх ашгийг хамгаалдаг байгууллага гэх Монголын Оюутны холбооны удирдлагаас “Сургалтын төлбөртэй асуудлаар оюутнуудаас ирсэн санал хүсэлтийн дагуу “Улаанбаатар Эрдэм Оюу”, “Энэрэл” зэрэг дээд сургуулиуд дээр очиж асуудлуудыг зохих төвшинд шийдвэрлэсэн байгаа. Тухайн сургуулиуд нь магадлан итгэмжлэгдээгүй хувийн сургуульд 500 мянган төгрөгийг олгохгүй учир сургалтын төлбөрөө оноос өмнө төл гэсэн шаардлага тавьсан байсан. “Хүний хөгжил сан”-гаас орж ирэх мөнгийг бүх оюутных нь тоогоор хуваарилна гэдгийг сургуулийн удирдлагууд ч тэр, оюутнууд ч сайн ойлгоогүй байгаа бололтой. Хэрэв сургалтын төлбөртэй холбоотой үл ойлголцлын асуудал үүсвэл бидэнд ханд” гэсэн тайлбарыг өглөө. Өөрөөр хэлбэл 2009 оны сургалтын төлбөр+”Хүний хөгжил сан” 500 мянган төгрөг гэсэн тооцоолол байж болох талтай. Хэдийгээр их, дээд сургуулиуд төсөв хөрөнгө багатай учир сургалтын төлбөр нэмэхээс аргагүй гэдэг ч энэ жилийн огцом өсөлт “Хүний хөгжил сан”-гийн 500 мянгын сурагтай дээрх сургуулиудын үйлдэл далд утгаар холбогдож байж мэдэх юм. Сургалтын төлбөрийг  13 хувиас дээш нэмсэн сургуулиудын удирдлага болоод оюутны хяналтын квоттой хариуцлага тооцно гэсэн салбар хариуцсан сайдын үүрэг даалгаврыг дээрх аргаар “халхавч” хийсэн сүйхээтэй сургуулийн удирдлагууд байна, цаана чинь.

Оюутнуудын 500 мянгыг удахгүй шийднэ
“Хүний
хөгжил сан”-гаас ирэх онд их, дээд сургуульд суралцагч оюутан бүрд
сургалтын төлбөр хэлбэрээр 500 мянган төгрөг олгохоор шийдвэрлэсэн
байгаа. Ямар шалгуураар, хичнээн оюутан хамрагдах талаар салбар
хариуцсан сайд Ё.Отгонбаяраас тодрууллаа.

-Ирэх
онд их дээд сургуульд суралцагчдын сургалтын төлбөрийн 500 мянган
төгрөгийг Засгийн газраас олгохоор болсон. Хичнээн оюутан хамрагдах вэ?

-Төрийн
болоод хувийн их дээд сургуульд ойролцоогоор 160 мянган оюутнууд
суралцаж байна. Энэ бүгд сургалтын төлбөр хэлбэрээр 500 мянган төгрөг
авах эрх нь нээлттэй.

-Иргэдийн дунд зөвхөн магадлан
итгэмжлэгдсэн ба төрийн их дээд сургуульд суралцдаг оюутнуудад олгоно
гэсэн яриа байна. Энэ талаар?

-Их, дээд сургуульд суралцаж байгаа нь үнэн л бол дүрэм журмын дагуу бүх оюутан хамрагдана гэсэн үг.

-Оюутнуудад олгох “Хүний хөгжил сан”-гийн 500 мянган төгрөгийн ямар журам, шалгуураар олгох вэ?

-Ойрын өдрүүдэд Засгийн газрын хуралдаанаар орж, эцсийн шийдвэр гарах болохоор одоогоор нарийн хэлэх боломжгүй.

-Зарим
сургуулиуд нэгдүгээр дамжааны оюутнаас бүтэн жилийн төлбөрийг авчихсан
мэдээлэл байна. Хэрэв ийм тохиолдолд “Хүний хөгжил сан”-гаас олгох 500
мянган төгрөгийг буцаан тухайн оюутанд олгох уу?

-Ямар ч
төрийн ба хувийн их, дээд сургууль нэгдүгээр курс ч бай, хоёрдугаар курс
ч бай сургалтын төлбөрийг бүтнээр авах ёсгүй. Хэрэв тийм тохиолдол
байвал тухайн оюутан Монголын оюутны холбоогоор дамжуулаад БСШУЯ-нд
өргөдлөө өгөх хэрэгтэй. Өргөдлийн дагуу шалгаад зохих арга хэмжээг авна.
Сургалтын төлбөртэй холбоотой асуудлаар төрийн их, дээд сургуулийн нэг
захирал ажлаасаа халагдсан байгаа бол хоёр хувийн их, дээд сургууль
оюутны хяналтын квотоо хасуулаад байна.

Д.Долгор

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж