Хоёр нүүрт хууль ба хүний эрх

Хуучирсан мэдээ: 2010.12.10-нд нийтлэгдсэн

Хоёр нүүрт хууль ба хүний эрх

Монголчуудын түүх дэлхийд олон рекордыг эвдсэн гэлтэй. Улс их гүрэн, гүрэн, жижиг улс, ядуу буурай, мөн бусдын хараат буюу колони улс зэрэг улс гүрний ангиллын таван категорийг бүгдийг нь даван туулсан орон юмсанж. Энэ нь төрд нь ямар хүмүүс зүтгэж байснаас хамааран их гүрэн, буурай орон, ядуу улс гэсэн тодотголыг зүүхийн хамт түүнтэй зэрэгцээд иргэдийнх нь амьдрал, хүнийх нь эрх харилцан адилгүй байсан аж.

Харин өнөөгийн Монголын төр 76 гишүүнтэй. Тэнд мөн л адил ард түмний эрх ашиг гэдэг шиг 76 эрх ашиг байна. Ингэснээр төр өөрийн эрх мэдлийн хүрээнд өөрсдийн эрх ашгийг бодолцсон хууль баталж, шийдвэр гаргаж байх бололцоотой. Үүний илрэл нь жирийн иргэдийн эрх зөрчигдсөн олон жишээнээс харагддаг. Харамсалтай нь жирийн иргэний эрхийг хуулиар зөрчиж болно. Харин төрийн өндөр албан тушаалтнуудын эрхийг хуулиар хамгаалах явдал цөөнгүй.
Амьд организм гэж тооцвол “Хууль” гээч нэг нөхөр бий. Энэ эрхэм гадаадад амьдрахдаа бусдыг ялгаварлан гадуурхалгүй ижил түвшинд үйлчилдэг бол Монголд буухаараа хоёр нүүртэй болчихно. Яг ижил хэрэг хийсэн хоёр нөхрийн нэгийг нь сөхөрч унатал нь элэгдэж, нөгөөг нь суга өөд татна. Үүнийг бодитоор харуулсан нэгэн жишээ гэвэл 2008 оны долдугаар сарын 1-ний үйл явдал. Энэ үйл явдлаар “Хууль” гуайн хэлдэг “Монгол улсын иргэн бүр ижил, тэгш эрхтэй шүү” гэсэн үг ёстой худлаа болохыг ганц сайн харуулаад өгсөн. Үгүй юм билээ. Монголчуудын хэнд нь эрх бий, хэнд нь үгүй вэ гэдгийг “долдугаар сарын 1”-ний хэрэг баталгаажуулсан. Үнэндээ сонгууль эхлэхээс эхлээд л хүний эрх зөрчигдсөн гэж болно. Сонгуулийн тухай хуульдаа “Иргэдийн саналыг худалдаж авахыг хориглоно” гэж заасан хэрнээ 1 саяын хувьцаа, 1,5 саяын авлигаар саналыг нь худалдаж авсан. 

Дараа нь үймээнд оролцсон 300 орчим залуусыг хавтгайруулан нэг зүйлчлэлээр ял тулгаж, үүнийгээ хүлээн зөвшөөрүүлэхийн тулд тэднийг гүтгэж, эрүүдэн шүүж байгаад хүчээр ял оноож байв. Яллагч нь “Энэ зурагт энэ нөхөр чулуу шидэж байгаа” гэдэг бол Шүүгч нь “Чи муу, манай намын байрыг шатаадаг хэн бэ” гэж занаж байгаад ял өгөх жишээтэй. Үнэндээ тэр зурагт мөнөөх толгой гудайлгасан эр байхгүй. Тэрийг уурссан “нам”-ынхан олж хараагүй нь тоогүй. Ингээд л бүгдийг барьсан, хорьсон, гүтгэсэн, зодсон, ялласан. Гэм хийсэн хүн шийтгэлээ авах нь зүйн хэрэг. Харин ахадсан гэсгээлийг амсана гэдэг байж болшгүй зүйл. Үүний төлөө л хууль бий. Үүний нөгөө талд хүн буудсан цагдаа нарыг бас ингэв үү гэвэл үгүй. Иргэдийг зодож, өөрсдийнхөө бичсэн мэдүүлгэн дээр хүчээр гарын үсэг зуруулж байсан бол, цагдаа нараас байцаалт авсны төлөө тэдний ар гэрийнхэн нь Прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах газрыг барьцаалж байсан. Монголын цагдааг хэлмэгдүүллээ гэж бусад нь ажил “хаясан”. Саваагүйтээд чулуу шидсэн хүүхдэд долоон жил өгч байсан бол гэмгүй иргэдийг буудсан цагдааг өршөөсөн.
Гэтэл хэргийн эзэн, хэнгэргийн дохиурууд өнөөг хүртэл сураг алга. Үнэндээ гэмгүй иргэдийн амиа алдсан, яллуулсан, цагдаагийн албан хаагчдаас олноороо зодуулсан энэ хэргийн жинхэнэ эзэд нь өнөөгийн эрх барьж буй хоёр нам. Нэг нь ялалтандаа эрэмшиж, нөгөө нь ялагдалдаа хорсож, иргэдийг турхирсан. Баруун, зүүний үзэл гэж их мэтгэлцдэг ч цаг дээрээ тулахаар нэг л тэрэгний хоёр дугуй гэдгээ ингэж харуулсан.

Хүний эрхийг бүдүүлгээр зөрчсөн энэ үйл явдлыг “Чухам юу болоод өнгөрсөн бэ” гэдгийг өнөөг хүртэл УИХ нь ч, хууль хяналтын байгууллага нь ч тогтоогоогүй байна. 

Тогтоох ёстой Монголын төр 76 гишүүнтэй. Тэнд мөн л адил ард түмний эрх ашиг гэдэг шиг 76 эрх ашиг байж л таараа. Ингэснээр төр өөрийн эрх мэдлийн хүрээнд өөрсдийн эрх ашгийг л бодолцсон “Хууль” баталж, шийдвэр гаргаж байх бололцоотой. Энэ давуу эрхээрээ өнөөг хүртэл иргэдийнхээ зөрчигдсөн эрхийн талаар ганц үг гав хийсэнгүй. УИХ-ын Хүний эрхийн дэд хороо долдугаар сарын 1-ний хэргийн талаарх дүгнэлтээ энэ хоногийн эхэнд УИХ-ын Хууль зүйн байнгын хороонд танилцуулсан. Харамсалтай нь байнгын хорооны гишүүд дахиад л нөгөө “Манай намын байр шатсан, манай цагдаа нар бэртэж гэмтсэн” гэдэг уураа гаргаж, ямаа гэхээр тэмээ ярьсаар хуралдааныг дуусгана лээ. Тэднийг ингэж мартаж, санаж суух хооронд шинэ жилийн ширээн дээр “амталж шарсан тоорой” бэлэн болжээ. Долдугаар сарын 1-ний эмгэнэлт үйл явдлаас хойш хоёр жил зургаан сарын хугацаа өнгөрөв.

Энэ зуурт гэмтнийг гэсгээх биш сайшаах үйл явдлууд л ар араасаа хөвөрч, өрнөл нь ч утгаа алдаж байна. Иргэдийн саналыг луйвардах ажлыг зохион байгуулсан этгээд “Эрдэнэт” үйлдвэрт захирлаар дэвшээд явчихсан гэж байгаа. Хүний эрхийг хамгаалах өдрөөр энгэр цоолж, албан тушаал ахиж яваа нь ч цөөнгүй. Шувуу хүртэл буруу дэвдэг энэ Монголд энэ шагнал бас эсрэг утгатай ч юм болов уу. Өгч байгаа хүн л мэддэг байх даа.    

Төр өөртөө хяналт тавихаас гадна төрийг иргэд хянадаг байх ёстой, ерөөсөө иргэний нийгмийн байгууллагуудаа дэмжинэ гэж нэг хэсэг “дэвж”, баахан хөдөлгөөнүүдийг торниулав. Гэвч төрөө хянадаг, иргэний нийгмийн төлөөлөл гэж цээжээ дэлдсэн 33 иргэний хөдөлгөөн нийлээд эрх баригчидтай гэрээ байгуулсан гэж сүүлийн үест сонсогдох боллоо. Монголын ардчилалд энэ хяналт “Иргэний эсрэг” гэдэг далд уриатай болон гуйвчихлаа.

Аливаа нийгмийн өөрчлөн байгуулалт, шилжилт бүхэн эрсдэл, гарзыг араасаа дагуулдаг ч өдгөөгийн бид нийгмийн шилжилтдээ дэндүү их үнэ төлж байна. Өнөөдөр Монгол Улсад Америкт, хуучин соц орнуудад ургаж төлжсөн хуулийн үрийг “хулууж” авчираад тарих гэж мөн ч их үзлээ. Ургуулсан хууль нь гэтэл суурьшсангүй. Хүний хууль Монголд ирэхээрээ хоёр нүүртэй болчихдог тул жирийн иргэдийн хувьд өндөр албан тушаалтай хүн бүхэн дайсан, тэдэнд бас жирийн иргэд дайсан болж харагдаад байдаг болчихлоо. Гэвч хорвоо ертөнц дандаа нэг янзаараа байдаггvй. Хүний эрх дандаа хөсөрдсөөр байхгүй. Хорвоо бөөрөнхий гэдэг болохоор хэзээ нэгэн цагт байраа солих цаг ирэх байлгүй. Унасны эцэст босох нь жам учраас хөсөр хаягдсан ч “хөзрийн” хүнээ л хадгалъя.

Л.Нарантөгс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж