
МАХН-ын төв штабын зохицуулагч Н.Удвалтай ярилцлаа.
-Танай штаб байгуулагдаад бараг сар болох гэж байна. Өнгөрсөн хугацаанд МАХН-ын буурийг сахигчид юу хийсэн бэ?
-Энэ сарын 17-нд нэг сар болох юм. Энэ хугацаанд МАХН-д үлдэх хүсэлтэй гишүүдээ бүртгэх ажил хийж байна. Онц их хурал хийх талаар судалгаа явуулж байгаа. Гишүүд эхний үед штаб дээр ирэх юм уу, утсаар бүртгүүлдэг байсан. Одоо бол орон нутгаар хүмүүс явж бүртгэж байгаа. Сүүлийн үед МАХН-ыг дэмжиж байгаа хандлага нэлээд өслөө. Ер нь хот хөдөөгүй наашаа давалгаалчихлаа. Жирийн гишүүд бол МАН-д орох сонирхол багатай байна. Төрийн албанд ороод намаасаа түдгэлзсэн хүмүүс ажлаасаа өөрчлөгдөхөөрөө эргэж манайд ирж гишүүнчлэлээ сэргээлгэх хандлага бас байна. Гишүүдийнхээ нарийн тоог хараахан гаргаж чадаагүй байна. Онц их хурлын өмнө тодорхой болно.
-Онц их хурлаа хэзээ хийх вэ?
-Тодорхой нөхцөл шалтгааны улмаас нарийн тов хэлж болохгүй байна. Ажлын хэсэг гаргаад Онц их хурал дээр тавих илтгэлүүд, намын дүрэм, мөрийн хөтөлбөрт оруулах өөрчлөлт зэргийг ярилцаж нэлээд эрчимтэй ажиллаж байгаа. Төлөөлөгчдөө түрүүчээс нь сонгоод эхэлсэн. Дор хаяж 800 төлөөлөгч сонгоно. Мянга гаргаж ч магадгүй. Асуудал өөрөө хурц байгаа учраас олон хүний үгийг сонсох хэрэгтэй байна. Олны дундаас л зөв шийдвэр гарна шүү дээ.
-Танай штабаас МАН-ын асуудлаар Үндсэн хуулийн Цэцэд хандаж байгаа гэсэн?
-МАХН-аас МАН гэдэг хэсэг тасарч гарснаас болоод хууль, эрх зүйн маргаанууд үүссэн. Түүнийг судлах бүхэл бүтэн хуулийн хэсэг штаб дээр ажиллаж байна. Улс төрийн намыг өөрчлөн байгуулах, намын нэрийг өөрчлөх зэрэг намтай холбоотой хуулийн заалтуудыг хэрхэн хэрэгжүүлсэн, Улсын дээд шүүхэд МАН-ыг бүртгүүлсэн байдал зэрэгтэй холбоотой хууль, эрх зүйн хувьд тодорхойгүй, хууль зөрчсөн байж болох асуудлууд үүсээд байгаа. Гишүүд үүнийг цэвэр өөрсдийн санаачлагаар хийгээд явж байгаа. Үндсэн хуулийн Цэцэд ч хандсан байна лээ. Улс төрийн намуудын тухай хуульд “Намын нэр” гэсэн бүлэг бий. Өмнө нь тэнд өөрчлөгдсөн, татан буугдсан намын нэрийг хэдэн жилээр хэрэглэхгүй гэсэн заалт байсан. Тэр нь Үндсэн хууль зөрчсөн байна гээд н.Сэлэнгэ гэдэг багш тухайн үед Цэцэд гомдол гаргасан юм байна лээ. Үндсэн хуулийн Цэц гомдлыг хэлэлцээд хуулийн тэр заалт Үндсэн хуулийг үнэхээр зөрчсөн байна гээд хассан юм билээ. Өөрөөр хэлбэл, намын нэрийг тодорхой хугацаанд дахиж хэрэглэхгүй гэсэн хуулийн заалтыг Цэцийн шийдвэрээр хассан тухай Үндсэн хуулийн Цэцийн 2005 оны нэгдүгээр сарын 14-ний 01 тоот тогтоол гэж байдаг. Яг тэр хассан заалтыг сая МАН Улсын дээд шүүхэд бүртгүүлэхдээ хүчинтэй мэтээр хэрэглэчихсэн. Ийм зөрчилтэй асуудал үүсч байгаа болохоор түүгээр Цэцэд хандсан гэж ойлгосон.
-МАН-ын Хяналтын ерөнхий хороогоор Ц.Шинэбаяр гишүүн та хоёрыг хэлэлцсэн, С.Молор-Эрдэнэ судлаачийг Сүхбаатар дүүргийн шүүхэд өгсөн гэсэн…
-Хяналтын хороогоор хэлэлцэнэ. Намаас хөөнө гээд байх юм. Бид МАН-д элсээгүй болохоор Ардын намын Хяналтын хороо бидэнд хамаагүй шүү дээ. Бид чинь МАХН-ын гишүүд. МАН-д огт хамаагүй. МАХН-д элссэндээ, энэ намын нэрээс бид ичээгүй. “Яасан муухай нэртэй намд элсчихэв ээ” гэж нэг ч өдөр би хувьдаа бодоогүй. Харин МАХН гэдэг намын нэрээр өндөр албан тушаалд гарч, эцэст нь “муухай нэртэй” гээд хаяж явсан хүмүүсээс л ичиж байна. МАН-д элсээгүй, өргөдлөө өгөөгүй, батлахыг нь аваагүй болохоор биднийг Хяналтын хороогоор хэлэлцэх, шүүхэд өгөх ямар ч эрх зүйн чадамж МАН-д байхгүй. Бидний хооронд эрх зүйн харилцаа үүсээгүй.
-С.Молор-Эрдэнийг МАХН-д ямар ч хамаагүй, Ногоон намын хүн үймүүлж байсан гэх юм билээ?
-Судлаач, багш С.Молор-Эрдэнэ бол бидний “Ухрах уу, урагшлах уу” хөдөлгөөнөөс эхлээд хамтарч ажилласан манай дэмжигч байсан. МАХН-ын төв штаб байгуулагдахад МАХН-д элссэн. Одоо бол МАХН-ын гишүүн. Ногоон намтай холбоотой байсан эсэхийг би бол мэдэхгүй. Биднийг дотроос нь бутаргах, янз бүрийн албан тушаал амлах, ятгах гээд янз янзын ажлыг МАН-ын зүгээс хийж байгаа юм байна. Манай штаб дотор нөлөө бүхий, идэвхтэй ажиллаж байгаа хүмүүсийг МАН-ын Удирдах зөвлөлийн нэг нэг хүнд хариуцуулаад “ийм тийм албан тушаал амла, гадагш нь явуулах санал тавь” гэх мэт зүйл хийж байгаа юм билээ. Нэг жишээ гэвэл надад саяхан, гурав дөрөв хоногийн өмнө, Оксфордын их сургуульд нэг төсөл дээр хамтран ажиллах урилга ирсэн л дээ. Энэ санал тэр ятгалгын нэг төрөл байхыг үгүйсгэхгүй. Одоо бол биднийг ямар ч эрх мэдэл, албан тушаал, эд баялгаар зогсоож чадахгүй болсон. Явдаг процесс бидэнтэй бидэнгүй явчих юм шиг байна.
-“Хувьсгалт” гэдэг үг муухайдаа ч биш, долдугаар сарын 1-ний хэрэг явдал, бас УИХ-ын 2008 оны сонгуулиар амласан 1,5 сая төгрөг, айлуудаар тараасан батламж бичгээ хэрэгжүүлж чадахгүй болохоороо түүнээсээ бултах гэж нэрээ сольсон гэх яриа гарах болсон?
-Хариуцлагаас зугтах гэж ингээд байна гэдгийг бид намар “Ухрах уу, урагшлах уу” хэлэлцүүлэг дээрээ ярьж байсан. МАХН-ын дарга нар амлалтаа биелүүлсэнгүй, хариуцлагаас зугтах гэж байна. Авлига хээл хахууль, ядууралтай тэмцсэнгүй. Ажлын байрыг олигтой бий болгож чадсангүй. Боловсон хүчний бодлогоо зөв хэрэгжүүлсэнгүй. Намын ХХY их хурлынхаа шийдвэрийг хэрэгжүүлсэнгүй. Тэр бүхнийхээ талаар тайлагнах зүйлгүй, бас хэрэгжүүлье гэсэн улс төрийн хүсэл сонирхолгүй болохоор арга буюу бууриа сэлгэж арай өөр имижтэй болж гарч ирэх гэж байна гэж бид хэлэлцүүлэг дээрээ ярьж байсан. Гэтэл нэрээ сольсон биш бүр дордоод, өмнөөс хүмүүс “Өө хэвээрээ байна шүү дээ” гэдэг болсон байна. Намын нэр ус ямар ч хамаагүй гэдгийг эндээс харж болж байна. Ер нь МАХН МАН болсон нь сайн үр дагавар авчирсангүй гэдэг эндээс харагдаж байна л даа. МАН, Монголын Ардчилсан нам хоёр нэг нэртэй болоод цаашдаа нэгдэх юм гэнэ лээ гэж зарим хүн бичсэн байна лээ. Цааших алхмыг бол хэлж мэдэхгүй. Ямар ч гэсэн МАН болсон нь зүй зохисоороо явж байгаа процесс гэж би үзэхгүй. Аль нэг бүлэглэлийн хийж байгаа, зориудаар МАХН-ыг түүхийн тавцангаас арчиж хаях гэсэн үйл явц гэж би хувьдаа ойлгож байгаа.
Манай ХХYI их хурал их хэцүү болсон л доо. Хайрцаглачихсан. Би намын олон их хуралд сууж үзсэн. Харин сая тарааж өгсөн цүнхэн доторхийг хараад үнэндээ гайхсан. Тэнд “Титэм үг” гэдэг ном байсан. Тэгсэн мөртөө илтгэлүүд огт байхгүй. Өмнөх их хурлуудаар дарга нарынхаа илтгэлийг Хяналтын хорооныхоо илтгэлтэй тараадаг байлаа. Тэндээс үг хэлэх сэдэв зэргээ төлөөлөгчид хардаг байсан. Гэтэл сая үзэж харах юм юу ч байгаагүй. Төлөөлөгчид бол “дарга сая юу ярьчихав” гээд л хоцрохоос биш түүнийг хэлэлцэх атмосфер, уур амьсгал бүрдсэнгүй. Нөгөө талаас хурлаас гаргасан шийдвэрүүдээ гишүүдийнхээ гар дээр хүргээгүй. МАН-ыг Улсын дээд шүүхэд бүртгүүлсний дараа л сая сонинд хэвлүүлсэн. Зүгээр ийм процессийн дараа анализ хийгээд үзэхэд л ямар хурал болсон нь тодорхой харагдаж байна.
-МАХН-ын ХХY их хуралтай харьцуулахад МАН-ын ардчилал их суларчээ?
-Түүнтэй зүйрлэх юм биш. ХХY их хурал дээр гишүүд хэлэх гэснээ хэлж дарга нараа чөлөөтэй шүүмжилж болж байсан. Сая бол үг хэлэх гэхэд боломжгүй, бараг хэрүүл хийж байж нэрээ оруулсан. МАХН-ын дарга байсан Г.Очирбат гуай “Би чиний нэрийг оруулж өгье” гэж байж би арай хийж үг хэлэх зөвшөөрөл авсан. Дарга нар өөрийнхөө талын хүмүүст үг захиалчихсан. Аймаг, дүүргээс хоёр хоёр хүнээр тийм тийм үг хэлүүл гээд даалгачихсан. Захиалгагүй хүнд үг хэлэх ямар ч боломж олдоогүй.
-МАХН-ын төв штабын цаана Н.Энхбаяр дарга бий. Бусад нь зүгээр л амьгүй албат гэсэн яриа гарч байгаа. Та нар ч гэсэн нэг хүний толгойгоор яваад байгаа юм биш биз?
-Биднийг элдвээр л хэлж байгаа. “Таныг гудамжинд гарчихсан явж байна гэж хүмүүс яриад байна” гэж надад хүн хэлж байсан. Нийгэмд үнэт зүйлийн зөрчил гэж чухал зүйл байна. Өөрсдийгөө элит, мөнгөтэй, ордныхон гэж дээш тавьсан дарга нар энгийн иргэд, жирийн гишүүдээ, иргэний нийгмийнхнийг гудамжныхан гэж нэрлэдэг болсон юм байна. Тэгээд биднийг араасаа бас нэг хүнээр хатгуулж суудаг гэж санадаг бололтой юм. Санал зөрсөн хүн, энгийн жирийн хүн гудамжныхан болдог юм байна, МАН-ын дарга нарт. Эрх баригчид иргэддээ ингэж ханддаг үнэлэмж тогтоочихож. Сонгуулийн үед “Сонгогч хаан шүү” гэчихээд, сонгуульд ялж ордонд суумагцаа нөгөө жирийн сонгогч үг хэлэх гэхээр “гудамжны хүний үг” гэж нэрлэдэг болсон байна. Энэ бол өнөөгийн төр иргэндээ яаж хандаж байгаагийн тод жишээ. “Ордныхон ба гудамжныхан” гэсэн хоёрхон томъёололтой. Өөрсдөө яаж ордонд хүрсэн юм. Хууль бусаар, мөнгөөр ордонд орж олигархи болсон нөхөд шүү дээ. Иргэдэд Үндсэн хуулиар олгогдсон эрх гэж юу байдгийг ч мартсан байх. Тийм болохоор сонгогчид тэднээс хөндийрч байна. Үгийг нь сонсох тийм намыг хайж эхлэх хандлагатай болчихож. Нийгэмд шударга үнэнийг хайх давалгаа эхэлчихлээ. Ардчилсан намын жирийн гишүүд ч ялгаагүй.
-Онц их хурлынхаа дараа та нарын хийх алхам юу байх вэ. УИХ-ын 2012 оны сонгуульд нэрсээ дэвшүүлэх үү?
-Онц их хурал хийнэ гэдэг МАХН зохион байгуулалтдаа орно гэсэн үг шүү дээ. Улс төрийн нам ямар үйл ажиллагаа явуулдаг билээ, тэр бүгдийг хийнэ. Байр түрээслээд бүх ажлыг анхнаасаа эхлээд явж байна. Цаашдаа бэхжээд явах байх. Намаа эмхлээд авахаар цаашдын ажил аяндаа бүтэх байх. Цэц энэ тэр юу болохыг харъя.
-МАХН гэдэг нэрийг яагаад ч та нарт өгөхгүй гэвэл яах вэ?
-Хуулиараа бол өгөхөөс аргагүй. Монгол Улс чинь хуультай, ардчилсан орон. Өгөхгүй гэх үндэслэл байхгүй. Бид чинь итгэл үнэмшил дээрээ үнэнч үлдсэн гишүүд шүү дээ. Шударга байя гэсэн гишүүд байхгүй юү. Монголд энэ олон нам байхад бид итгэл үнэмшлээ дагаж л МАХН-д элссэн шүү дээ.
-МАН гэчихээр итгэл үнэмшил зөрж байна уу?
-Зөрнө. МАН-ын удирдлагууд сүүлийн үед хөрөнгөтний маягийн бодлого барьж байгаа. Үзэл баримтлал зүүн төвийн гэж байгаа ч барууны маягийн болчихсон. Чинээлэг хүмүүсийг дэмждэг. Бид зүүн төвийн байр суурь дээрээ байя л даа. Ингээд бидний чиг зөрж байгаа. Тэднийг ч буруутгах аргагүй. Өөрсдөө чинээлэг учраас өөрсдийн төвшний хүмүүсийг л дэмжинэ шүү дээ. МАН-ын Хичээн эрмэлзэх зүйл дээр ч С.Баяр дарга танилцуулахдаа үндэсний ардчилсан үзлийг баримтална гэдгээ хэлсэн. Энэ бол барууны үзэл баримтлал.
-Монголд зүүний хүчний орон зай гарсан гэж үү?
-Тэр орон зай хоосорсон. Тэгэхээр МАХН түүнийг эзлэхээс яахав. Тэр орон зай зайлшгүй эзэнтэй байх ёстой. Түүнээс гадна МАН гэдэг нам гарч ирснээр төр өөрөө хямралд орсон. УИХ-д бүлэг байхгүй болсон.
-Ганц Х үсэг авснаас өөр өөрчлөлт байхгүй. Бүлэг хэвээрээ гэж МАН-ын дарга нар хэлээд байгаа?
-УИХ-ын тухай хуулийн “Бүлэг байгуулах” гэсэн заалтад УИХ-ын сонгуульд орсон субъектээрээ бүлэг байгуулна гээд тов тодорхой заачихсан. 2008 онд сонгуулийн жагсаалтад МАХН гэдэг нэрээр орж ялалт байгуулсан нам биз дээ. Тэр нэрээрээ бүлэг байгуулсан. Ганцхан УИХ ч биш, аймаг, орон нутгийн Иргэдийн Хуралд ч МАХН нэрээр бүлэг байгуулсан. Тэгж үзвэл МАН болсноор УИХ-ын гишүүд, Иргэдийн Хурлын төлөөлөгчид бүгд бие даагч болж байгаа. Ингэснээр улсын хэмжээнд, бүх шатандаа төрийн хямрал үүсгэлээ. Ноцтой юм болоод байна, цаана чинь.