Шөнийн цахилгааны үнийг судална

Хуучирсан мэдээ: 2010.12.10-нд нийтлэгдсэн

Шөнийн цахилгааны үнийг судална

Жил тутамд улсаас татаас авч, Засгийн газар баталгаа гарган 500 гаруй тэрбум төгрөгийн зээл авсан байтлаа өөдөө гарч, өрнөөсөө салаагүй салбар бол Дулааны цахилгаан станцууд. Гэтэл жил ирэх тутам эрчим хүчний хэрэглээ өсөөд байдаг. Судалгаагаар Монгол Улс 2013 оноос эрчим хүчний хэрэглээгээ хангаж чадахгүйд хүрнэ. Тиймээс эдгээр хүчин зүйлүүдэд арга хэмжээ авах үүднээс УИХ-ын нэр бүхий гишүүд хуулийн төсөл санаачлан УИХ-д өргөн мэдүүлсэн байсныг өчигдөр парламентаар хэлэлцээд анхны хэлэлцүүлгээр нь баталсан юм. Гэхдээ энэхүү тогтоолын төслийг батлахын өмнө гаргасан нэг чухал санаа бол ахуйн хэрэглээний шөнийн цахилгааны үнийг 0 төгрөгт шилжүүлэх тухай байв. Эрчим хүчний хэрэглээ өсөн нэмэгдэж, Дулааны V цахилгаан станц байгуулах тухай асуудал босч ирж буй хүндхэн нөхцөлд энэ нь бүтэшгүй мөрөөдөл мэт санагдах ч, УИХ-ын гишүүн Л.Гантөмөрийн гаргасан дээрх саналын цаад утга нь  Улаанбаатар хотыг хорт утаанаас салгахад  гэр хорооллыг цахилгаан халаагуурт шилжүүлэх явдал гэж үзжээ. Техник технологи өндөр хурдацтай хөгжиж буй өнөөгийн нөхцөлд эрчим хүчний хэмнэлттэй технологи олноор бүтээгдэх болсон. Иймд монгол инженерүүддээ итгэл найдвар ихээхэн хүлээлгэж байна гэдгээ тэрбээр онцолсон. Мөн УИХ-ын гишүүн Д.Энхбат түүний талд байгаагаа илэрхийлж, иргэдэд сар тутамд 21 мянган төгрөг бэлнээр тараахын оронд түүнийг нь цахилгааны үнэд шилжүүлэх ёстой гэлээ. Монгол юугаар баян юм, түүгээрээ ард иргэдийнхээ амьжиргааг дээшлүүлэх. Эх үүсвэр бол бий, энэ нь нүүрс. Тавантолгойн коксжих нүүрсийг Хятад руу экспортлохын зэрэгцээ дотооддоо үр дүнтэй ашиглах нь чухал. Түүнээс бэлэн мөнгө тарааж өгснөөр амьдрал сайжирч, ядуурлыг бууруулчихгүй. Засгийн газар ирэх жилүүдэд 100 мянган айл орон сууц хөтөлбөр хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Түүнээс 80 мянган айлын орон сууц нь Улаанбаатар хотод сүндэрлэн босно. Гэвч газар байхгүйн зэрэгцээ урт хугацаа шаардана. Үнэхээр л нийслэлийн хорт утаатай тэмцье гэж байгаа бол гэр хорооллыг цахилгаан халаагуурт шилжүүлж, газны хэрэглээг нэмэгдүүлэх.  Тэгэхгүй бол гэр хорооллын иргэд орон сууцанд амьдрагсдын дулааны үнийн нөхөөсийг төлж амьдрах нь шударга бус. Өнгөрсөн хугацаанд станцууд дулаанаас маш их хэмжээний алдагдал хүлээж ирсэн ч, түүнийхээ багагүй хэсгийг цахилгааны үнэд шингээж, гэр хорооллын иргэдийг мэрж иржээ. Бүр тэгээд ядуу амьдарч байгаа иргэддээ үнийн дарамт буулгаж ирсэн байгаа юм. Тиймээс 2011 онд 805 тэрбум төгрөгийг иргэдэд цацах гэж тэнэгтэж суухынхаа оронд гэр хорооллыг цахилгаан халаагуурт шилжүүлэх ая тал бодох нь илүү үр дүнтэй алхам болно” гэв.

Салбарынхаа асуудал дээр л ам ангайдаг УИХ-ын гишүүн, Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдорж энэ утаад утаанд анхаарлаа хандууллаа. Нийслэлийн хорт утааг багасгахын тулд захиргаадалтын арга хэрэглэхээс аргагүй. Ардчилал, хүний эрх чөлөө яривал бүтэшгүй мөрөөдөл гэж хэлж байна. Тэр дундаа Улаанбаатар хот руу мод, нүүрс оруулахыг хатуу хориглохгүй бол Монголын төрөөс утаатай тэмцэх зорилгоор тэрбум тэрбумаар нь хөрөнгө цацаад үр дүн авчрахгүй гэв.

Ийнхүү шөнийн цахилгааны үнийг 0 төгрөгт шилжүүлэх тухай PR –ыг гурван ч гишүүн сэнхэртэл хийсний дүнд санал дэмжлэг авч, Түлш эрчим хүчний талаар авах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг батлав. Ингэхдээ гэр ахуйн хэрэглээний шөнийн цахилгааны үнийг 0 төгрөгт шилжүүлэх талаар нарийвчлан судалгаа хийх үүргийг УИХ Эрдэс, баялаг эрчим хүчний яаманд даалгасан юм.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж