Дундговийн ардчилагчид ойгоо тэмдэглэв

Хуучирсан мэдээ: 2010.12.09-нд нийтлэгдсэн

Дундговийн ардчилагчид ойгоо тэмдэглэв

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Ардчилсан хувьсгалын 20 жилийн ойн хаалтад зориулсан ёслол Мандалговьд боллоо. Аймгийн Ардчилсан намын дарга Л.Данзанноров баярын хурлыг нээж  хэлсэн үгэндээ: Монгол оронд өрнөсөн Цагаан морин жилийн ардчилсан хувьсгалын 20 жилийн ой өнөөдөр тохиож байна. Энд хүрэлцэн ирсэн зочид төлөөлөгчид, журмын олон нөхөд, аймгийнхаа нийт иргэнд Ардчилсан хувьсгалын 20 жилийн ойн баярын мэндчилгээ дэвшүүлж сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж байгааг минь хүлээн авна уу.

     Монгол улсын Ерөнхийлөгч, ардчилсан хувьсгалын удирдагчдын нэг Цахиагийн Элбэгдоржийн нэгэнтээ зүйрлэн хэлснээр “Тэр жил хөр цасан дунд дөрвөн хөллөж буусан цагаан унага  Монголын газрын зургийн энгээр өсч Монгол түмнийг дүүрэн бэлгэтэй , түвшин жаргалтай авч явах ир нь жагссан хурдан хүлэг болжээ” 

        Ардчилсан хувьсгал  Монголын ард түмний заяа буяныг түшилцэж  энэ 20 жилийн  хугацаанд  хүн ардад юугаар ч үнэлж цэгнэх аргагүй эрхэм дээд эрх чөлөө, ардчиллын бүх үнэт зүйл, хувийн өмчийг  өглөө. Монгол хүн бүрт өөрийн толгой мэдэлтэй, сэтгэл хангалуун, цээж тэнэгэр, эрх чөлөөтэй, элбэг хангалуун амьдрах  түүхэн эринийг авчирлаа.      Хорин жил гэдэг нийгмийн амьдралтай жишвэл өчүүхэн бага хугацаа ч гэлээ Монгол орныг  нийгмийн байгууллын нь хувьд шинэчилсэн, хүн төрөлхтөний жам ёсны хөгжлийн гольдролд оруулсан зуу зуун жилээр дуурсагдах гавьяат үйлс нь энэхүү Ардчилсан хувьсгал гэдгийг Монголын төр, Монголын ард түмэн өнөөдөр хүлээн зөвшөөрч Ардчилсан хувьсгалд хүндэтгэл үзүүлж байна…” гээд Дундговь аймагт ардчилсан хувьсгал хэрхэн өрнөсөн, тэрхүү хувьсгалыг манлайлагчдын гавьяат үйлсийг онулон тэмдэглэлээ.

        Баярын хуралд МоАХ-ны тэргүүлэгч гишүүн Ж.Равдандорж, Монгол улсын Төрийн шагналт,  гавьяат жүжигчинД.Сосорбарам, Дундговь  аймгийн Засаг дарга Д.Чандмань,  Улаанбаатар дахь Дундговь аймгийн нутгийн зөвлөлийн тэргүүлэгч Б.Мөнхболор, Луус сумын АН-ын дарга Н.Ганбаатар, аймгийн АН-ын дэд дарга, МоАХ-ын дарга Ж.Мөнхтөр нар баяр хүргэж үг хэллээ.

        АН-ын Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүн, УТБА-ийн салбарын захирал М.Энхбат дундговь аймагт өрнөсөн Ардчилсан хувьсгалын 20 жилийн түүхэн үйл явдлыг багтаасан дурсамж, өгүүлэл, фото цомог бүхий “Хүмүүний амьдрал” сэтгүүлийн тусгай дугаар хэвлүүлснээ баяр оролцогчдод сюрприз болгон барьж бэлэглэлээ.

        Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зарлигаар төрийн дээд шагнал хүртсэн Сайнцагаан сумын багийн Засаг дарга Т.Батжаргалд “Алтан гадас” одон, Дэлгэрцогт сумын багийн Засаг дарга, АН-ын дарга П.Амгаланбаатар, ХХААЖДҮ-ийн газрын даргын үүрэг гүйцэтгэгч М.Мөнхжаргал ЦШС-ний салбарын инженер Ж.Шарав нарт “Хөдөлмөрийн хүндэт медаль”-ийг энд гардуулж АН, МоАХ-ны дээд шагналаар  хэдэн арван хүн шагнагдлаа.   

        Баярын хуралд хүрэлцэн ирсэн Монгол улсын төрийн шагналт, гавьяат жүжигчин Д.Сосорбарам “Үлэмжийн чанар” бие даасан концертоо аймгийн театрын хөл гишгэх зайгүйгээр хүмүүс пиг дүүрсэн танхимд толилуулахдаа “Төрийн эрхэм дээд шагнал хүртсэний дараах анхны тоглолтоо аугаа их Ж.Дорждагва, Норовбанзад нарын нутагт, дуу хуурын эх оронд тоглож байгаагаа ихэд бэлгэшээж сэтгэл догдолсноо илэрхийллээ.

    Баярын үеэр улс, аймгийн алдар цолтой 64 бөхийн барилдаан болж Улсын харцага Л.Пүрэвжав түрүүлж улсын арслан Ганхуяг үзүүрлэлээ.  Энд түрүүлсэн бөхийн бай  нэг сая төгрөг байсан нь аймагт тэр бүр дуулдаагүй өндөр шагнал байлаа. Баярт зориулсан цэнгүүнд Соёлын тэргүүний ажилтан, дуучин Б.Болдбаатар, Гантулга”Харш” хамтлагийн дуучин Баасандорж нар, болон нэрд гарч яваа залуу хамтлагууд оролцон ая дуугаа өргөлөө.

        Энэхүү баярын  бөхийн барилдааныг нутгийн зөвлөлийн тэргүүлэгч Б.Мөнхболор, урлагийн тоглолт , цэнгүүнийг АН-ын ҮЗХ, ГЗ-ийн гишүүн Ж.Равдандорж, хүлээн авалтыг Булган аймгийн МоАХ-ны дарга Базарсадын Батсайхан нар ивээн тэтгэсэнд Ардчилсан хувьсгалын ахмад зүтгэлтнүүд, гишүүд баярлаж талархсанаа илэрхийлж байлаа. Ийнхүү Дундговь аймгийн төв Мандалговь нэгэн өдөр ардчилалаар амьсгалж баярлаж цэнгэн өнжлөө.

    С.Пүрэвсүрэн

                                    

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж