Таны хүүхдэд юу хамгийн их хэрэгтэй вэ?

Хуучирсан мэдээ: 2010.04.01-нд нийтлэгдсэн

Таны хүүхдэд юу хамгийн их хэрэгтэй вэ?

Би чамд хайртай
Энэ үгээр таны хүүхэд дутаж яваа юм биш биз. Та өөрийнхөө хүүхдэд мэдээж хайртай. Гэхдээ та тэдэндээ үүнийгээ хэлдэг үү? Хүүхдээ халуун дотноор тэвэрч, ямар их хайртайгаа, тэр таны амьдралд ямар их аз жаргал авчирсныг ярьдаг байх хүүхдэд хамгийн их хэрэгтэй байдаг гэнэ. Аав, ээждээ хэрэгтэй чухал хүн гэдгээ мэдрэх нь хүүхдийг өөртөө итгэлтэй мөн бусдыг хайрлаж чаддаг хүн болгодог байна.

Хэмжээ хязгаар
Ресторанд ч юм уу хаа нэгтээ хажуугийн ширээнд сууж буй хүүхэд дэггүйтэж, эргэн тойрны хүмүүсийнхээ тав тухыг алдагдуулан, эцэг эх нь энэ хүүхдийг яаж хүмүүжүүлсэн юм болдоо гэж хүмүүс гайхаж байхтай та таарсан уу. Магадгүй таны хүүхэд ч тийм зантай байж болох юм. Энэ нь буруу хайрласнаас болдог гэнэ. Хүүхдээ та хайрлаж, хайртай гэдгээ мэдрүүлж байх хэрэгтэй боловч хайрынхаа хэмжээ хязгаарыг зөв тогтоох хэрэгтэй. Хайрлаж байгаа нь энэ гээд хүссэн бүхнээ хийх гэж зүтгэдэг хэтэрхий дураараа зан сургаж болохгүй.

Харилцан яриа
Чин сэтгэлийн яриа таны хүүхдэд ус, агаар шиг хэрэгтэй байдаг байна. Эцэг эхчүүдийн дийлэнх нь хүүхдийнхээ юу хүссэнийг биш өөрсдөө юу хүссэнээ тэднээр хийлгэх гэдэг байна. Хамгийн энгийн жишээ гэхэд даалгавраа хий, хичээлээ сайн давт гэж өдөр бүр үглэдэг хирнээ яг ямар хичээлд сонирхолтой юу сурахыг хүсч байгааг нь төдийлөн анхаардаггүй байна.
Ямар нэг буруу юм хийлээ гэхэд уурлаж, загнахаасаа өмнө учир шалтгааныг нь асууж байх хэрэгтэй.

Дотно холбоо
Хүүхдийнхээ хувийн нууцыг та найз нараас нь сонсдог уу, тэд хамгийн түрүүнд  таньтай хуваалцахыг хүсдэг үү?
Эцэг, эхчүүд хүүхэдтэйгээ үргэлж нялх, балчир юм шиг харьцах нь тэднийг хувийн зүйлээ хуваалцаж ярилцахад нь хамгийн том саад болдог байна. Тиймээс та хүүхэдтэйгээ аль болох насанд нь тохируулж, харьцаж байхыг хичээгээрэй. Тэдэнтэй илэн далангуй ярилцаж чаддаг байх нь хүүхдээ алдаж болох олон алдаанаас урьдчилан сэргийлэх дархлаа болно гэдгийг санаарай.

Тоглох цаг
Та ч гэсэн хүүхэд байхдаа тоглох дуртай байсан шүү дээ. Тийм болохоор хүүхэддээ тоглох цаг байнга гаргаж өгөөрэй. Гэхдээ мэдээж хэмжээ хязгаартай. Түглоом тоголж байхдаа хүүхэд олон зүйлийг танин мэдэж, сэтгэхүй нь хөгждөг байна. Мөн бусад хүүхдүүдтэй тоглох нь нийгмийн харилцаанд орох анхны алхам болдог бөгөөд бусадтай харилцан ойлголцож, зарим тохиолдолд буулт хийж сурдаг сайн талтай гэнэ.

Биеэ даасан байдал
Хүн бүр өөр, өөрийн гэсэн ертөнц, орон зайтай байдаг. Та хүүхдийнхээ хувийн орон зай руу нь хэтэрхий орох хэрэггүй. Багаас нь ямар нэг зүйлийг бие даан шийдэх боломж олгож байгаарай. Ялангуяа өөртэй нь холбоотой асуудал дээр саналыг нь заавал сонсож байх хэрэгтэй. Бүх зүйлийг өмнөөс нь шийдсэнээр та хүүхдээ сул дорой, тэмцэх чадваргүй нэгэн болгоно.

Н.Цэнд
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж