Э.Бадар-Ууган: Олимпийн хошой аварга болохыг хүсч байна

Хуучирсан мэдээ: 2010.02.26-нд нийтлэгдсэн

Э.Бадар-Ууган: Олимпийн хошой аварга болохыг хүсч байна

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Э.Бадар-Ууганы Бээжингийн олимпийн наадмаас медаль хүртсэн түүхт өдөр өнөөдөр тохиож байгаа билээ. Одоогоос яг жилийн өмнө хүн төрөлхтний спортын их наадмаас аваргын алтан медаль хүртэж, эх орондоо “Олимпийн аварга” хэмээх нэр хүндтэй цолыг авчирсан гавьяат тамирчин Э.Бадар-Уугантай уулзаж, сэтгэгдлийг нь сонслоо.

-Юуны өмнө баяр хүргэе. Нэг жил хэр хурдан өнгөрсөн санагдаж байна?

-Баярлалаа. Бээжингийн олимпийн наадмаас медаль хүртсэн сайхан өдөр өнөөдөр тохиож байна. Сэтгэл их хөдөлж байна. Эргээд бодоход нэг жилийн хугацаа маш хурдан өнгөрчээ. Нэг жил өнгөрсөн гэдэг маань гуравхан жилийн дараа дараагийн олимп болох гэж байгааг сануулж байна. Гурван жилийн хугацаа юу байх дээ. Нэг л мэдэхэд дараагийн олимп болно. Тиймээс одооноос эхлээд бэлтгэл сургуулилтдаа анхаарлаа хандуулахыг яарч байна.

-Жилийн өмнөх яг энэ цаг мөчид /09.40 цагт/ сэтгэлзүйн байдал ямар байсан бол?

-Ер нь тоглолт бүртээ өөртөө итгэлтэй байсан. Аваргын төлөөх тоглолтын өмнө янз бүрийн зүйл бодож, тайван байдлаа алдаагүй. Одоо бодоход жилийн өмнөх яг энэ цаг хугацаанд аваргын төлөө тоглох гээд биеэ бэлтгээд байж байлаа. Өглөөгүүр ерөнхийдөө тайван, амарч байсан.

-Олимпийн аварга медалийнхаа “Төрсөн өдөр”-ийг яаж тэмдэглэх гэж байна?

-Ерөнхийдөө өчигдөр /VIII.23/ Төв аймагт, нутгийнхантайгаа хамт тэмдэглэлээ. Медаль хүртсэн өдрийг тохиолдуулаад манай нутгийнхан Төв аймгийн Заамар суманд хүндэтгэл үзүүлэх наадам хийсэн юм.

-Баяр наадамд хэн түрүүлж, үзүүрлэв?

-Наадамд улс, аймгийн алдар цолтой 64 бөх барилдсан. Их сайхан наадам болж, сэтгэл их хөдөлсөн. Наадамд Өвөрхангай аймгийн Баянгол сумын харьяат, улсын заан Б.Сайнбаяр түрүүлж, Говь-Алтай аймгийн харьяат, аймгийн арслан Д.Багахүү үзүүрлэсэн. Харин их шөвөгт улсын гарьд Н.Ганбаатар, улсын заан Б.Соронзонболд нар үлдлээ.

-Боксын шигшээ багийнхан ирэх сарын эхээр дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд өрсөлдөх гэж байна. Манайхан Итали явсан байгаа. Харин та оролцохгүй ч гэсэн ДАШТ-ийг очиж үзэх үү?

-Манайхан энэ сарын дундуур Итали руу явсан. Тэмцээн есдүгээр сарын 1-12-ны өдрүүдэд болно. Миний хувьд энэ удаагийн тэмцээнд оролцох боломжгүй байгаа ч очиж үзэхээр явна.

-Хоёр жилд нэг удаа болдог тэмцээнийг өнжинө гэдэг харамсалтай л байгаа байх?

-Харин тийм ээ. Гэхдээ бэртэлтэй болохоор ямар ч арга байхгүй шүү дээ. Өнгөрсөн өвөл хагалгаанд орсон доо. Тэр хагалгааны дараа зургаан сарын хугацаанд тэмцээнд орох байтугай бэлтгэл ч хийж болохгүй гэсэн. Зургаан сар нь одоо үндсэндээ дуусч байна. Тэгэхээр цаг алдахгүй бэлтгэлээ сайн хийнэ ээ.

-Бэлтгэл жигдрээд ирэхээр оролцохоор төлөвлөж байгаа тэмцээн юу байна?

-Оны дараа л болох байх. Мэдээж хэрэг, олимпийн аварга болчихсон гээд зүгээр суух, бэлтгэл, тэмцээнээ хойш тавих ямар ч бодол надад байхгүй байна. Олимпийн хошой аварга болохыг хүсч байна. Үүний төлөө үлдсэн бүх өдрүүдэд хөдөлмөрлөж, хичээх болно оо.

Б.Энх /2009 оны 8 сарын 24/

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж