Барьцаанд тавьсан Асгатын ордоо хэзээ авах вэ?

Хуучирсан мэдээ: 2010.12.09-нд нийтлэгдсэн

Барьцаанд тавьсан Асгатын ордоо хэзээ авах вэ?

Монгол Улсын анхны Ерөн­хийлөгч “Алт” хөтөлбөр батал­сан нь газар нутгаа цөлжүүлэхэд ихээхэн үүрэг гүйцэтгэж, энэ цагаас хойш уул уурхайг ашиглах ажилд шаргуухан орсон, гадаадын олон улс орон ч манай уул уурхайн салбарт нүд унагах болсон. Сүүлдээ стратегийн томоохон орд газрууд дээр улс төр орж ирснээр бүр ч замбараагаа алдлаа. Улс төрийн хоёр их хүчин бие биетэйгээ барьцаад, Монголын аль их ашиг шимтэй орд газруудыг харийнханд хувийн эрх ашгийн үүднээс өгчихсөн гэдэг. Асгатын мөнгөний ордыг гэхэд 1993 оны Засгийн газрын тогтоолоор “Монголросцветмет” нэгдэлд эзэмших эрхийг нь олгожээ. Тухайн үед оросууд дангаараа байхыг хүсээгүй юу эсвэл хөрөнгө мөнгө нь багадсан уу, АНУ-ын хөрөнгө оруулалтыг татаж “Асгат мөнгө” хоёр улсын хамтарсан компанийг байгуулжээ.

Гэвч 1999 онд америкчууд хамтарч ажиллахаас татгалзаж нутаг буцсан гэдэг. Юутай ч орд газрын нөөц энэ тэрээс болоогүй гэдэг. Учир нь цаашид энэ орд газарт Монголын улс төрийн тоглолт орж ирнэ гэдгийг мэдсэн хэрэг. Угаа­саа Монгол, Оросын хувь ний­лүүлсэн нэгдэлд байдаг болохоор нь ч алсыг харсан байж болох. Гэхдээ ойрын эх сурвалжийн хэлж байгаагаар бол Ерөнхийлөгч асан Н.Энх­баярын фракциас түүнд өширх­сөн нэгэн америкчуудад  “ал­тан хошуу” өргөсөн гэлцдэг. Ма­гадгүй юм, хувиа хүртэж ча­даагүй гомдогсод өдгөө ч байсаар.

Америкчуудыг буцаад ба­раг хаалга хаагдаагүй байхад ту­хайн үеийн Ерөнхий сайд Н.Энхбаярын гарт Асга­тын мөнгөний орд орчих­сон байв. Түүнээс хойш  “Монгол­рос­цвет­мет” нэгдлийн ерөнхий­лөгч Х.Бадамсүрэн шүүх цаг­даа болж, арай л  “дээлээ нө­мөр­чихөлгүй” нэг юм хоёр яс салсаныг санаж буй. Харин түүний оронд О.Эрдэнэ гэдэг Увс нутгийн гаралтай хүнийг томилсон нь  өнөөдрийн ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийн гарт Асгатын орд орж ирэх алтан боломж нээгдсэн. Харин Ц.Нямдоржийн хашир ихдэн, алсаас гэтэж байж  буцаагаад Н.Энхбаярт  алдсан түүхийг эргэн саная. Н.Энхбаяр Орос улсад төлөх ёстой их өрийг тэглэсэн тухай шоу хийж орон даяар шуугиан дэгдээснийг уншигч олон санаж буй.  Тэр үед Н.Энхбаяр Оросын талтай хийсэн нууц хэлэлцээр байдгийг ч хэвлэлүүд шуугиж л байсан. 

Тэр нууц хэлэлцээрт “Орос улсад төлөх их өрийг чинь ба­рагдуулна. Харин түүний ха­риуд “Монголросцветмет” нэгд­­лийн Оросын талын ху­вийг нэмэгдүүл. Хэрэв гэрээг биелүү­лэх­гүй бол өр нэмэгдэх болно” гэсэн шантаажийг Оросын та­лаас өгсөн байдаг. Н.Энхбаяр арга буюу шантаажинд оро­хын сацуу удахгүй болох Ерөнхий­лөг­чийн сонгууль тархинд нь “тэнэсэн сум” шиг харвасан хэ­рэг.

Тиймээс хааны сэнтийг нэгэнт сэтгэлдээ зурж, өөрөө дээр нь морилчихсон хархүү юу ч бодолгүй Оросын талын эзэмших хувийг нэмэгдүүлэх тал дээр гэрээ хэлцэл болжээ. Гэсэн хэдий ч яг Засгийн газар хоорондын албан ёсны гэрээ хэлцэл 100 хувь явагдаагүй учир ах нар Асгатыг их өрийн барьцаанд байлгах шаардлага тавьж, Н.Энхбаярын “гарыг нь бариад бугуй”-г нь барьчихсан. Нэгэнт гараа атгуулсан нөхөр бугуй барина уу, булчин барина уу хамаагаа алдсан хэрэг. 

Тиймээс Н.Энхбаяр гэдэг нөхөр ийн найман тэрбум долларын өртөг бүхий орд газрыг юутай ч ах нарын 150 сая долларын барьцаанд тавьснаар Монгол Улсын Ерөнхийлөгч болчихсон.  Үнэнийг хэлэхэд Орос улсад төлөх ёстой их өрийг тэглэсэн гээд Н.Энхбаяр тэргүүтнүүд хундага өргөж байхад хөдөөх эгэл жирийн ардууд ч бас л хөөрхөн дарвиж байсныг тод санаж байна. Гэтэл үүний ар талд ийм булхай явж байна гэж тухайн үед хэн ч санаагүй, Засгийн газрын сайдууд нь ч дараа нь мэдсэн гэдэг. Одоо болохоор Монгол,Орос хоёр улсын хувь нийлүүлсэн нэгдлийн мэдэлд энэхүү ордыг бий гэдэг ч үнэн хэрэгтээ Орос улсын барьцаанд байдаг гэдгийг эх сурвалж хэлж байгаа юм. Тэгэхээр Асгатын ордыг ашиглах болоход эргээд л их өрийн асуудал сөхөгдөнө. Оросын талын хувийг тэдний санасан зоргоор нэмэхгүй бол их өрөө төл гэсэн шаардлага зүй ёсоор манай улсад тавигдана. Нөгөө талаар нууц хэлэлцээрийн схем сөхөгдөж таарна.

Хуучин хууль ёсны гэрээгээр бол Монголын тал 51, Оросын тал 49 хувь байгаа. Тэгэхээр нууц хэлэлцээрийн дагуу 150 сая долларын оронд Орост 51 хувиа эзэмшүүлэх үү. Эсвэл их өрөө төлөөд хуучин гэрээгээрээ үлдэх үү гэдэг асуудал үүсч байгаа юм. Юутай ч их өрийн барьцаанд тавьсан Асгатын ордоо хэзээ авахаар тооцоолж байгаа юм бол доо. Энэ мэт нууц хэлэлцээрийн амьд гэрчүүд өнөөдөр бий. Өөрийн гараар үйлдсэн нь ч бас байгаа. Магадгүй эртний явдал нь санагдаж, бас сөхөгдөж, улс төр рүү улайран зүтгээд байгааг ч үгүйсгэх аргагүй.

С.УУГАНБАЯР.

ЗОХИОГЧИЙН ЭРХ:
 “МОНГОЛЫН МЭДЭЭ” СОНИН.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж