Яагаад цахилгаан тасарч таныг бухимдуулаад байна вэ. Найдвартай ажиллагаа нь сулраад байгаагийн гэрч бус уу. Өнөөдөр Монголын эрчим хүчний салбарын найдвартай ажиллагаа маш сул байгаа. Үүнтэй хэн ч маргахгүй биз. Эрчим хүчний салбарын найдвартай ажиллагаа доройтсоор байгааг тайлбарлаж ярихыг орчлонгоос тасарчихаагүй бол олон удаа сонсоо байлгүй. Яагаад цахилгаан хоногийн 24 цагийн турш хэрэглэгчдэд очих найдвар багасаад байгаа юм бол. Бас л яагаад гэсэн асуулт. Энэ асуултад Монголын эрчим хүчний салбарт ажиллаж байгаа 10 мянган хүн “Яах юу байх вэ. Бид эрчим хүчээ зах зээлийн нийгмийн голдрилоор нь зарж чадахгүй байна” гэж хариулдаг. Монгол зах зээлийн нийгэмд шилжсэнээс хойш ингэж хариулсаар байна.
Эрчим хүчний зохицуулах газраас өнөөдрийн эрчим хүчний зах зээлийн бодит өртөг 115 төгрөг байна гэсэн судалгааг хийжээ. Одоо бид нэг квтц цахилгааныг хэдэн төгрөгөөр хэрэглэж байгаа билээ. Ахуйн хэрэглээ буюу хоол хийж, хувцсаа индүүдэж, зурагт үзэхдээ хэрэглэсэн нэг квтц цахилгаанд 79.8 төгрөг төлж байна. Аж ахуйн нэгжүүд 90 төгрөг төлж байгаа. Энэ өнгөрсөн жил нэмэгдсэн үнэ. Нэмэгдээд ч зах зээлийн бодит ханшид хүрээгүй байгаа биз. Хүрэхэд 35 төгрөг дутуу байна.
Дахиад яагаад зах зээлийн ханшид хүргэж болдоггүй юм бэ гэсэн асуулт ургана. Үүнд шулуухан хэлэхэд үе үеийн Засгийн газрууд, УИХ буруутай. Тэд цахилгааны үнийг хямд барьж, ард иргэдийн нуруунаас их ачаа авч хаясан болж жүжиглэдэг юм. Төрийн өндөр суудалдаа үлдэх “драм” тавьж байгаа нь тэр. Эрчим хүчний тарифыг бага байлгаснаараа тэд ард иргэдийн нуруунаас аймаар том бул чулууг авч чадаж байна уу. Үгүй. Үүнтэй холбоотой нэг жишээ дурьдая. Эрчим хүчний зохицуулах газраас 2002 онд цахилгааны тарифыг дөрвөн төгрөгөөр нэмэхээр болжээ. УИХ-аас ажлын хэсэг гарч хэлэлцэж, ярилцаад хоёр төгрөгөөр нэмэх шийдвэр гаргуулсан байдаг. Нэг өрх дундчаар 170 квтц цахилгаан сарын хэрэглээндээ зарцуулдаг судалгаа бий. Нэг өрхөд 340 төгрөгийн хэмнэлт олгосноороо тухайн үеийн УИХ гайхамшигтай үйл хийж үү. Үгүй дээ. Тэдний түмэнд нэр нүүр олох “драм” ингэж үргэлжилдэг. Үргэлжилсээр ч байгаа.
Сард нэг өрх дундчаар 170 квтц хэрэглэдэг юм бол зах зээлийн бодит ханш 115 төгрөгөөр нь үржүүлээд үзье. Сард нэг өрх 6000 төгрөг илүү төлөхөөр байна. Ийм хэмжээний мөнгө илүү төллөө гээд айл өрх ядууралд орох уу. “Баасан эгчийн төрсөн” өдрийг 6000 байтугай 60 мянган төгрөг үрж тэмдэглэдэг шүү дээ. Төр баруун солгойгүй мөнгө тарааж, байгаа өнөө цагт шийдэж болох хамгийн амархан асуудал энэ. Иргэд ч үнийг ухамсарлах хэрэгтэй. Төрийн өндөрлөгүүд цахилгааны тарифыг сүүлийн 10 жил зах зээлийн ханшид нь хүргэхээс “сэргийллээ”. Үнэхээр ард иргэдийн нуруунаас ачааг хөнгөлөв үү? Тэгвэл яагаад ядуурал буурахгүй байгаа юм. Яагаад улам нэмэгдээд байгаа юм. Энэ асуултыг нээлттэй үлдээе.
Тэгвэл үе үеийн Засгийн газар цахилгааны тарифыг бага тоонд барьснаар ямар үр дүн авчрав. Эрчим хүчний салбарын тамирыг барсан их муу үр дүнд авчирсан нь нүдэнд цоо ил байна. Эрчим хүчний тусгай зөвшөөрөл эзэмшдэг цахилгаан станцууд бүгд алдагдалтай ажиллаж байгаа. Өөр хоорондоо өр, авлагын сүлжээнд орсон. Цахилгаан станцууд л гэхэд нүүрсний уурхайнуудад олон тэрбумаар тоологдох өртэй. Багануур, Шивээ-Овоо, Шарын голын уурхай нүүрсээ цахилгаан станцуудад зээлээр өгнө. Бас алдагдалтай ажиллана. Тэгээд нүүрснийхээ үнийг нэмэх санал гаргана. Нүүрсний үнийг нэмэх нь эцсийн бүлэгт цахилгааны тарифыг өсгөхөөс өөр гарцгүй болгоно. Тиймээс төр цахилгааны тарифтай уялдуулж нүүрсний үнийг бас “доош нь чихээстэй”. Эрчим хүчний компаниуд урт хугацаатай зээл төлдөг нь бас алдагдалтай ажиллахад нь нэрмээс болдог.
Ардчилал ялсны дараа 1990-1996 онд манай цахилгаан станцуудын тоног төхөөрөмж хуучирч аваарийн горимд ажиллаж байсныг санаж байна уу. Улс орон даяар лаа барьж амьдрахдаа тулсан тэр үед гадаадаас 269 сая ам.долларын зээл авч, цахилгаан станцуудаа “сэхээн амьдруулсан”. Овоо тэнхээ орсон цахилгаан станцуудийн бие одоо дахиад муудаад эхэлснийг албаныхан дуулгаж байна. ТЭЦ-III-д дорвитойхон шинэчлэл хийхгүй бол нэг л өдөр нам зогсч мэдэхээр болжээ. Цахилгаан станцууд гэлтгүй эрчим хүчний дамжуулах, түгээх сүлжээний тоног төхөөрөмжүүд хэт хуучирсан гэнэ билээ. “Залгаасгүй кабель утас нэг ч үлдээгүй” гэж ярьж байна. Диспетчер “Гэмтэл гараад цахилгаан тасарлаа” гэж хэлдэг нь энэ салбар ямар эмзэг болсны гэрч бус уу.
Төвийн бүсийн компаниудад 2009 онд үндсэн хөрөнгийн дахин үнэлгээ хийхэд нэг жилд 94.7 тэрбум төгрөгөөр тоног төхөөрөмжийг шинэчлэх шаардлагатай нь тогтоогджээ. Үүнийг 59.8 тэрбум төгрөгийг тарифт тусгаж чадсан байна. Цаана нь 34.9 тэрбум төгрөг шаардлагатай. Эрчим хүчний салбарынхан энэ мөнгийг хаанаас олох вэ. Засгийн газар өнгөрсөн онд өгсөн 23 тэрбум төгрөг ч багадаж байна. Тоног төхөөрөмжийг бүрэн шинэчлэхгүй бол яах вэ. Тог тасарна. Бүр ужгирвал лааны гэрэлд амьдарна. Хорьдугаар зууны эхэн үедээ очихыг хэн хүсээд байна вэ? С.Батболд уу, Ц.Элбэгдорж уу, Д.Дэмбэрэл үү? Хэн ч хүсэхгүй нь лавтай. Тэгвэл бидний зорилго тодорхой юм биш үү. Эрчим хүчний салбараа зах зээлийн голдрилд нь оруулж, өр төлбөр, алдагдлаас нь ангижруулж, тоног төхөөрөмжийг сайжруулъя. Ингэхийн тулд эрчим хүчний үнэ тарифыг чөлөөлчих. Ард иргэдэд цахилгааны үнэ нэмэгдсэнээр ямар дарамт очихыг үнэн зөвөөр ойлгуулчих. Тэгээд бол оо. Эдийн засаг маш хурдтай тэлж байгаа өнөө цагт 6000 төгрөг ард иргэдийн нуруунд том ачаа болох уу. Бодоод үз дээ.
Энэ жил цахилгааны үнийг 14-17 хувиар нэмсэн. Зарчмын хувьд буруу ч Засгийн газар эрчим хүчний 13 компанид 23 тэрбум төгрөгийн татаас өгсөн. Ингэснээр эрчим хүчний салбар бага ч болов гэгээ туссан баримт байна. Эрчим хүчний тусгай зөвшөөрөл эзэмшигч 18 компани энэ оны эхний есөн сард 198.1 тэрбумын орлого олж, 225.7 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллажээ. Нийт 27.6 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласан байгаа биз. Ингэснээр тус салбарын алдагдал 2009 оны эцсийнхээс 9.5 тэрбум төгрөгөөр буурсан байна. Цахилгаан станцууд уурхайнуудад 35.8 тэрбумын өртэй байгаа. Энэ нь өнгөрсөн оныхоос 17 тэрбум төгрөгөөр багассан үзүүлэлт юм. Өөрөөр хэлбэл, татаас өгч, тариф нэмснээр салбарын алдагдал 9.5, станцуудын өр 17 тэрбум төгрөгөөр буурсан гэсэн үг юм. Энэ ч ололт шүү.
УИХ-аар Түлш эрчим хүчний салбарын талаар авах зарим арга хэмжээний тухай тогтоолын төслийг хэлэлцэж байгаа. Эрчим хүчний салбарынхан энэ тогтоолоор Засгийн газраас өгдөг 15 тэрбум төгрөгийн татаасыг 2014 он хүртэл үргэлжлүүлэх, ахуйн хэрэглэгчдийн цахилгааны тарифыг шаталсан хэлбэрт оруулах гэж лоббидож байна. Эрчим хүчний зохицуулах газрынхан “Нэг өрхийн сард хэрэглэсэн 150 квтц цахилгааныг 79.8 төгрөгөөр тооцож төлбөр авья. 151 квтц дээш хэрэглэвэл тэрийг нь нэмэгдсэн тарифаар тооцож авъя. Энэ хугацаанд цахилгааны тарифыг 14.4 хувиас ихгүйгээр таван удаа нэмж, 118.4 төгрөг буюу зах зээлийн бодит ханшид хүргэе. Тэгээд 2014 оноос шаталсан тарифаа болиод нэг ижил тарифаар цахилгааны үнээ төлдөг больё. Харин 2014 онд хүртэл Засгийн газар 15 тэрбум төгрөгийнхөө татаасыг өг. 2014 оноос зах зээлийн бодит тариф мөрдөөд эхлэхээр татаас авах шаардлагагүй болно” гэсэн төлөвлөгөө хийжээ. Гэр хорооллын өрхийн дундач хэрэглээ 140 квтц. Тэгэхээр энэ төлөвлөгөөгөөр 2014 он хүртэл амьжиргаа тааруу өрхөд цахилгаан үнэ өсөлт хэвийн байх нь. Харин их хэрэглээтэй айл 151 квтц-аас дээш хэрэглээгээ нэмэгдсэн үнээр төлөх нь. Эрчим хүчний зохицуулах газрынхны төлөвлөгөөгөөр 2012 оны долдугаар сарын 15-наас нэг квтц цахилгааны үнэ 110 төгрөг болно. Тухайн үед нэг өрх 200 квтц цахилгаан хэрэглэвэл 150-ыг нь 79.8, 50-ыг 110 төгрөгөөр тооцож төлбөрөө хийх нь. Цахилгааны үнийг зах зээлийн бодит ханшид ингэж хүргэх юм байж. Хэнээс ч хараат бус зохиуцуулах газартай эрчим хүчний салбарт энэ ч арга ядсан ажил даа. Гэхдээ улс төрийн нөлөөг тэнцүүлэхгүй бол хэзээ ч бодит үнийн тухай ярих эрхгүйгээ ухаарч байгаа бололтой.
Үнэ тарифыг нь зах зээлийн бодит хэмжээнд аваачих шаардлага зөвхөн одоогийн эрчим хүчний салбарын хэмжээнд яригдах асуудал биш юм. Энэ цаашдын олон бүтээн байгуулалтад нөлөөлөх нигууртай. Тавдугаар цахилгаан станцыг барих тендер яагаад ганц компани хагас дутуу материал ирүүлэв. Төр үнэ ханшийг өөрийн дураар шийддэг, дарамталж тогтоодог бизнест хэн хөрөнгө оруулахыг хүсэх вэ. Хэзээ хөрөнгө оруулалтаа нөхнө гэж ийм бага тарифтай бизнест хөл тавих юм. Сонирхсон компаниуд нь судалгаа хийж үзээд бүгд толгой сэгсэрсэн гэнэ билээ. Тэгэхээс яах юм. Хэрэгжиж эхэлж байгаа уул уурхайн төслүүд удахгүй бүгд эрчим хүчний өлсгөлөнд орно. Тэр хэрэгцээг хангахад олон цахилгаан станц барих шаардлагатай. Зах зээлийн эрүүл тогтолцоо байхгүй бол хэн хөрөнгө оруулж цахилгаан станц барих юм. Ганцхан жишээ дурьдая.
Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг Хөшигийн хөндийд олон улсын нисэх буудал барихад 110 кв-ын цахилгаан дамжуулах дэд станц барих шаардлагатай. Тэнд шаардлагатай эрчим хүчийг нэмэлт эх үүсвэр барихгүй бол хангаж чадахгүй. Мэргэжилтнүүд “Төвийн бүс, түүний дотор говийн бүсийн уурхайнуудын хэрэглээний ачааллыг нэмж тооцоолбол цахилгааны эх үүсвэрүүдийн хүчин чадал 2010 оноос дутагдаж эхэлнэ. 2020 он гэхэд даруй 700 гаруй мвт чадалтай цахилгаан станц нэмж бий болгосон байх шаардлагатай” гэсэн судалгаа хийжээ. Ийм хэмжээний цахилгаан үйлдвэрлэх станцуудыг барих угтвар нөхцөл чинь зах зээлийн чөлөөтэй үнэ тариф бус уу. Ирээдүй эрчим хүчний салбарт “эрүүл бус”-аар нөлөөлөхгүй байхыг төрөөс шаардаж байна. Энэ салбарт “эрүүл бодлого” явуулах цаг нүүрэн дээр тулаад ирсэн юм биш үү, төрийн өндөрлөгүүд ээ.
Т.ЭНХБАТ
"Монголын мэдээ" сонин