
МАХН-ын түр штаб байгуулагдаад нэлээд хугацааг өнгөрөөжээ. Тэд
өөрсдийн гишүүнчлэлийг бий болгоод онц их хурал хуралдуулахаар зэхэж буй. Тиймээс
Эрүүл мэндийн дэд сайд асан Н.Удвалтай ярилцлаа.
-МАХН-ын түр штабын удирдах
хүмүүсийг МАН-ын удирдлагууд шүүхэд өгсөн гэсэн. Та бүхэн ямар хариулт өгч байна.
Шүүхээс дуудсан уу, та нарыг. Бас таныг?
-Юуны өмнө намын гишүүд МАХН-д
үлдэнэ гэдэг нь үндсэн хуулиар олгогдсон эрх. Бид нар итгэл үнэмшилтэй байх эрхтэй.
Мөн эвлэлдэн нэгдэх эрхтэй, бас улс төрийн эрхтэй. Тиймээс МАН-аас татгалзсан хүмүүсийг
намаас хөөх, шүүхэд өгөх, дуудах гэсэн ямар ч эрх зүйн үндэс байхгүй. Яагаад гэвэл
бид өнөөдөр хоёр өөр нам. Нөгөө талаар шүүхэд өгсөн гэсэн мэдээлэл гарсан. Гэтэл
бидний гар дээр өнөөдөр тийм үндэслэлээр өгсөн гэсэн ямар нэгэн баримт алга. Чухам
шүүхэд очихоор ямар буруу үйл хийснээ мэдэхгүй байна.
-Тэгэхээр та бүгдийг шүүхээс
дуудаагүй гэсэн үг үү?
-Дуудаагүй. Тэр нэхэмжлэлийг
нь олж хараагүй учраас ямар нэгэн тайлбар өгөх боломжгүй. Тэгээд ч шүүхэд өгөх ямар
ч эрх зүйн үндэс байхгүй.
-Ардын намын удирдлагууд
Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг дуудаж уулзсан байна лээ. Харин Ерөнхийлөгч асан “Би
Ардын намыг эрс эсэргүүцсэн ч юм алга. Гэхдээ түр штабыг дэмжинэ” гэдгээ хэлсэн
байсан. Энэ талаар ярилцсан ч юм уу, дуулсан юм байгаа байлгүй?
-Энэ талаар хэвлэлийн мэдээллээс
өөр зүйл алга. Гэхдээ Н.Энхбаяр дарга биднийг дэмжинэ гэдэгт итгэж байгаа. Яагаад
гэвэл, их хурлын өмнө манай хөдөлгөөний хуралд ирэхдээ ч тэр, бусад газарт ярихдаа
ч тэр, их хурал дээр тавьсан илтгэлээс дүгнээд дэмжих юм байна гэж бодсон. Н.Энхбаяр
өөрөө зүүн төвийн үзэл баримтлалыг дэмждэг хүний хувьд биднийг дэмжинэ гэдэгт итгэлтэй
байгаа. Тэр их хурал дээр “Энэ чинь болж байгаа юм уу, та нар хууль дүрмээ харсан
юм уу, хэлэхэд амархан хийхэд хэцүү. Монгол Улс чинь хууль цаазтай” гэх зэргээр
ноцтой асуудлуудыг тавьсан ч харамсалтай нь хурлын тэргүүлэгчид энэ асуултад хариулж
чадаагүй. Намын удирдлагууд уулзсан гэсэн мэдээлэл байна лээ. Надад үүнээс илүү
мэдэх юм алга.
-Та нэг ярилцлагадаа
“МАН бол МАХН-аас тасарч гарсан хэсэг бүлэг хүмүүс” гэсэн байсан. МАН-ынхан болохоор
ингэж тайлбарлахгүй байгаа шүү дээ?
-МАХН бол өөрөө олон жилийн
түүхтэй, үндэсний хэмжээний туршлагатай нам. Бусад намуудыг бодоход гишүүд нь намынхаа
үзэл баримтлалд илүү үнэнч байдаг. Энэ нам өөрөө Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний
аюулгүй байдал, хөгжил цэцэглэл гээд энэ бүх түүх энэ намын түүхтэй шууд холбоотой.
Тэгэхээр энэ намд элссэн гишүүд бол энэ намын үзэл баримтлал, туулсан түүхэнд итгээд
орсон байгаа. Улс төрийн намын тухай хуулиар бол хэрвээ энэ нам татан буугдаад өөр
намтай нэгдэж нийлэх гэж байгаа бол гишүүдээрээ заавал хэлэлцүүлэх ёстой. Ингэж
хэлэлцүүлээд гишүүдийн дийлэнх нь хүлээн зөвшөөрвөл энэ намынхаа үйл ажиллагааг
зогсоогоод тэр Г.Баасан ламын намтай нэгдэе гэх ёстой л доо. Ийм тохиолдолд эрх
зүйн орчин нээлттэй болж байгаа юм. Гэтэл ийм хэлэлцүүлэг нэгэнт хийгээгүй учраас
энэ процесс нь өөрөө хууль бус болчихож байгаа юм. МАН руу хэсэг хүмүүс орж байгаа
нь жам ёсны гэж үзэж байгаа. Яагаад гэвэл МАХН XXV их хурлаараа маш том зорилт тавьсан.
Шударга ёсны нам байя, ард түмний нам байя гээд томоохон зорилтууд тавьсан. Тиймээс
үүнийгээ хэрэгжүүлээгүй учраас намын удирдлагад байгаа хүмүүс татгалзсан, зугтаасан
гэж үзэж байгаа. Ингэж зугтаахдаа МАН болж нэрээ өөрчлөөд цоо шинэ улс төрийн хүчин
бий болно гэж үзсэн. Гэтэл Монголын авилгачдын нам гэж ард түмэн цоллоод эхэлсэн.
Намын нэр өөрчилсөн нь өөрөө утга агуулга алга гэдгийг хэлж байгаа хэрэг.
-Таны хувьд ч гэсэн МАН-ыг
авлигачдын нам гэдэгтэй санал нийлэх үү?
-МАН-ын удирдлагууд ямар
нэгэн буруу замаар хөрөнгө чинээтэй болсон хөрөнгөлөг, хууль бус аргаар хөрөнгөжсөн
олигархи бүлэглэл юм. Энэ бол тэр хүмүүсийн хийж байгаа ажил.
Тэр хүмүүс
ард түмний төлөө байя, нийгмээ сайхан болгоё, улс орны хөгжил гэсэн ашиг сонирхол
байхгүй. Яагаад гэвэл тэд хөрөнгөө яаж арвижуулах уу, арвижуулсан хөрөнгөө яаж хамгаалах,
илүү яаж өсгөх вэ гэж боддог хүмүүс.
Тэгэхээр энэ байдал, үзэл
баримтлал хоёрын хооронд зөрчил гарч ирж байгаа юм. Хэдийгээр намын дүрмэн дээр
бичигдээгүй ч явуулж байсан бодлого нь нэг ийм хөрөнгөлөг байхыг зорьсон. Мөнгөн
дээр суурилсан улс төрийн бодлого л явж байгаа. Тиймээс л энэ хүмүүсийг МАХН-аас
тасран гарсан хэсэг бүлэг хүмүүс гэж хэлээд байгаа юм.
-МАН-ын дарга С.Батболд,
Ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх нарын талаар янз бүрийн мэдээлэл явж байна.
Намын нэрээ сольсон нь буруу, зөв гээд. Чухам энэ хүмүүсийн талаар ямар байр суурьтай
байна. Тэр тусмаа У.Хүрэлсүх голлон тоглогч гээд байгаа шүү дээ?
-Миний хувьд МАХН-д эрүүл
саруул уур амьсгал бий болгохсон гэж өөрийнхөө нөхдийн хамт нам дотор сөрөг дуу
хоолой гаргаж явсан. Энэ намыг ёс зүйтэй, хариуцлагатай байлгая гэж явсан хүний
нэг нь байгаа юм. Тиймээс тэр намд жигүүр байх гэдэг ямар хэцүүг, өөрөө ямар их
хохирол амсдгийг би бие сэтгэлээрээ мэдэрсэн
хүн. Тиймээс би МАН-ын дарга нарын тухай ярих нь илүүц гэж бодож байгаа. Бид тэр
их үнэ цэнтэй цагт нь ярьж байсан. Хэрвээ дарга нар тэр цагт бидний ярьсныг хүлээж
аваад явсан бол өнөөдөр улс төрийн хариуцлагатай үйлдэл хийсэн нэртэй явж болох
байсан. Тиймээс ярих нь илүүц гэж бодож байна. Гэхдээ надад ярих цаг ирнэ.
-Та бүгдийн намаа аварч
үлдэх гэсэн тэмцэл явж байна. Тэгэхээр гол үүрэг гүйцэтгэж байгаа хүний хувьд
энэ тэмцлийн эцсийн үр дүн нь ямархуу баримжаатай харагдах юм?
-МАХН-ыг аварна гэдэг бол
нэг намын тухай асуудал биш. Энэ бол Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, тусгаар
тогтнолын асуудал юм. Одоо тэр банкинд байдаг хадгаламжийн 98 хувийг хэдхэн хүн
эзэмшдэг гээд байгаа юм. Тэгэхээр дундач, дундчаас доогуур амьдралтай хүмүүсийн
эрхийг хамгаалж байгаа учраас ингэж ойлгож болохгүй. Үүнийг хийхээс өөр аргагүй.
Энэ бол бидэнд оногдож байгаа түүхэн үүрэг. Дэмжигчид, гишүүд маш их нэгдэж, дуу
хоолойгоо нэмэрлэж байна. Монгол Улсаа аврах, тусгаар тогтнол, үндэсний аюулгүй
байдлыг хамгаалж үлдэх цорын ганц түүхэн арга бол МАХН-ыг шударга гишүүд нь иргэдийнхээ
дэмжлэгтэйгээр сэргээх явдал юм. Энэ бүгдээс бодоход ард түмний дэмжлэг асар их
байгаа учраас миний хувьд итгэл төгс байна.
-Та ард түмэн ихэд дэмжиж
байгаа тухай ярилаа. Харин намын 160 мянган гишүүн бий гэсэн тоо бий. Үүнээс хэдий
хэр нь дэмжиж байгаа юм бол. Та хэд нэг санал хүлээж аваад байсан, багцаа гарсан
байх учиртай?
-Намын гишүүдийн саналыг
мессежээр, утсаар авч байна. Нөгөө талд өөрсдөө ч ирж бүртгүүлж байна. Тэгээд улсын
хэмжээнд бүртгэл явчихсан учраас тоог нь гаргах аргагүй. Өмнө нь бол утсаар, мессежээр
ирсэн тоог хэлээд байсан. Одоо бол улсын хэмжээний бүртгэлээ харж байж л эцсийн
тоог хэлнэ. Манайхан аймаг сум, тэр бүү хэл багуудад ч үүрүүдээ байгуулаад, ажилдаа
орчихсон. Тиймээс энэ бүх тоог цуглуулж байж эцсийн тоог хэлэх учиртай. Энд гурван
үндсэн агуулгаар ажлаа явуулж байгаа. Нэгдүгээрт, намдаа үлдэх хүн байна уу, хоёрдугаарт,
онц их хурлыг хуралдуулж асуудлаа шийдэх нь зөв үү, гуравдугаарт, та намынхаа нэрийг
өөрчилнө гэж санал өгсөн үү, өөрчлөхгүй гэсэн юм уу гэсэн үндсэн гурван асуулт юм.
Энд ямар ч албадлага байхгүй. Ингээд их хурлын наана бүх зүйл тодорхой болно.
-Их хурал гэснээс янз
бүрээр л ярьж байна. Чухам ямар журмаар хэзээ товлоод байна?
-Онц их хурлыг дүрмийн дагуу
45 хоногийн өмнө зарлах ёстой байдаг. Тэгэхээр штабыг 11 дүгээр сарын 17-нд байгуулсан.
Энэ цагаас эхэлж онц их хурлыг зарласан байгаа. Тэр зарласныг манай гишүүд баталгаажуулж
өгөх ёстой. Энэ журмаар гишүүдээсээ гарын үсэг аваад явж байна. Бидний хувьд
160 мянган гишүүн гэж ярих боломжгүй. Одоо бүртгүүлсэн гишүүд дээрээ үндэслээд явах
юм. Ер нь намуудын 160, төдөн мянга гэдэг чинь худлаа тоо байдаг юм билээ.
-Тэгэхээр онц их хурал
гэдэг агуулга талаасаа ч тэр, хэлбэр талаасаа тэр том зүйл. Хуулийн хүрээнд энэ
асуудлыг яаж зохицуулсан байх вэ. Жишээлбэл гишүүдийн тоо заах ч юм уу, өөр бусад
зүйл байна биз?
-Хуулийн хүрээнд бол ямар
нэг зүйл байхгүй. Дүрмийн хүрээнд бол намын гишүүдийн гуравны нэг нь дэмжсэн тохиолдолд
онц их хурлыг хуралдуулна гэж байгаа. Энэ бол нам өөрөө удирдлагатай байсан үед
шүү дээ. Одоо бол МАХН өөрөө удирдлага байхгүй, маш ноцтой байдал үүсчихээд байна.
Нөгөө талаар УИХ болон орон нутгийн сонгуульд
МАХН нэрээр орсон бүлгүүд байхгүй болчихож байгаа нь хуулиндаа байгаа юм. Хууль
бол хууль. Нам бол сонгуульд орсон байдлаараа бүлэг байгуулдаг. Сонгуульд орсон
намын нэр байхгүй болчихвол тэр бүлэг автоматаар тарчихаж байгаа юм. Тарах юм бол
тэр хүмүүс бие даагчид болж, эргээд бие даагч бүлэг байгуулах боломжгүй болчихож
байгаа юм. Эх орон, ИЗН, Ардчилсан нам гурав нийлээд сонгуульд орсон. Сүүлдээ Б.Эрдэнэбат
эвслээсээ гарснаар эвсэл тарж, хүчингүй болж байсан даа. Тэгээд “Бүдүүн бүлэг”, “62-ын бүлэг” гэж байгуулагдаж
байсан. Энэ нөхцөл байдал өнөөдөр бий болчихлоо. Энэ үед Д.Лүндээжанцан гишүүн
“Одоо энэ бүлэг хүчингүй” гэж зарлаж байсан. Тухайн үед хэвлэлээр мэдээлж байсан
энэ баримтыг дэмжигчид олж авчирч өгсөн. Тэгэхэд Д.Лүндээжанцан “Сонгуулийн хуулиараа
бол сонгуульд орсон эвслээрээ бүлэг байгуулах ёстой. Тэгэхээр та нар сонгуульд
ийм эвсэл нэрээр орсон. Одоо тэр эвсэл чинь тарсан. Тэгэхээр бүлэг гэж байхгүй”
гэж хэлж байсан байна лээ. Үүнтэй адилхан одоо МАХН гэж байхгүй, Г.Баасан ламын
намд дагаар орсон хүмүүс маань МАН нь МАХН-ын эхлэл болоод үргэлжлэл гэж байгаа
юм. Тийм зүйл улс төрийн намуудын тухай хуульд огт байхгүй. Намыг яаж өөрчлөн байгуулдаг
юм гэдгийг хуулиар заачихсан зүйл. Үйл ажиллагаагаа зогсоогоод өөр намтай нэгдэх
үед л нам өөрчлөн байгуулагдана гээд заачихсан. Түүнээс биш хувьсгалт гэдэг үг нь
муухай гээд “х” үсэг авч хаях тухай биш. Ингэхээр нам байгуулагдсан нь өөрөө хууль
бус болчихож байгаа юм. Нэгэнт хууль бус шийдвэр юм чинь “Улс төрийн намуудын тухай
хууль”-ийн 15.6-гаар намын нэрийг авах гэж байна гэж заргалдах эрх зүйн үндэс байхгүй.
-МАН-ын удирдлагууд та
бүгдийг намын нэр лого-г ашигласан гээд байгаа. Таны ярьж байгаагаар бол ямар ч
үндэслэл алга гэж үзэж болох уу?
-Нам одоохондоо МАН гээд
байгуулагдаад, бүртгүүлчихсэн байна. Түүнчлэн ямар нэг аж ахуйн товчилсон нэртэй
намын нэр давхцах ёсгүй гэсэн байна лээ. Монголын ардчилсан намыг МАН гэдэг,
Монгол ардын намыг бас МАН, “Монголын анчдын нийгэмлэг”-ийг МАН гэчихсэн. Тэгээд
ийм олон хууль зөрчсөн байхад Дээд шүүх бүртгэсэн байгаа юм. Яагаад ийм олон зөрчил
байхад бүртгэв гэдэг нь өөрөө их сонин асуудал болж байна. Нэгэнт тодорхой, цагаан
дээр хараар бичсэн хууль байж байна шүү дээ. Нөгөө талаар Үндсэн хуулийн цэцийн
2005 оны нэгдүгээр сарын 14-ний 01 тоот тогтоолоор “Улс төрийн намын нэр” гэсэн
бүлэг бий. “Намын нэрийг ямар нэгэн этгээд авч болохгүй” гэсэн тодорхой хугацаа
заасан зүйл байсан. Харин сүүлд үүнийгээ үндсэн хууль зөрчсөн байна гэж үзээд өөрчилсөн.
Өөрчлөхдөө “хэн ч авч болно” гээд оруулчихсан юм.
-МАН-ын удирдах ажилтнуудад
улс төрийн талаасаа өндөр албан тушаал байна. Нөгөө талаас их мөнгө байна. Тэгэхээр
нөхөд Дээд шүүхийнхэнтэй мөнгөөр холбогдчихсон юм биш биз. Та юу гэж бодож байна?
-Харин тийм. Бид өнөөдөр
Монгол Улсад шударга ёсны тогтолцоо байна уу гэдэгт дүн шинжилгээ хийх хэрэгтэй.
Байхгүй гэдгийг хүн бүхэн ярьдаг. Ерөнхийлөгчөөсөө эхлээд иргэд хүртэл ярьж байна.
Янз янзын яриа байна, тэгэхээр ямар учраас бүртгэсэн тухай Дээд шүүх ямар нэгэн
хариулт өгөх байх. Шүүх өөрөө хараат бус байгууллага. Улс төрийн намаас хараат байх
ёстой. Шүүх өөрөө шударга байж чадахгүй бол нийгэм тэр чигээрээ л шударга бус
байна гэсэн үг. Тэгэхээр өнөөдөртөө бид шүүхтэй зууралдаад та нар ингэсэн байна
гэх нь илүү ажил болоод байна. Энэ бол дараагийн асуудал. Ярих нь бол ярьж л таарна.
Тодорхой фактууд ч бий, хүмүүс ч энэ асуудлыг хөндөж байгаа.
-Хүмүүс дэмжинэ гэдгээ
тодруулахгүй юу?
-Манай гишүүд, бас дэмжигчид
байна шүү дээ. Энэ гишүүд, дэмжигчид чинь заавал биднээс хамаардаггүй юм байна.
Өөрсдөө л яваад байх юм. Төрийн алба ч юм уу, нэг албан байгууллагын дарга та нар
ингэж болохгүй шүү гэхэд даргын үгээр байж л байдаг. Гэтэл энэ хэд чинь тэгдэггүй
юм байна. Энэ талаар Үндсэн хуулийн цэцэд
хандсан. Их сайхан хүлээж авсан гээд өнөө өглөө бидэн дээр ирж байх жишээний л
байна.
-МАХН сэргээд онц их хурлаа
хийлээ гэж бодъё. Тэгэхээр энэ намын уугуул УИХ-ын гишүүд хуралд оролцож болох
байх. Эсвэл?
-Тэр хүмүүсийн сонголт шүү
дээ. Одоогоор МАХН УИХ-д нэг суудалтай байгаа. Тэр нь Ц.Шинэбаяр гишүүн, харин МАН-д
нэг ч суудал байхгүй. Тэгэхээр Ц.Шинэбаяр гишүүн бүлгээ байгуулах юм уу, олонхи
болох юм уу гэдгээ шийднэ. Ц.Шинэбаяр гишүүнийг дагах гишүүд байвал гарч ирээд
МАХН гэдэг сонгуульд оролцсон байдлаараа олонхи болох байх. МАН-даа орно гэвэл
бие даагчид болох байх. Зарим аймгийн ИТХ-д бас энэ бүлэг шиг тарах хандлага бий
болчихлоо. Тэгэхээр аймаг, сумын дарга нар өөр өөрсдийн байр суурийг илэрхийлж,
орон нутаг дахь бүлгүүд бас хүчингүй болчихлоо.
-Өнөөдрийн байдлаар танай
ажил нэлээд аймгуудад хүрчихсэн байгаа юу?
-Очоогүй аймаг маш цөөн үлдсэн.
Онц их хурлаа хийгээд Дээд шүүхэд хандана.
-УИХ-д МАХН-аас 46 суудал
бий. Ц.Шинэбаяр гишүүн намдаа үлдчихлээ. Тэгэхээр таны мэдэж байгаагаар ч юм уу,
тандаж мэдсэнээр өөр гишүүд нэмэгдэх хандлага байна уу. Та нар мэдээж тэмцлээ зогсоохгүй?
-Нэмэгдэх байлгүй дээ. Өөрсдөө
хууль тогтоогчид, гишүүд эрх биш бодож байгаа байлгүй дээ. Тэмцэл юу байхав. Ерөөсөө
энэ гишүүдийн давалгаа чинь хамаад явчих юм шиг байна. Бас нэг ажиглагдаж байгаа
зүйл бол ганцхан МАХН-ынхан дэмжихгүй байна, бүх иргэд дэмжиж байна.
-Байдал нэлээд хурцхан
болж байх шиг. Бодоход МАН-ын удирдлагууд та бүгдийг дуудаж уулзах байх. Ямар нэг
тохироо хийе гэх байх. Тэд амар амгалан суудалдаа суумаар байгаа шүү дээ. Энэ
талаар?
-Уулзах уулзахгүйг ёстой
мэдэхгүй. Хэрвээ тохироо хийнэ гэвэл хоёр талын байр суурь хоёр талдаа л хатуу.
МАХН, энэ ёс суртахуунлаг хэсэг нь үүнээсээ хэзээ ч буцахгүй. МАН ч өөрийнхөө үзлээсээ
буцахгүй. Тэгэхээр эргээд МАХН шигээ болоод явна гэж үгүй биз. Уулзаад зөвшилцөөд
нэг их сайн юманд хүрэхгүй гэж бодож байгаа.
-Саяхан МАН-ын Ерөнхий
нарийн бичгийн дарга Франц улс руу Социнтерний хуралд яваад ирсэн. Тэгэхээр намын
нэр үзэл баримтлал солихыг С.Батболд, У.Хүрэлсүх нар шийдчихсэн хэрэг биш, Социнтернээс
үүрэгдсэн гэсэн яриа бий. Таны бодлоор?
-Тийм юм байхгүй. Харин ч
социнтерн чинь барууны нам болох гээд байна уу гэж хардаад бага зэрэг асуудалд орсон
байх шүү. Барууны нам болох гэж байгаа бол бас л Социнтернээс асуудалтай болно шүү
дээ. МАХН МАН болоод орж байна гэх юм бол нэг их олон юм ярихгүй. Социнтерн өөрөө
олон улсын учраас дипломат харилцаатай байгууллага
шүү дээ. Намуудын л нэгдэл, гишүүнчлэлтэй байгууллага байхгүй юу. Тийм учраас
танайх хууль зөрчиж, тэр хууль чинь тэгж гэсэн ийм зүйл тавихгүй. Харин Социнтернд
МАХН-ын штабын зүгээс ч юм уу, нам байгуулагдсаныхаа дараа гомдол гаргаж болох юм.
Социнтерний Ёсзүйн хороо гэж бий. Ингэх юм
бол МАХН Социнтернд үлдээд, МАН асуудалд орох магадлал бий.
-Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр
түр штабыг дэмжээд энд тэнд илтгэл тавиад явдаг. Гэтэл МАН-ын бага хурлын гишүүн
болчихлоо. Энэ талаар?
С.УУГАНБАЯР

"Монголын мэдээ" сонин