805 тэрбум төгрөгөөрөө метро барья

Хуучирсан мэдээ: 2010.12.09-нд нийтлэгдсэн

805 тэрбум төгрөгөөрөө метро барья

Эрх баригчид 2008 оны сонгуулийн өмнө иргэн бүрт 1.5 сая төгрөг өгөхөөр том ам гарсан. Бараг л Засгийн газраа байгуулсны дараа л шууд өгчих юм яриад байсан. 

Одоо “алдсан” амаа барьж авах гэж багагүй зовж байна даа. Өнгөрсөн жил 120 мянган төгрөгийг 50, 70-аар хувааж өгөх гэж  хошин шог шиг л юм болсон.  Тэгээд бас ядуу ардуудаа 50 мянган төгрөгөөр барьцаалж, 10 хурууны хээг нь хүртэл авчихаж байгаа юм аа, цаадуул чинь.  Энэ жил ч яах вэ ингэсгээд өнгөрлөө. Харин ирэх онд иргэн бүрт сард 21 мянган төгрөг өгөхөөр  төсөв баталчихлаа. 805 тэрбум төгрөг зүгээр л тараагаад өгөх юм байх аа, иргэдэд. Манай  төр овоо  баяжсан болоод энэ их мөнгийг Эрээний хөрөнгө оруулалтад зориулах гээд байгаа бололтой юм.Уг нь манай улсад шийдэх асуудал, барих үйлдвэр мундаагүй л баймаар. Тийм юм байхгүй юм бол 805 тэрбум төгрөгөөрөө метро барья л даа. Улаанбаатар хот хэдийнэ сая хол давсан хүн амтай болж, дэлхийн томоохон хотуудын нэг болсон. Эрхэм дарга нар үүгээрээ ч их гайхуулаад байгаа. Үнэхээр тэгээд дэлхийн томоохон хотуудтай адил хүнтэй болсон юм бол адил хөгжилтэй болъё л доо. Тэр дуурайх гээд байгаа том хотуудад чинь метро байхгүй  гэж улайм цайм мэлзэв дээ. Учир мэдэх хүмүүсийн хэлж буйгаар 805 тэрбум төгрөг метро барихад яг хүрнэ гэсэн. 

Тэгэхээр бид шийдэлд хүрэх л хэрэгтэй байна.  Таван шараас Офицеруудын ордон хүртэл төв замаа дагуулаад л метро барьчихвал сайхан л байна. Ирэх хавар дулаан орохоор ажлаа эхэлчихвэл намар хүйтрэхээс өмнө амжих ч юм бил үү. Манай төв зам тэртээ тэргүй дүүрэн түгжрэл байдаг биз дээ. Дахиад 10 жил энэ хэвээрээ түгжирч, бид бухимддагаараа бухимдсаар л байх болно. Тэгж байхаар төв замаа чөлөөлж, хэдхэн сар бухимдаад л метро барьсан нь дээр биз дээ.

Тэгвэл төв замын автобусны чиглэлийг хаасан ч ер нь яадаг юм. Үгүй бодоод үз дээ. Өглөө гэрээсээ гараад автобусанд чихэлдэж байхаар метронд сэлүүхэн суугаад, түгжрэл, бухимдалгүй зорьсон газраа очно гээд. Эсвэл машинаа асаагаад замын хөдөлгөөнд оролцоход чинь том шар “амбаар” хөндөлсөөд байхгүй шүү дээ. Энэ мэт сайхан сайхан зүйлийг тоочоод байвал барагдахгүй.  УИХ-ын гишүүдийн яриад байгаа шиг хэсэг хэсгээрээ нийлж, мөнгөө нэгтгээд бизнес эрхэлнэ гэдэг юу л бол.  Ёстой нөгөө “мянгуужингийн үлгэр” гэдэг шиг юм болох байлгүй. Тэгсэн дор бол мөнгөө өгөхөө болиод, метро барих ажилд зарцуулна гээд шийдчихвэл дээр.  Тэглээ гэхэд надад 21 мянган төгрөг өгсөнгүй гээд жагсах хүн гарахгүй байх. Хэрвээ УИХ, Засгийн газар шийдвэр гаргаж чадахгүй бол ард олон шийдвэр гаргамаар юм. Бид хэдий хүртэл ямхаар бодож амьдрах юм бэ. Одоо жаахан алдаар сэтгэдэг болъё.  Бүгд уут гурилны мөнгөнөөс татгалзая. Энэ мөнгөтэй мөнгөгүй бид амьдарч л таараа. Тэгээд нийслэлээ метротой болгочихоод “Манай нийслэл дэлхийн томоохон хотуудын жишигт хүрлээ. Ядаж л бид метротой шүү дээ” гээд сууж байвал сайхан биз дээ. Эрхэм дарга нар ч гэсэн ард түмнийхээ өмнө хэлэх үгтэй байна биз дээ. Бид метро барьсан, би тэрийг нь санаачилсан гээд сонгуулиас сонгуулийн хооронд яриад явах хоншоортой улстөрч гараад ирээсэй. Тэгвэл бүгдээрээ сонгууль болгоноор саналаа өгөхгүй юу.

Н.ПУНЦАГБОЛД

Зохиогчийн эрх:
 "Монголын мэдээ" сонин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж