Удирдагчдаар “аадарласан” умард Атлантын түрлэг

Хуучирсан мэдээ: 2010.12.09-нд нийтлэгдсэн

Удирдагчдаар “аадарласан” умард Атлантын түрлэг

Эртний герман ардын алдарт “Нибулунгуудын дуулал” туульд монголчууд бидний дээд өвөг хүннүчүүдийн тухай, “Тэнгэрийн ташуур” хэмээх Аттила хааны алдар сууг бахдан өгүүлсэн байдаг. Юутай ч эдүгээгийн өндөр хөгжилтэй гэгддэг европ тивийнхнийг нүүдэлчдийн их тэсрэлт тэртээх нэгэн цагт эрхшээн соёрхож, эмээн сандаргаж явсны түүхэн болоод аман зохиолын баримт үүгээр тогтохгүй биз. Хожим Их Монгол гүрний үед манай их жанжид европын рыцарь армийг хөлслөн Атлантын далайн хөвөө хүртэл дайлаар аялж морин туураа далайн давст усаар угаангаа “Үүнээс цааш газар үгүй” хэмээсэн гэнэм. Энэ бүхэн өнөө цагт бол монгол домог, түүх, үндэстнээ хэт дэвэргэсэн омогорхол төдийгөөс  хэтрэхгүй ажаам. Москвагийн Шерметевийн олон улсын нисэх буудлаар дамжаад явахад л бидний “тэнгэрийн санаа” гаалийн шалганы орос ажаа нарын янтгар занд нам даруулаад гарна. Ямар сайндаа л хамт явсан сэтгүүлч бүсгүй маань “Өө ядаргаа, энэ оросууд чинь яасан их тайчдаг юм” гэж онигоонд орж байх вэ. Цас сэвсийн “хулгайгаар” бударсан эх орноосоо үүрийн жингээр мордсон бид Москвагаас Берлинд газардахад намуухан бороо шивэрч тэнгэр бүүдгэрхэн байлаа.

    Берлиний “Тegel”-ийн олон улсын нисэх буудалд тэнгэрийн олон Тээлийн давааг гатлаад өвөг дээдсийнхээ харгуйгаар замчлан ирсэн мэт санагдана. Танхимд Франкфурт нисэх цагаа хүлээх зуур бэлэг дурсгалын дэлгүүрээр орж сонирхлоо. Тэнд янз бүрийн зүйлс байх ч чигчий хуруун чинээгээс атгасан гарын дайтай бетоны хагархай үлтэрхийнүүд ямар өндөр ханштай байгаа нь анхаарал татна. Өөдсөн чинээ цементний элтэрхий 100 евро гэхээр хэн ч гэсэн гайхна биз дээ. Учрыг лавлавал хүйтэн дайны үед баруун, зүүн хоёр Германыг зааглаж байгаад 1989 онд нураасан Берлиний хананы хэлтэрхий юм гэнэ. Хүн төрөлхтнийг зааглаж байсан тэр цаг үе зөвхөн түүхэнд л үлдэж, дурсгал болох зуурмагийн өөдөс ийн үнэд оржээ. Франкфуртаас Португалийн нийслэл Лиссабон хотноо буух үед үдшийн 21 цаг болж, нэг л өдрийн дотор ертөнцийн талыг үндсэндээ туулжээ. Нарнаас зугтааж яваа ч юм шиг сонин сэтгэгдэл цагийн зөрүүтэй хамт толгойд эргэлдэнэ. Португал-Монголын холбооны дэд ерөнхийлөгч хэмээн өөрийгөө танилцуулсан Ц.Өнөржаргал аав Цэгмидийнхээ хамт, мөн тэнд есөн жил амьдарч буй уран нугараач Ж.Гаваацоодол хэмээх бүсгүй нар тосон авав.
  
 Хар, цагаан, өнгөт арьстнуудын дунд хэдхээн монгол хүн зогсч байгаа нь барааны газраас л содон харагдаж байсан. Нутгаасаа гараад эхний хоногоо ч төөрүүлээгүй маньд ийм элгэн санагдаж байгаа юм чинь харьд олон жил болсон нутаг нэгтнүүдэд маань бидний бараа эх орон нь юм шиг ээнэг санагдаа биз ээ. Лиссабон хотод төдийгүй европ тивд алдартай “Дом Педро” сүлжээний таван одтой буудалд байрлацгаав. Буудлын танилцуулга дээр ОХУ-ын Ерөнхий сайд В.Путин, Италийн алдарт дуучин Доминго, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон нарын олон алдартан байрлаж байсан тухай зураг хөргийг байрласан он сартай нь тавьжээ. Эргэн тойрны гудамжнаа Африкийн далдуу модод мөнх ногооноор найгана. Португал улсын талаар “Дундад зууны далайн дээрэмчдийн өлгий” гэхээс ондоо мэдээлэл муутайхан явснаа нуугаад хэрэггүй байх. Тэгэхнээ, Португалын Вант улс тэртээ 1139 онд байгуулагдсанаас хойш дэлхийн түүхэнд бас ч багагүй зүйлээр нэрээ мөнхөлсөн байх юм. Лиссабонд алдарт далайчин Васко Да Гамагийн нэрэмжит гудамж, хөшөө олон таарна. Агуу жуулчин тэрбээр 1498 онд Энэтхэгийн эрэгт хүрснээр хүн төрөлхтөнд газарзүйн их нээлтүүдийг бэлэглэсэн түүчээ хэмээгддэг бүлгээ. Европ тивийн хамгийн баруун талд Атлантын далайн хөвөөнд Испанитай хиллэн оршдог эл улс тэр цагаас далай дээр хэмжээлшгүй эрх мэдлээ тогтоож мандан бадарч явжээ. Нэгэн цагт монголчууд бид Торгоны их замыг хянаж байсан шиг португалчууд далайн флот, маршрутыг атгаж байсан нь энэ юм. 1500-1822 он хүртэл Бразилийг колончилж, 1557 онд Макаод суурьшиж улмаар 1887 онд Манж Чин улсаас эл газар орныг эзэмших эрхийг авчээ. Макаог одоогоос 11 жилийн өмнө Хятадад хүлээлгэн өгснийг бид мэднэ. Португалчууд Африк тивд өргөн уудам нутагтай Мозамбик, Ангол зэрэг улсыг колончилж байсан улс. Тийм ч учраас 10 гаруй сая хүн амынх нь тэн хагас хар болон өнгөт арьстнууд байдаг бололтой. Лиссабонд 1755 онд их газар хөдлөлт болж олон зуун мянган хүн үрэгдсэн юм гэнэ лээ. Тэр гамшигт нэрвэгдсэн бүхэл бүтэн хороолол ангал гангад одоо хүртэл амьдардаг хэвээрээ юм байна.

    Япончуудын “аригота” хэмээх талархлын үг “обригооде” гэсэн португал үгээс гаралтай гээд бодохоор португалчууд эртнээс даяаршин бадарчилсан хүмүүс аж. Биднийг очиход Лиссабонд нэмэх 16 хэмтэй, манайд наймдугаар сард л орж байдаг намуухан бороотой байлаа. Өрөөгөө аваад хамгийн түрүүнд харсан зүйл бол шүүгээ түшүүлсэн шүхэр. Өвөлдөө ч хасах хэм рүү ороод байдаггүй тааламжтай цаг агаартай гэнэ. Европчуудаас хамгийн халуун цустай, хямсганаад байдаггүй, чин үнэнч хүмүүс нь португалчууд гэж тэнд оршин суудаг монголчууд ярих юм. Хулгай дээрэм гээд байх зүйл тэр бүрий гардаггүй болохоор ч тэр үү хүмүүс нь их налгардуу. Ямар сайндаа л дэлгүүрт ороод юм авах гэхэд худалдагч нь хөдөлж ядаад үнэн нойр хүргэнэ. НАТО-гийн дээд хэмжээний уулзалт болох дүүргийнхнийг ажлын өдөр гэлтгүй амраасан байлаа. Түрүү нийгмийн үед “NATO” гэсэн үгнээс ихэд жийрхэж эмээдэг байж билээ. Пуужингаас бүтсэн махир хошуу, тахир савартай хэрээгээр энэ дөрвөн үсгийг дүрсэлж зурсан шог зураачдын бүтээл “Тоншуул”, “Үнэн” сонинд их гардаг байсан нь хүмүүсийн оюун санааг айдас хүйдсийн мананд умбуулдаг байлаа. Хожим зарим зураачтай танилцаж энэ тухай хуучлахад “Нийгмийн золиос, нийгмийн золиос” гэж бүтээлээсээ ихэд ичдэг сэн. Хүйтэн дайны гай л улс түмний сэтгэлийг мөстүүлээд байснаас биш Умард Атлантын эвсэл нь европ тивийн амар амгаланг сахиулах үүрэгтэй нэгдсэн улсуудын цэргийн зөвлөл юм билээ.

  
 Монголын сэтгүүлчдийн баг арваннэгдүгээр сарын 19-ний өдөр дээд хэмжээний уулзалт болох газартай очиж танилцан, чөлөөтэй нэвтрэх үнэмлэхээ авлаа. 1998 онд экспо үзэсгэлэн болж байсан асар том дөрвөн танхим байна. Зөвхөн сэтгүүлчдийн танхим л гэхэд хоёр гурван мянган хүн өлхөн багтахаар юм. Цаанаасаа Атлантын далайгаар захалсан хамгийн мухрын цэлгэр танхимд улс гүрнүүдийн удирдагчид Афганистаны ирээдүйн хувь заяаны талаар чуулалдав. Энэ өдөр АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамагийн бараа бологсдын 100 гаруй машины цуваа болон бусад улс орнуудын удирдагчид, Батлан хамгаалахын сайд нарын тасралтгүй хөврөх хөнгөн тэрэгний урсгалд даруй гурван цаг хашигдсан юм даг. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Л.Болд нарын Монгол Улсын төлөөлөгчид 20-ны өглөө Лиссабонд хүрэлцэн ирсэн юм л даа. Японоос тусгай үүргийн онгоцоор ирсэн ардчилсан Монголын элч нар  07.30 цагт буудалд ирээд л хувцсаа сольж амжив уу, үгүй юу уулзалт болох газар руу яаравчлав. “Хүлгийн дэлнээ гал шиг асч” гэдэг шиг л удирдагчдын цуваа уралдацгаав. Удирдагчдын цуваа бусадтайгаа уралдахыг ийн харж, улсынхаа цувааны хамгийн арын унаанд сууж явсан Бельги улсад суугаа цэргийн атташе Батзориг ах бид хоёр “Монголын талд мянган морь уралдаж байгаа юм шиг мөн ч лут юм болж байна аа” гэж хөөрөлдөж явав. Мөнөөхөн үзэсгэлэнгийн танхимын чинад зүг Атлантын далайн энгүй их усан лагшин адриатан мяралзахыг харж сэтгэл өөрийн эрхгүй хөөрөв. Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дарга С.Эрдэнэболд, “Тусгай салаа” киноны ерөнхий найруулагч Ж.Батбаяр бид нар урд өдөр нь сурвалжлага хийх танхимтай танилцаж явахад далай огтхон ч харагдаагүй билээ. Бидний ордог талаас өндөр хана далайг халхлаад байж л дээ.

    Ерөнхийлөгч болон Батлан хамгаалахын сайдыг хуралдааны танхимын тусгай хаалганаа буух үед “Барак Обама” гэж тэнд байсан олон орны сэтгүүлчид ам амандаа шаагилдаж, дурантай нь дурангаа тааруулан, дурангүй нь харцаа томруулан ширтэцгээв. Би ч юунаас дутах вэ гэж “Дэлхийн ноён”-ы зургийг муу “савангийн хайрцаг”-аараа хэдэнтээ дарлаа даа. (Өнөөдөр хүн төрөлхтний хөгжлийг АНУ тэргүүлж яваа болохоор Обамаг би ингэж нэрлэдэг юм. Нэгэн цагт хаадын хаан Чингэс эзэн маань дэлхийн тэргүүлэх гүрний ноён байхдаа ийм хүндлэлд умбаж асан биз. Л.Б) Ерөнхийлөгчийн зурагчин Элбэгзаяа ч хажуугаар шурдхийн орж ирж мэргэжлийн аппаратаараа чадхийлгэж байна. Сүүлд Ээбэгээ Ерөнхийлөгч зурагчнаасаа “Намайг унаанаас буух үед чи хаана байсан бэ хө. Дарсан зургийг чинь хармаар байна” гэж цаашлуулж байсан. 28 улс орныг эгнээндээ нэгтгэсэн НАТО-г өнөөдөр аливаа нэгэн зүйлтэй адилтга хэмээвээс сансрын уудам, сарны мандлаас ч тодхон харагдах “түмэн газрын цагаан хэрэм” гэлтэй. Гэвч, газар дэлхийд байгалийн гамшгаас илүү хүмүүний тарьсан гай зовлон барагдахгүй амь бөхтэй оршсоор байна. Афган улсад алан хядагчид болон талибууд даварч хүн төрөлхтний сайн сайхан аж төрөхүйд заналхийлэх болсон нь даяаршсан өнөө цагт удирдагчдын чухамдаа “шүдний өвчин” болоод байсан. Дэлхийн хар тамхины тариалангийн дийлэх хувийг эзэлдэг эл улсад энх цагийг авчрахаар АНУ тэргүүлсэн НАТО-гийн гишүүн болон энхийг дэмжигч улс орнууд цэргээ оруулсаар хэдэн жилийн нүүр үзлээ.

    Монгол Улс Афганистанд цэргээ хандивласан 45 дахь орон гэдгийг өнгөрөгч хавар Батлан хамгаалахын сайд Л.Болд НАТО-гийн удирдлагатай уулзахдаа албан ёсоор үзэглээд ирсэн билээ. Монголчууд “бие нь бага ч бэлчээр нь хол” гэж ярилцдаг. Манай Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч тийм хүн юм. Тэрээр уулзалтын үеэр НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун, НАТО-гийн ерөнхий нарийн бичгийн дарга Андерс Фог Расмуссен, АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама, ХБНГУ-ын канцлер А.Маркель, Их Британийн Ерөнхий сайд Д.Камерон, Италийн Ерөнхий сайд С.Берлускони, Европын холбооны ерөнхийлөгч В.Ромпиу нартай нөхөрсгөөр уулзаж, их гүрний удирдагчид ч манай улсыг энхийг дэмжих олон улсын үйл ажиллагаанд цэргээ хандивлаж буйд талархаж явдгаа илэрхийлж байсан юм. Ф.Расмуссен гуай бол ихэд бодлошронгуй, бас шаналсан царайтай хүн юм. Арга ч үгүй биз дээ, дэлхий нийтийн амар жимэр байдлын төлөө ихийг бодсоор ийм имижтэй болсон биз.

НАТО-гийн дээд хэмжээний уулзалтад Монгол Улс ийнхүү албан ёсоор анх удаа оролцож буй нь яахын аргагүй томоохон түүхэн үйл явдал гэж дэлхийн томоохон хэвлэлүүдэд дурдсан байна лээ. Манай улс Афганистанд энхийг сахиулах олон улсын ажиллагаанд 2003 оноос хойш 700 гаруй дайчдаа явуулаад байгаа юм. Ц.Элбэгдорж “Евро-азийн бүс нутгийн аюулгүй байдал, хар тамхины наймаа зэрэг зохион байгуулалттай гэмт хэргийн гол цөм болоод байгаа Афганистаны байдлыг тогтворжуулахад Монгол Улс цаашид нэмэр хандив оруулах болно, одоогийн байдлаар Афганистанд 200 гаруй монгол эрс алба хааж афганы ард түмэнд туслах үүргээ нэр төртэй биелүүлж буй”-г дурдаж цэргийн инженер, хилийн хамгаалалтын болон гамшгийн үеийн аврах мэргэжилтнүүдийг илгээх, цэргийнхээ тоог нэмэгдүүлэх талаар мэдэгдсэн билээ. Нүүдэлчин удамтай Монгол Ерөнхийлөгчийн “эмээлийн дуу”-г тэнд хуран чуулсан олон улсын удирдагчид талархалтайгаар хүлээж авсан. Дээд хэмжээний уулзалтын гол үр дүн бол Афганистанаас НАТО-гийн цэргийг 2014 он гэхэд гаргаж аюулгүй байдалд тавих хяналтыг тус улсын эрх баригчдад өгөх, эвслийн шинэ үзэл баримтлалыг батлан гаргаж, ОХУ-Гүржийн мөргөлдөөнөөс үүдэн зогсонги байдалд ороод байсан НАТО-ОХУ-ын харилцааг эерүүлэн, пуужингийн цохилтоос хамгаалах системийн талаар харилцан тохирсон нь том алхам байлаа. НАТО-гийн “Дэлхий дахины түншлэл” хөтөлбөрийн хүрээнд Монгол Улс харилцагч улсын статустай болох хүсэлтээ албан ёсоор илэрхийлсэн ч бас л том үйл явдал болох билээ. Удирдагчдын уулзалтыг сурвалжлаад “Лиссабон хот баяртай” гэхийн цаг дор аадар бороо шаагин асгарч, Умард Атлантын далайн хөшгөн саарал үүлс хөлгийн далавчин доор нүүгэлтэн үлдлээ.

Л.Батцэнгэл    
          

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж