Цуцлагдсан алтны лиценз, оюутолгой, банкны зээл

Хуучирсан мэдээ: 2010.12.09-нд нийтлэгдсэн

Цуцлагдсан алтны лиценз, оюутолгой, банкны зээл

Алт олборлогчид уйлж байна. Тэднийг шоолж инээхээсээ өмнө төсвийнхөө талаар бодох хэрэгтэй.  Ирэх оны төсвийн  орлогыг бүрдүүлэхдээ алтнаас олох 38 тэрбум төгрөг орж ирнэ гэж тооцсон хууль баталснаа мартаагүй биз. Төсөвт алтны үнийг өмнөх жилийнхээс 100 төгрөгөөр нэмж тооцлоо. Ингэснээр төсвийн тэнцвэржүүлсэн орлого 38 тэрбум төгрөгөөр нэмэгдэнэ хэмээсээр баталсан.

Гэтэл алтны 254 лицензийг цуцалчихлаа. Одоо яах вэ? Төс­вийн цоорхойгоо юугаар нөхөж, улс төрийн амлалтаа яаж биелүүлье гэж бодож бай­на даа, эрхэм гишүүд ээ. Хаа­наас 38 тэрбум төгрөгийг, мөн лицензээ хураалгасан компа­ниудын нөхөн олговрыг олох вэ.

Манай орны нийт алтны нөөцийн 40 орчим хувь нь дээрх 254 лицензит талбайд буй. Гэтэл лицензээ цуцлуулсан 90 гаруй компанийн 80 гаруй хувь нь гадны ямар ч хөрөнгө оруу­лалтгүй, цэвэр үндэсний компаниуд байгаа юм. Тэд  лицензээ барьцаалж банкнаас мөнгө зээлсэн. Энэ бол хууль ёсны үйл ажиллагаа. Харин одоо тэд банкны өрөө яаж төлөх вэ. Та бүхэн төлөх үү. Эсвэл чанаргүй зээлдээ туйлдсан банкуудынхаа хаал­гыг барих болж байна. Татвар төлөгч бидний мөнгөөр төрөөс өрийг хаана гэж л битгий тэнэгтээрэй дээ.

Алт олборлогчдыг эхлээд гэнэтийн ашгийн 68 хувийн татвараар торгосон. Улсынхаа төлөө юм даа гээд шүдээ зуугаад дөнгөж давахын өмнө­хөн амжаад дараагийн торгуу­лийг бодож олсон нь энэ удаа бараг цааз болж хувирлаа. Гэнэтийн ашгийн татварыг алтнаас, бас зэсээс авч байсан. Алтныхан, зэсийнхэн адилхан л үйлдвэрлэгчид. Хуулийн өмнө тэгш эрхтэй. Төрийн хуулиа хүндэтгээд дагая. Харин төрийн хуулийн өмнө бүгд тэгш эрхтэй байх нь ард­чил­сан зарчим. Тиймээс ардчилсан орон мөн л юм бол Оюутолгойн гэрээг цуцлая. “Айвенхоу Майнз Монголиа инк” компаниас роялтийн татварыг авъя. Яагаад гэвэл тус компани гэнэтийн ашгийн татварыг тэглүүлэх болзол тавиад дээр нь роялти өгөхгүй гэсэн шийдвэр гаргахыг Монго­­лын төрд тулгаад санасандаа хүрсэн. Гэтэл алт олборлогчид төрдөө хүссэн болгоныг нь өгч байсны эцэст өмчөө булаалгалаа.

Хөрөнгө оруулагчдын өмнө Монголын төр хангалттай шившиг тарилаа. Америкийн нэгэн бизнесмэн Монголд ирээд лиценз худалдаж аваад хөрөнгө оруулаад хайгуул хийжээ. Манайхантай адил гэнэн биш учраас урьдчилж нэлээд судалсан байгаа юм. Ингээд ажлаа эхлэнгүүт нь лицензийг нь Монголын төр хурааж авахаар болов. Арга буюу зовлон нэгтэй, лицензээ алдсан манай алтны компанийнхантай уулзаж ярилцжээ. Монголын хөрсөнд арав гаруй тэрбум төгрөгөө “булсан” тэрбээр “Би Монгол Улсыг ардчилсан орон гэж бодсон юм. Харамсалтай нь бүрэн мэддэггүй байж хөрөнгөө оруулчихаж. Үнэхээр ингэнэ гэж бодсонгүй” гээд далаа хавчихаас өөрийг хэлсэнгүй.  Мөн Монголд шороон ордыг яаж ашигладгийг, нөхөн сэргээлтийг хэрхэн олон улсын жишигт нийцүүлж хийхийг зааж өгсөн Шинэ Зеландын нэгэн хөрөнгө оруулагч лиценз хураах шийдвэр гармагц Монголд иржээ. Манай алт олборлогчдын багш гэгддэг энэ хүн дээрмийн шинжтэй хуулийг гайхсандаа хэлэх үгээ ч олохгүй байна. Хөрөнгө оруулагчдын сэтгэлзүй өвөр­мөц бөгөөд эмзэг байдаг. Энэ шок ойрын арван жилдээ арилахгүй гэж салбарын мэргэжилтнүүд ярьж байна.

Бас нэгэн гажигтай шийд­вэр гаргасан нь алтаа зөвхөн Монголбанкинд тушаахыг зөвшөөрч байгаа. УИХ-ын хууль санаачлагчдад эдийн засгийн өсөлт хамаагүй баймааргүйсэн. Эсвэл үйлдвэр­лэ­лийг дэмжиж байж инфляциа тогтоон барих учиртайг мэд­дэг­гүй хэрэг үү.  Банк бол үйлдвэрлэлийг хөдөлгөгч хүч. Банкууд нь хүчтэй байж, бизнес эрхлэгчид тэндээс зээл авч үйлдвэрлэлээ явуулснаар улс орон хөгжинө. Алт олборлогчид Монголбанкинд алтаа тушаалаа гэхэд тэдэнд зээл өгөхгүй юм чинь яаж үйл ажиллагаагаа явуулах болж байна аа. Тэд банкуудаас урьдчилж зээл авдаг. Ингэхдээ “Ухаад олсон бүх алтаа та нарт өгье. Итгэхгүй бол уурхайн хажууд төлөөллөө суулгасан ч болно гэж хэлж байж зээл авдаг гэж байгаа. Арилжааны банкуудад алтаа өгөхийн давуу тал олон. Ядаж банкинд алтаа аваачиж өгөхдөө тэдэнтэй ярилцаж байгаад алтны ханш өсөхийг нь хүлээдэг. Өсөхөөр нь алтаа зардаг. Энэ нь ч хэн хэндээ ашигтай байдаг ажээ. Татвар төлөгчид ашиггүй ажиллах нь төсвийн орлогод ямар халтайг УИХ-ын гишүүдэд заалтай биш. Харин хуулийн өмнө тэгш эрхтэй байхыг шаардах эрх бидэнд бий.

У.ОРГИЛМАА

Зохиогчийн эрх:
 "Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж