Хуучирсан мэдээ: 2010.12.09-нд нийтлэгдсэн

”Чоно” Ганхуяг

“Хас”-ын Ч.Ганхуяг уг нь банкны салбарт  ирээдүйтэй гэгдэж байсан залуу. Өөрөө ч ингэж онгирдог байсныг санаж байна. Харин тэр хэлсэндээ хүрч чадалгүй, саяхнаас улс төр рүү “урвасан” билээ. Сонирхолтой нь НИТХ-ын сонгуульд бие даан нэр дэвшиж байхдаа сурталчилгааныхаа муулах тактикийн гол  бай болгож байсан МАХН /одоогийн МАН/  руу гэнэт харайлгах нь тэр. Эргээд бодоход аргагүй л чоно санаалсан байж. Одоо тэр энэ намын гол хүмүүсийн нэг болж чадсан гэхэд болно. Монголын оюутны холбооны ерөнхийлөгч, бас Ерөнхий сайдын орон тооны бус зөвлөхийн албыг  хашиж байна. Удахгүй Сангийн дэд сайд болно. Мэдээж төрийн хариуцлагатай  албан тушаалд очиж ахиу цалин авах гэж  тэр “жижигхэн” сэтгээгүй байх. Хэдэн жилийн өмнө л мөнгөний ханш гайгүй үед “Хас” банкны гүйцэтгэх захирал байхдаа сард арван сая гаруй төгрөгөөр цалинждаг байсан хүн шүү дээ. Дараа нь “Тэнгэр“ санхүүгийн нэгдлийн захирлаар ажиллахдаа үүнээс бага цалин аваагүй нь ойлгомжтой. Түүний хувийн амьдрал ч хүмүүсийн анхаарлыг татдаг.  “Монгол бадарчин” Амай­гийн экс найз бүсгүйтэй хоёр дахь буюу одоогийн амьдралаа зохиосон нь шар хэвлэлээр нэг хэсэг шуугиан тарьж, хэрэгт дуртай заримынх нь ярианы сэдэв болж байсан. МАН-ын Их хурлын үеэр намын даргыгаа уначих вий гэж өмнөөс нь хамгийн их санаа зовсон хүн бол Ч.Ганхуяг. Санал хураалтын дүнгээр Сү.Батболд өрсөлдөгчөө илт давуу ялсныг зарлахтай зэрэгцээд  хамгийн их “далдаганаж” намба алдсан нь тэр л байсан. Сангийн яамны дэд сайдад намынхан нь түүнийг  ногоон   гэрлээр дэвшүүлсэн энэ өдрүүдэд тэр зүгээр ч нэг “далдаганаагүй” юм байна гэж хүн бүр ярьж байна. Бодвол зурагтын суваг бол­гоноор өөрийг нь нэрээ марттал балиашигласан зоригийг нь үнэлсэн шагнал ч байж мэднэ. Эсвэл эдийн засгийн цоо шинэ бодлого гээд байгаа “Чоно” хөтөлбөрөө эхлүүлэхийн тулд түүнийг танхимдаа оруулж ирэх зорилгоор Т.Очирхүүг “хөөж” явуулсан шалтгаан ч энэ томилгоо байж магадгүй. Тэр аргагүй л чоно шиг  эр юм аа.

Н.МӨНХТӨВШИН

Зохиогчийн эрх:
 "Улс төрийн тойм" сонин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж