Оюутолгойн гэрээнд өөрчлөлт оруулна

Хуучирсан мэдээ: 2010.12.09-нд нийтлэгдсэн

Оюутолгойн гэрээнд өөрчлөлт оруулна


Оюутолгой ордын хөрөнгө оруулалтын гэрээнд зарим нэг өөрчлөлт оруулах
болсон талаарх мэдээллийг Ерөнхий сайд С.Батболд, Сангийн сайд
С.Баярцогт, Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт нар өчигдөр сэтгүүлчдэд
өгсөн юм. Мэдээллийн эхэнд Ерөнхий сайд “Оюутолгой төслийг тойрч, Монгол
Улсын хувь оролцоо буурч байна, ашиг багасч байна” гэсэн яриа сүүлийн
үед нэлээд гарсан. Ерөнхий сайдын хувьд онцолж хэлэхэд Монгол Улсын
Оюутолгой төсөлд оролцох 34 хувь хөндөгдөөгүй, энэ оролцоо цаашид ч 34
хувиар байх болно. Харин үүнийг тойрч давуу эрхийн хувьцаатай холбогдож,
буруу ташаа мэдээлэл, ойлголт гарсныг тодруулж, оны өмнө нэг мөр болгох
даалгаврыг холбогдох сайд нарт Засгийн газрын хуралдаанаас үүрэг
болгосон” гэсэн юм. 

Оюутолгой төслийг ашиглахтай холбоотойгоор
Засгийн газраас өгсөн үүрэг чиглэлийн дагуу өнгөрсөн наймдугаар сараас
эхэлж, Сангийн сайд С.Баярцогт, Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт
нар хөрөнгө оруулагч талтай хэлэлцээр хийжээ. Үүний үр дүнд хэд, хэдэн
заалтыг тодруулж, Монгол Улсад ашигтай байдлаар баталгаажуулж чадсан
байна. Энэ тухай Сангийн сайд дараах тайлбар хийлээ. Тэрбээр Оюутолгой
ордыг ашиглахтай холбоотойгоор Монгол Улсын Засгийн газар хөрөнгө
оруулагч талтай хоёр төрлийн гэрээ байгуулсан. Нэг дэх нь, хөрөнгө
оруулалтын гэрээ. Хоёр дахь нь компани зохион байгуулагдсаныхаа хувьд
компанийн хувь эзэмшиж байгаа хувьцаа эзэмшигчдийн гэрээ гэж байдаг. Энэ
удаад хувь нийлүүлэгчдийн гэрээнд байгаа зүйл заалт зохицуулалт дээр
өөрчлөлт орууллаа.  Тухайлбал,  Оюутолгойн төсөлд оруулж байгаа нийт
хөрөнгө оруулалтын зардлын хүү нь 9.9+Америкийн хэрэглээний индекс
байгаа нь их өндөр байна. Үүнийг бууруулах тал дээр ажилла гэсэн үүргийг
Засгийн газраас өгсөн. Хэлэлцээрийн дүнд ойролцоогоор үндсэн сууриа
Лондонгийн банк хоорондын зээлийн хүү буюу LIBOR-оор авч байгаа. Дээрээс
нь LIBOR нэмэх нь 6,5 хувийн хүү гэдгээр тохирсон. Өнөөдрийн байдлаар
LIBOR 0,3 хувь байгаа, тэгэхлээр нийт санхүүжилтийн зардал 6.8 хувь болж
байгаа. Өмнөх дээр 9.9 +1,17 байсан. Энэ нь ойролцоогоор 11.7 орчим
хувийн хүү болж байсан. Үүнийг эрс бууруулж чадсан. Дараа нь хөрөнгө
оруулагч талаас санхүүжилтийн механизмыг илүү ойлгомжтой болгох санал
тавьсан. Яагаад гэвэл давуу эрхийн санхүүжилтийг монголчууд ойлгохгүй
байх шиг байна. Буруу ташаа мэдээллүүд гарч байна, энэ бол санхүүжүүлэх
асуудлыг шийдвэрлэсэн дөрвөн аргын нэг. Тиймээс одоо яригдаж байгаа
санхүүжилтийн механизмыг бүгдийг өөрөөр санхүүжүүлдэг механизмд
шилжүүлье гэсэн.

Гурав дахь нь, Оюутолгойн ордын хувьцааг
гуравдагч талд худалдахдаа заавал Монгол Улсын Засгийн газраас зөвшөөрөл
авч байж, энэ зөвшөөрлийн үндсэн дээр хийх ёстой гэдэг дээр
тохиролцсон. Тиймээс Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээнд өөрчлөлт
оруулах асуудлыг 2011 оны өмнө шийднэ. Хэлэлцээр үргэлжилнэ гэж ойлгох
хэрэгтэй” гэлээ.

Мөн давуу эрхийн хувьцааны талаар дараах нэмэлт тайлбарыг өгөв.

Давуу
эрхийн хувьцаагаар санхүүжилт урьд өмнө хийж байгаагүй. Бүх компани
энгийн хувьцаа гаргадаг. Санхүүжүүлэхийн тулд янз бүрийн механизм
байдаг. Яах гэж давуу эрхийн хувьцаа гаргадаг вэ гэхээр компани өөрөө
санхүүгийн эрсдлээ багасгах зорилгоор давуу эрхийн хувьцаа гаргадаг. 
Бусад санхүүжилтээс юугаараа ялгаатай вэ гэхээр өөрөө өөрийгөө
санхүүжүүлж болно. Тэгвэл бүх эрсдлээ өөрөө үүрнэ. Давуу эрхийн хувьцаа
гэдэг нь өөр нэг хүнийг хөрөнгө оруулалтад оруулж ирж байгаа юм. Тэр
хүнд тодорхой хэмжээний давуу эрхийн хувьцаа өгч байгаа. Тэр хувьцаа нь
нийт үндсэн хувьцаанд нөлөөлөхгүй.  Тэр бол зөвхөн хүү авч байгаа хэрэг.
Ийм зохицуулалт хийгдсэн.  Гэтэл хүү авна, дээрээс нь ногдол ашиг авна,
дээрээс нь давуу эрхийн хувьцаа энгийн хувьцааны хувийг багасгана гэж
тайлбарлаад байгаа. Тийм зүйл ерөөсөө байхгүй, хэтэрхий төөрөгдүүлсэн
зүйл. Гэхдээ хөрөнгө оруулагч тал өөрсдөө санал гаргаад давуу эрхийн
хувьцааг өөрчилж, энгийн зээл болгон санхүүжүүлэх арга руу оръё гэсэн.
Энэ аргаар явахаар шийдсэн” гэсэн юм.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж