WikiLeaks сайтын шинэ нийтлэл нь гадаадын болон Оросын ямар байгууламжууд АНУ-ын үндэсний аюулгүй байдалд чухал гэж тооцож байгааг дэлхийн олон нийтэд дэлгэж тавилаа.
Америкийн Засгийн газар дипломат корпустаа ихээхэн халгаа сэлгээ хийхээр төлөвлөөд эхэлжээ. Дипломатуудын нууц захидлын ээлжит урсгал АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон дээр сүүдэр унагажээ.
Тэрээр Оросын ерөнхий сайд Владимир Путин “хөшигний ардаас хүүхэлдэй тоглуулах” өөрийн дүрдээ дургүй байна гэж тооцож буй. Харин Оросын ерөнхийлөгч Дмитрий Медведев түүний нүдэнд “аргагүйн эрхэнд либерал” болж харагджээ.
Ерөнхий сайд Владимир Путиныг хөшигний араас хүүхэлдэй тоглуулагч бөгөөд тэр дүрдээ дургүй гэж Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон дүгнэсэн нь энэ сарын 4-ний бямба гаригт WikiLeaks сайтад шинээр орж ирсэн дипломат захидлуудаас тодорхой болсон юм.
“Нууц” гэсэн тэмдэглэлтэй нэгэн зурваст Америкийн Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон өнгөрсөн жилийн гуравдугаар сард Вашингтон хотноо Австралийн ерөнхий сайд Кевин Раддтай уулзсан ярианы агуулгыг тэмдэглэсэн байлаа.
Сарын дараа Лондоны G20-ийн уулзалтын үеэр ОХУ-ын ерөнхийлөгч Дмитрий Медведевтай уулзах гэж байсан Австралийн ерөнхий сайд Оросын дотоод бодлогын талаар зөвлөгөө өгөөч гэж Клинтоноос хүссэн байв. Кэвин Раддад Оросын дотоод хэрэг явдлын хүчний харилцааг тайлбарлаж байхдаа Төрийн нарийн бичгийн дарга Дмитрий Медведев өөрийн эрх мэдлийг хуулиар бэхжүүлэхээр оролдон ерөнхийлөгч асан Путины дэргэд өөрийн байр сууриа олохыг хичээж байна гэсэн байв. Үүний зэрэгцээ Владимир Путин өөрөө 2012 он хүртэл сонгосон “хөшигний цаанаас хүүхэлдэй тоглуулдаг” дүрдээ дургүй байгааг Америкийн улстөрч харсан байжээ. Тэрээр яах ч аргагүй зарим асуудлыг Медведевт шийдэх байдалтай зохицохоос өөр замгүйг Клинтон хэлээд Орост эрчим хүчний асуудлыг Путин л хариуцдаг гэж мэдээлжээ.
АНУ Медведевийг Путинаас арай либерал гэж үздэг үү гэсэн Раддын асуултад хариулахдаа “Оросын ерөнхийлөгч дэлхийн хамтын нийгэмлэгт хүндэтгүүлэх хүлээн зөвшөөрүүлэхийн тулд” тэрээр либерал байхаас өөр замгүй” гэж Клинтон хариулсан байлаа. Австралийн лидер түүнтэй санал нийлээд, лидерүүд нь олон улсын төвшинд хэрхэн харагдаж байгаа талаар оросууд мэдээлэл авч байх нь Медведевийн чансааг дотооддоо өсгөж магадгүй юм гэж хэлсэн байв. Хоёр орны олон талт, ээдрээтэй байгаа харилцааг АНУ сайжруулах эрмэлзэлтэй гэж Клинтон хэлснийг уг материалд дурджээ.
Гадаад бодлогын амжилт нь Дмитрий Медведевийн нэр хүндийг улс орондоо өсгөнө гэсэн санааг өмнө нь АНУ-ын дэд ерөнхийлөгч Жо Байден гаргаж байсан юм. Мөн Америкийн тал түүнд эергээр хандаж буйг тэр хэлж байлаа.
Америкийн аюулгүй байдлын нууцууд
Энэ бүгдийн хажуугаар WikiLeaks-ийн буянаар гадаад орнуудын эрчим хүч, аж үйлдвэрийн байгууламжууд, хоолойнууд, нүүрсний уурхай, тээвэр, холбооны сүлжээ, хиймэл дагуулын станцын төвүүд, далайн ёроолоор тавигдсан кабель зэрэг нь АНУ-ын аюулгүй байдлын чухал хэсэг болж байгааг дэлхий нийт мэдэж авав. АНУ-ын Төрийн департамент уг жагсаалтыг 2009 оны хоёрдугаар сард хийжээ. Тэр нь дэлхийн америк дипломатуудад зориулагдсан гарын авлага бололтой.
Тухайлбал, Орос дахь Приморск ба Новороссийскийн усан боомтууд, уран, палладий, никелийн ба байгалийн хийн орд газрууд, Надымын ойролцоох байгалийн хийн хоолой зэргийг АНУ өөрийн хараанд байх чухал байгууламж гэж тооцжээ. Ямало-Ненецийн автономын районоос баруун Европт байгалийн хий нийлүүлэх “Газпромын” хяналтын Надымын байгалийн хийн зангилаа тэдэнд бас чухал болсон байв.
Мөн тэр жагсаалтад Конго улсын кобальтын уурхай, Австралийн могойн хорны эсрэг антидот үйлдвэрлэх эмийн үйлдвэр, Данийн инсулины үйлдвэр зэрэг оржээ. Баримтад эдгээр байгууламжийн хаягийг биш зөвхөн ямар хотод байдгийг нэрлэсэн байв.
Британийн ВВС энэ жагсаалтыг WikiLeaks-ийн нийтлэлүүдээс хамгийн их асуудалтай баримт нь өнөөдөр энэ боллоо гэсэн байна.
Байгууламжууд нь нэрлэгдсэн орнууд түүнийг лавтай судлаад хяналтаа улам чанга болгох нь ойлгомжтой. Одооноос америкчуудыг тийш нь нэг их нэвтрүүлэхийг аль ч орон хүсэхгүй. Тиймээс ч энэ жагсаалт Вашингтонд ихээхэн түгшүүр төрүүлжээ.
Шилдэг дипломатууд үнэний төлөө хэлмэгдлээ
WikiLeaks сайтын нууц материалуудын нийтлэл олон америк дипломатуудыг ажилгүй болгож байна. Америкийн мэдээний портал The Daily Beast засаг захиргааны эх сурвалжийн мэдээндээ үндэслэн Барак Обамагийн Засгийн газар ойрын сард дэлхий даяар дипломат ажилтнуудаа солихоор төлөвлөөд байгаа гэжээ.
WikiLeaks дэх захидалд Америкийн дипломатууд дэлхийн улс орны лидерүүдийн талаар тааруухан хэлж байсан билээ. Материалд нэр гарсан хүмүүсээ тэд шинэ ажилд тавина. “ Энэ бол эмгэнэлийн нэг тал юм. Бидэнд шилдэг дипломатуудаа дуудах хэрэг гараад байна… Ажиллаж буй орныхоо талаар тэд жинхэнэ үнэнийг хэлснийхээ төлөө ийм байдалд орлоо” гэж тэр эх сурвалж нь мэдээлжээ.
Одоо дуудагдах хүмүүсийн тоог хэлэх нь хамгийн хэцүү асуудал болоод байна. Дахин шинээр тавигдах материалд хэн хэний нэр дурдах нь мэдэгдэхгүй. WikiLeaks-ийн үндэслэгч Жулиана Ассанжийн хэлснээр бүх бичиг баримтыг судлахад долоогоос дутуугүй жил хэрэгтэй гэнэ. Тэр нь долоон жилд хэнд аюул учрах вэ гэдгийг тооцох аргагүй гэсэн үг юм. Одоогоор зөвхөн Ливид сууж байсан элчин Жин Кретцийг л татаад байгаа юм. Тэрээр украин бүсгүйгээс салдаггүй Каддафийн тухай мэдээлсэн юм. Мөн Элчин сайд нар ч биш дипломат албаны ажилтнууд нь энд бас л орох хэрэгтэй болж байгаа нь нууц биш. Төрийн департамент ба Батлан хамгаалах яамны хооронд мэдээлэл солилцдог хэсэгт л эдгээр нууц алдагдсан гэж Хиллари Клинтон хэлээд одоо энэ систем ашиглагдахгүй болсныг дуулгасан юм.
Ш.Мягмар