Улсын клиникийн төв эмнэлэгт өчигдөр Ясны чөмөг болон үүдэл эс шилжүүлэн суулгах тасгийг нээх ёслол боллоо. Энэ хэсэг нээгдсэнээр цусны эмгэг болон цусны хавдартай хүмүүс эх мэс заслын эмчилгээ хийлгэх боломжтой болж байна. Өмнө нь өвчтөнүүд энэ чиглэлийн мэс заслын эмчилгээг зөвхөн гадаадад л хийлгэх боломжтой байлаа.
Сүүлийн жилүүдэд цусны эмгэг, ялангуяа хавдрууд, хүнд хэлбэрийн дархлаа дутагдал , цус бүлэгнэлтийн эмгэг зэрэг өвчнүүд их тохиолдох болсон гэнэ. Тухайлбал, сүүлийн таван жилд цусны эмгэгийн улмаас хэвтэн эмчлүүлэгчдийн тоо 22.7 хувиар, харин цусны хавдрын тохиолдол 11.5 хувиар нэмэгдсэн байна.
Эдгээр өвчнийг эдгээхийн тулд манайхан гадаадын өндөр хөгжилтэй орнуудад 30-130 мянган ам.доллараар хагалгаанд ордог байжээ. Түүнчлэн эмчлүүлэгч нь тухайн оронд очихдоо ганцаар биш заавал ар гэрийн болон асран хамгаалагчтай очдог аж. Эмчилгээний өртөг дээр сахиурын зардал нэмэгддэг байна. Тэгвэл тун удахгүй цусны өвчтэй хүмүүс эх орондоо цусны эд эсийн эмчилгээг хамгийн сүүлийн үеийн аргаар бүрэн төгс эмчлүүлэх боломжтой болжээ. Учир нь өчигдөр нээгдсэн тусгай мэс заслын тасагт өвчтөн чөмөг шилжүүлэх хагалгаанд орж, агаарыг цэвэршүүлж вакуумжуулсан орчинд 1-2 сар байх аж. Үйлчлүүлэгч донороос шилжүүлсэн чөмөг, цусны эд эс зэрэг нь өвчтөний биед дасан зохицох хүртэл уг тасагтаа хэвтэх гэнэ. Энэхүү чөмөг шилжүүлэн суулгах тусгай орчныг бий болгоход ЭМЯ-наас 80 сая төгрөгийн санхүүжилт хийсэн аж. Харин эмчилгээ, мэс засал зэргийг ирэх оноос хийх гэнэ. Энэ хугацаанд эмч мэргэжилтнүүдийг гадаадад сургаж туршлагажуулах, тоног төхөөрөмж зэргийг суурилуулж дуусах ба ирэх оноос уг хагалгааг хийж эхлэх юм байна.
Сонирхуулахад, цус үүсгэгч үүдэл эсийг анх хулгана, нохой, хүнд 1950-иад оны үеэс шилжүүлэн суулгах оролдлого хийж байсан гэнэ. Харин 1970-аад оны эхэн үед АНУ-ын эрдэмтэн E.Donnall Thomas цусны хурц хавдарт өвчтөнд цус үүсгэгч үүдэл эсийг шилжүүлэн суулгаж, Нобелийн шагнал хүртэж байжээ.
П.Наран