Энэ сарын сүүлээр -50 хэм хүрнэ гэсэн мэдээлэл яригдаж байсан. Энэ үнэн үү?
-Энэ буруу ойлголттой мэдээлэл байна. Яг -50 хүрнэ гэж хэлээгүй. Хамгийн их хүйтэрдэг сар 12, нэгдүгээр сар. Тиймээс хүйтний эрч чангардаг энэ үед уулархаг нутгаараа 40 хэм буюу ер нь хэд ч хүрч болзолшгүй гэж хэлснийг л буруу ойлгосон байна. Энэ жилийн хувьд цас багатай, нийт нутгийн 20-иод хувьд нь цасан бүрхүүлтэй байсан. Цаг агаарын урьдчилсан мэдээгээр ирэх долоо хоногоос эрс хүйтэрнэ. Одоо нийслэлд өдөртөө -7 хэм байхад ирэх долоо хоногт 20-иос дээш градус болон хүйтэрнэ гэсэн мэдээлэлтэй байна. Тэгэхээр хөдөө уулархаг газраар 38-45 хэм хүрч хүйтрэх төлөвтэй байгаа. Манай станцууд зөвхөн төв суурин газар байдаг болохоор яг малын бэлчээрт, ууландаа ямар градуст хүрэхийг мэдэх боломжгүй байна.
-Ер нь арванхоёр, нэгдүгээр сар хамгийн хүйтэн байдаг. Оны сүүлч, эхээр цаг агаарын төлөв ямар байх вэ?
– Нутгийн баруун хэсгээр 20-42 хэм, төв аймгаар 20-39 хэм, зүүн аймгийн нутгаар 18-35 хэм, говийн нутгаар 15-30 хэм болон хүйтэрч ихэнх нутгаар хур тунадас орно.
-Цас их орж зарим аймагт замыг хаагдсан гэж байсан. Аль аймагт байдал хүндэрч байгаа вэ. Хаагуур их цас орсон юм бол?
-Яг одоогоор зам хаагдсан юм байхгүй. Цасыг тухайн орон нутгийн Онцгой байдлын газар шуурхай ажиллаж цэвэрлэж байгаа гэсэн мэдээг холбогдох хүмүүс хэлж байсан. Цас нэлээн их орж байна гэж байгаа ч цаг агаарын температур харьцангуй сул байгаа. Энэ сарын гурванд баруун аймгуудын нутгаар цас орсон. Гэтэл Ховд аймгийн Зэрэг суманд +14 хэм болж дулаарсан байна.
-Яагаад гэнэт дулаарах болов. Ганцхан Ховдод дулаарсан гэж үү?
– Ганц Ховдод ч биш л дээ. Их нууруудын хотгор хэсгийг дагасан Говь-Алтай, Ховд, Баянхонгор, Өвөрхангай, Өмнөговь, Архангай зэрэг аймгийн зарим газраар өнөөдрийн байдлаар дээд тал нь +14 хэм болон дулаарсан. Салхины хурд нь 20-28 см хүртэл ширүүссэн байна. Тухайн үеийн нөхцөл байдалтай л холбоотойгоор дулаарсан гэж үзэж байгаа.
-Тэгэхээр ирэх долоо хоногт цаг агаар тогтворгүй байх нь ээ?
-Тийм ээ. Ирэх долоо хоног гэлтгүй өнөөдрийн байдлаар Завхан аймгийн хойд талын сумдаар маш их цас орж 43 см хүрсэн бөгөөд хүйтэрч зуд болох төлөвтэй байна гэсэн мэдээ ирсэн. Уулархаг газар болон баруун аймгийн нутгаар цас орж хүйтэрсэн байна. Тиймээс малчид болон иргэд бэлтгэлээ базаан, хол замд гарах зорчигч болон нийтийн тээврийн жолооч нар цаг агаарын нөхцөл байдлыг ихээхэн анхаарах хэрэгтэйг анхааруулж байна.