Хангайгаа хамгаалахгүй бол бидний амьдрал сүйрнэ

Хуучирсан мэдээ: 2010.12.09-нд нийтлэгдсэн

Хангайгаа хамгаалахгүй бол бидний амьдрал сүйрнэ

-Газрын доорх баялгийг ард түмний өмч гэдэг утгаар нь ард олондоо хүртээж буй нь буруу зүйл биш. Харин бэлэн мөнгөөр тарааж байгаа нь хамгийн аюултай-

“Эко Ази” дээд сургуулийн захирал, доктор, профессор Ц. Адъяасүрэнтэй байгаль орчны асуудлаар ярилцлаа.

-Та бидний ярианы гол сэдэв байгаль орчны өнөөгийн байдал, байгаль хамгааллын асуудлыг хөндөх юм. Нэлээд хэдэн жилийн өмнө та сайдын албан тушаалд байхдаа байгаль орчныг ашиглагч нь хамгаалах  ёстой гэсэн онолыг дэвшүүлж байсан. Энэ онол өдгөө хэрэгжиж чадаж байна уу?

-Нэгэн үеийг бодвол байгаль орчны талаарх хүмүүсийн ойлголт их өөр болсон. Намайг байгаль орчны сайдаар ажиллаж байх үед байгаль орчны чиглэлийн төрийн бус байгууллагууд тийм ч олон байсангүй. Мөн уул уурхайн олборлолт ч өнөөгийнхтэй харьцуулшгүй байж. Тиймээс ч байгаль орчны бохирдол одоогийнх шиг хурцаар тавигдаж байгаагүйн дээр хүмүүсийн идэвх ч одоогийнхоос бууруу байсан гэж болно. Гэхдээ миний дэвшүүлэн тавьсан онол өдгөө ч хүчинтэй хэвээр шүү дээ. Байгаль орчныг ашиглаж, түүгээр бизнес эрхэлж буй хүн бүрт байгаль орчны асуудал хамаатай.

-Байгаль орчны асуудлаас хамгийн чухал нь юу вэ. Эрэмбэлж дараалуул гэвэл та юуг нэрлэх вэ?

-Байгаль орчны асуудлаас хамгийн чухал нь ой мод хамгаалах юм. Энэ бол  миний олон жилийн судалгаа, шинжилгээ болоод практик  ажлын үр дүнд гарч ирсэн дүгнэлт юм шүү. Ой бол байгаль орчныг тэнцвэржүүлэгч. Ой модноос ялгарсан хүчилтөрөгчийн ачаар хүмүүн төрөлхтөн амьд мэнд байдаг гэдгийг цэцэрлэгийн хүүхдүүд ч мэднэ. Мөн ой бол бидний ялгаруулсан бохир хийг шингээж, агаар цэвэршүүлж байдаг. Хангай нутагт орсон аадар бороо хор хохирол багатай байдаг бол говь, талд уруйн үер, гэнэтийн их ус буух үзэгдэл үе үе тохиодог нь ой модгүйтэй холбоотой. Ойтой газарт үер бага буудаг нь  мод борооны усыг үндсэндээ шингээдэгтэй холбоотой. Биологийн төрөл зүйл ан амьтан, хорхой шавьжийг хүртэл ой хамгаалж байдаг. Дараагийн нэг чухал зүйл бол ус юм. Монгол орны хувьд ой мод, усны нөөц багатай орны тоонд багтдаг. Сүүлийн жилүүдэд нүүрлэсэн газрын доройтол, гэмтэл, элэгдэл нь яалт ч үгүй анхаарал татах асуудал болоод байна. Тиймээс газрын зөв менежмент, бодлого явуулах учиртай. Харин дөрөв, тавдугаарт агаарын бохирдол, химийн хорт бодисын хэрэглээг нэрлэх байна. Энэ бүгдийн зангилаа нь хүмүүсийн ухамсарт үйл ажиллагаанаас шалтгаалж буй юм. Тиймээс л ашиглагч нь хамгаалах ёстой гээд байгаа юм л даа.

-Уул уурхайн компани бүрт л байгаль орчны мэргэжилтэн ажилладаг ч тэдгээр нь мэргэжлийн хүмүүс байдаг эсэх нь эргэлзээтэй санагддаг. Таны хэлээд байгаачлан аж ахуйн нэгж, байгууллага бүрт байгаль орчны мэргэжилтэн ажиллаад ирвэл байдал дээрдэх болов уу?

-Байгаль орчны ажилтан гэхээр  байгаль хамгаалагч төдийгөөр ойлгодог цаг ард үлдсэн. Одоо байгаль орчны ажилтныг бүхий л мэргэжлээр бэлдэж байна. Байгаль орчны менежер, эрхзүйч, газар зохион байгуулагч, ойжуулагч, байгалийн аялал жуулчлалын менежерүүдийг бэлтгэх болсон. Ийн мэргэжилтэн бэлтгэх нь нийгмийн хэрэгцээ юм. Уул уурхай, арьс ширний үйлдвэрлэл гэхчлэн хамгийн их асуудалтай салбар бүрт байгаль орчны менежер ажиллаж эхэлсэн тэр цагт байдал эерэг тал руугаа эргэнэ гэдэгт эргэлзэхгүй байгаа шүү.

-Байгаль орчны салбарт өнгөрсөн онд нэгэн шинэ хууль мэндэлсэн нь “Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай” хууль юм. Гэвч энэхүү хуулийг хэрэгжүүлж эхэлмэгц л эсрэг тэсрэг байр суурь, элдэв хэл ам дагалдах боллоо. Нэг хэсэг нь хуулийг нэн даруй хэрэгжүүлэх нь зүйтэй гэж буй бол нөгөө хэсэг нь хувийн бизнесийг хайр гамгүй нухчин дарлаа гэж мэдүүлж байна. Та аль байр суурийг нь дэмжиж байна вээ?

-Урт нэртэй богино хууль гэж нэрлэгдээд байгаа “Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай” хуулийг боловсруулж эхлэх үеэс би гар бие оролцсон хүний нэг. Тэр үед байгаль орчны иргэний зөвлөлийн гишүүн байсан учраас  ингэж оролцох үүрэгтэй байсан гэж ойлгож болно. Өнөөдөр манай улсын байгаль орчны амин зуулга нь Хангайн нуруунд байдаг. Хангайн уулсаас эх авсан гол мөрнүүд говь, талаа усаар тэжээж ундаалдаг. Гэтэл Хангайгаа хамгаалалгүй орхих аваас бидний амьдрал сүйрэхэд хүрнэ. Ирээдүйд нүүрлэнэ гээд байгаа цөлжилт, ган гачгийн аюул өдгөөгийн бидэнд нүүрлэхэд бэлэн байна шүү дээ. Тиймээс энэ хууль бол нийгмийн шаардлагаар гарч ирсэн хууль. Харин ч оройтож гарлаа. Үүнээс ч өмнө батлан гаргах байсан юм.

-Уул уурхайн компаниудын гомдлын тухайд ортой зүйл биш үү?

-Ашиглагч байгууллагуудын хувьд хөрөнгө оруулалт, мөнгө төгрөгөөрөө түрээ барих нь мэдээж. Гэвч үүнээс айж бэргэлгүй хурдхан шийдвэрлэхээс аргагүй.

-Нөхөн төлбөрт бага биш хэмжээний мөнгө шаардлагатай гэсэн тооцоо гарсан. Сая тэрбумаар бус их наядаар тооцогдох хөрөнгө нэхэмжилсэн байна лээ, компаниуд. Тийм их мөнгө Засгийн газарт бий юу?

-Нэгэн үеийг бодвол Монгол Улс мөнгөтэй болсон. Тиймээс нөхөн олговрыг нь олгоод газраа татан авч, хамгаалалтдаа оруулах нь чухал. Нөхөн сэргээлтийг шаардлагын дагуу хийлгэж байж нөхөн олговрыг олгох учиртай.

-Өнөөдөр манай улс уул уурхай, эрдэс баялгийн салбараасаа бага биш мөнгө олж байна. Оюутолгой, Тавантолгойгоос олох мөнгөнийхөө тодорхой хэсгийг ард олондоо бэлэн мөнгө болгон тарааж буй нь хэр оновчтой шийдэл вэ?

-Таны нэрлэсэн хоёр толгойгоос гадна байгалийн баялгаар арвин өөр олон толгой цаана нь бий. Газрын доорх баялгийг ард түмний өмч гэдэг утгаар нь ард олондоо хүртээж буй нь буруу зүйл биш. Харин бэлэн мөнгөөр тарааж байгаа нь хамгийн аюултай. Бэлэн мөнгөнд амташсан хүмүүс бэлэнчлэх сэтгэлгээнд автаж, ажил хөдөлмөр эрхлэхийг шамдахгүй байна. Үр хүүхдүүд нь ч тэр л замыг сонгож байна. Хатуухан хэлбэл монгол хүмүүсээ үе удмаар нь хорлон сүйтгэж байна. Тиймээс би хувьдаа газрын доорх баялгаа газрын дээрх баялаг болгон хувиргая гэсэн уриаг дэвшүүлж байгаа юм. Бүхий л хүмүүсээр мод тариулъя. Ингэж айл өрх бүр, албан байгууллага, баг хороондоо ой модон төгөл байгуулж чадсан хүмүүст эх орны хувь хишгийг өгдөг байж болно шүү дээ. Үр хойчдоо ч бахархах зүйлтэй үлдэнэ.

-Нэг үеийг бодвол мод тарих хөдөлгөөн их өрнөж байгаа. Харин тарьсан модоо арчилж ургуулах нь үр дүн муутай байх шиг санагддаг?

-Тиймээ, мод тарих хөдөлгөөн хаа сайгүй өрнөж байгаа. Арчилж ургуулахад иргэдийн мэдлэг дутагдаад байгаа нь нууц биш. Байгаль орчны мэргэжилтнүүд думтаг байгаагийн нэг жишээ энэ юм. Тиймээс мэргэжлийн хүний зөвлөгөөг даган ой мод ургуулан арчилсан хүмүүст эх орны хувь хишгийг олгодог болчихвол ой модны нөөц өдрөөс өдөрт багассан энэ цаг үед ихээхэн хэрэгтэй ажил болно доо. Ой мод олноор нь тарьж ургуулбал хувь хишиг дээрээс нь урамшуулал олгодог болъё л доо. Яагаад болохгүй гэж.

-Уул уурхайн салбараа түлхүү хөгжүүлсэн хэр нь улс нь хурдацтай хөгжсөн сайн жишээ олон бий. Гэтэл манайд эхлэл төдий байгаа уг салбар экологи, байгаль орчны болон бусад  хүндрэл бэрхшээл дагуулсаар байгаа нь уул уурхайн компаниуд байгальд ээлтэй ажиллаж чадахгүй байгаатай холбоотой юу?

-Санал нийлж байна. Манайх байгаль орчныг хамгаалах  хуулиуддаа өөрчлөлт оруулах хэрэгтэй байна. Үйлдвэр аж ахуйн газруудад байгаль орчны аудитыг жил тутам, үгүйдээ хоёр жилд нэг удаа хийхээр тусгах ёстой. Байгууллага бүрт байгаль хамгаалах нэгжийг бий болгох зэрэг заалтуудыг оруулах хэрэгтэй юм. Байгаль ашиглагчдад тодорхой эрх мэдэл өгч, үүрэг хариуцлага хүлээлгэсэн цагт байгаль орчны хамгаалалтад эргэлт гарна. Жишээ нь, малчдад тодорхой хэмжээний газрыг өмчлүүлж, эзэмшүүлэх замаар тухайн газрыг хамгаалж болно шүү дээ. Хүн гэдэг амьтан нийтийн, нийгмийн өмчид хайр гамгүй ханддаг. Харин өөрт нь хамаатуулаад өгчихвөл тэр газартаа 5000 ямаа тэжээх үү, 500 хонь өсгөх үү, 50 үхэр хариулбал ашигтай юу гэдгийн аль оновчтойг нь сонгоно шүү дээ. Өөрийн өмчийг бусдаас харамлаж хамгаалж чаддаг тэр араншинг ашиглаж, байгалиа авран хамгаалах нь шилдэг арга гэж би хувьдаа боддог юм.

-Ярианыхаа эхэнд дурдаад өнгөрсөн “Байгаль орчин тандалт судалгаа-40 жил” эрдэм шинжилгээний хурлын талаар мэдээлэл өгнө үү. Өнөөдөр болж буй энэ хурлаар ямар асуудлыг хөндөн ярилцах вэ?

-Сансрын хиймэл дагуулаас мэдээ хүлээн авах станцыг манай улсад 40 жилийн өмнө байгуулсан байдаг. 1970 оны арванхоёрдугаар сарын 1-ний өдөр сансрын хиймэл дагуулын хамгийн анхны мэдээг хүлээн авч байжээ. Дэлхийн цаг уурын байгууллагын сайн дурын тусламжийн хөрөнгөөр байгуулсан уг станцыг тухайн үед Ус уцаг уурын албанд харъяалуулж байж. Түүнээс биш худалдан авах боломж манай улсад байсангүй. Бас нэгэн сонирхолтой баримт дурдахад мэдээ хүлээн авах станцыг ЗХУ-д үйлдвэрлэсэн бол мэдээ авч буй нхиймэл дагуул нь АНУ-ынх байжээ. Харин мэдээ хүлээн авагч нь монголчууд. Ийм л байдлаар сансрын хиймэл дагуулаас мэдээ авах ажлаа эхлүүлж байсан. Хамгийн анхны мэдээлэл хүлээн авсан цаг уурч бол Цэрэн-Очир гуай байдаг. Харин миний хувьд 1975 оноос хойш сансрын мэдээлэлтэй холбогдож явна. Тэр үед үүлний дүрс аналоги мэдээлэл авдаг байсан бол өдгөө тоон мэдээлэл хүлээн авч компьютерт боловсруулдаг болоод байна.

-Сансрын хиймэл дагуулын мэдээллийг анх түрүүн хүлээн авч, хэрэглэсэн хүмүүс нь цаг уурчид юм байна. Харин одоо ямар мэргэжлийн хүмүүс хэрхэн хэрэглэж байна вэ?

-Одоо бол сансрын мэдээллийг ашиглахгүй салбар гэж үгүй шүү дээ. Ус цаг уурын хүрээлэнгээс гадна ой, усны салбарынхан, онцгой байдлын алба, бодлого боловсруулагчид, малчид, боловсролын салбарынхан өргөнөөр ашиглаж, ган зуд, байгалийн үзэгдлийг танин мэдэх, түймрийн байршил тодруулах гэхчлэн бүхий л салбарт ашиглаж байгаа. Сансрын хиймэл дагуулын мэдээлэл нь өргөн уудам нутгийг нэг зэрэг харах боломжтойн дээр байгалийн үзэгдлийг богино хугацаанд шуурхай илрүүлдгээрээ онцлог юм. Нэгэн үе хөдөө орон нутгийн зарим сүйхээтэй дарга нар цаг үе, цас зудны байдлаа худал мэдээлж, Засгийн газрын нөөцөөс хөрөнгө мөнгө авч байсан гашуун түүх бий. Тэгвэл өдгөө сансрын мэдээллээс тухайн даргын хэлж буй үнэн эсэхийг шууд харж болно. Тиймээс ч бид сансрын тандан судалгаа, мэдээллийг шийдвэр гаргах төвшинд ашиглах асуудлыг хөндөн тавьж байгаа. Ийнхүү сансрын тандан судалгааны хэрэглэгчдийн хүрээ өргөжин тэлсний сацуу шинжлэх ухаанд томоохон хувь нэмэр оруулж, хүний нөөцийн чадавх бэхжиж байна. Байгаль орчны салбарт Геомэдээллийн төв, ШУА-д Информатикийн хүрээлэн, МУИС дээр ЮНЕСКО-гийн тусламжаар байгуулсан тандан судалгааны шуурхай лаборатори зэрэг бие даасан байгууллагууд ажиллаж байна. Мөн энэ жил 10 жилийн ойтойгоо золож буй “Эко Ази” дээд сургуульд энэ талын мэргэжилтнийг бэлтгэж байгаа.

Д.Цээпилмаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж