Бизнесийн орчин шинэчлэгдсэн үү?

Хуучирсан мэдээ: 2010.12.09-нд нийтлэгдсэн

Бизнесийн орчин шинэчлэгдсэн үү?

Засгийн газраас 2010 оныг Бизнесийн орчны шинэтгэлийн жил хэмээн зарласан. Бизнес эрхлэгчдэд чөдөр тушаа болж буй төрийн хүнд суртал, олон дамжлага, давхардсан зөвшөөрөл, олон гарын үсгийг цөөлөх ажлыг хийхээр төлөвлөсөн. Энэ ажлыг зохион байгуулах комиссын хурал саяхан болж Бизнесийн орчны шинэтгэлийн жилийн хүрээнд хийсэн ажлуудад онц дүн тавьсан тухай сонин хэвлэлээр бичиж байна. Харин бизнес эрхлэгчдэд ямар өөрчлөлт мэдрэгдэж байгаа бол. Тэдэнд бизнес эрхлэхэд таатай орчин бүрдэж байгаа болов уу. Энэ талаар зарим бизнесийн төлөөлөлтэй уулзаж, байр суурийг нь сонирхлоо.

“И Си Си” ХХК-ийн захирал Г.Батсүх:  Олон гарын үсэг авдаг хэвээрээ

-Манайх барилга угсралтын үйл ажиллагаа явуулдаг компани. Барилгын компанид дор хаяж 100 гаруй гарын үсэг, зөвшөөрөл авдаг. Үүнд давхардсан олон зөвшөөрөл, ач холбогдолгүй зөвшөөрлүүд байдаг. Танхимын даргын тавьсан илтгэлд эдгээр гарын үсэг, зөвшөөрлийг 30 орчим хувиар цөөлсөн тухай дурдлаа. Гэхдээ одоогоор энэ бүхэн хэрэгжиж байгаа зүйл биш шүү дээ. Өнөө олон гарын үсэг, зөвшөөрөл авдаг механизм хэвээрээ байгаа. Харин энэ бүхэнд дүн шинжилгээ хийж хаана нь ямар шат дамжлага дээр анхаарч хасах тухай МҮХАҮТ чиглэл гаргасан юм билээ. Цаашид энэ бүхэн хэрэгжиж чадвал үнэхээр бидэнд хэрэгтэй байна. 

“Монголын Ипотекийн корпорац”-ийн гүйцэтгэх захирал Ц.Энхбаяр: Төрийн дэмжлэг туслалцаа хэрэгтэй байна

-Манайх орон сууцны хоёр дахь зах зээлийг хөгжүүлэх үйл ажил­лагаа явуул­даг. Иргэдэд хүртээмжтэй орон сууцны зээлийг хөг­жүүлэхийн тулд арилжааны банкуудаас олгосон орон сууцны зээлүүдийг багцалж худалдаж аваад хөрөнгийн зах зээл дээр гаргах үйл ажиллагаа явуулах юм. Үүнд янз бүрийн дүрэм журам зэрэг маш олон хууль эрх зүйн орчин шаардагдаж байгаа. Юутай ч энэ жил Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны хуулийг батлуулсан. Энэ хуулийг амьдралд зөв хэрэгжүүлэхийн тулд холбогдох төрийн байгууллагатай хамтарч ажиллаж байгаа. Ер нь төрийн байгууллагын дэмжлэг туслалцаа маш их байгаа гэхэд болно. Мөн орон сууцны санхүүжилтийн чиглэлээр, иргэ­дийг орон сууцжуулах нэгдсэн бодлого чиглэл хомсдолтой байна. Ямар ч байсан бизнесийн орчныг сайжруулна гэсэн амлалт гаргасан нь сайн хэрэг. Энэ ажлыг нэгхэн жилийн дотор хийж амжихгүй нь мэдээж, харин эхлүүлж чадсанаар цаашдаа бизнесийн салбарт зөв эрүүл орчин бүрдэнэ гэдэгт найдаж байна.

“Active adventur tours” компанийн ТУЗ-ийн дарга Д.Гантөмөр:Шинэчлэлийг үгээр илэрхийлсэн жил боллоо

-Манай төр засаг юутай ч бизнесийн орчинд шинэтгэл хэрэгтэй байгааг олж харж, үүнийг хийе хэмээн зоригтой дуугарч чадсан нь сайшаалтай. Гэвч энэ ажил нэгхэн жилийн дотор хийгдчих ажил биш шүү дээ, зөвхөн энэ жил хийсэн ажлаар бизнесийн орчны шинэтгэл дуусахгүй байх гэдэгт найдаж байна. Дараа дараагийн жилүүдэд ч шинэчлэл үргэлжилж, цаашид улам хөгжих байх. Бизнесийн орчныг шинэчилнэ гэхээр маш том лагс зүйлийг өөрчлөх тухай байгаа юм. Энэ жил бизнесийн орчинд шинэтгэл хийнэ хэмээн зарлаж нэлээд ажлуудыг хийж байх шиг байна. Тэгэхээр бизнесийн орчны шинэчлэлийг үгээр илэрхийлсэн жил боллоо гэмээр байна. Харин энэ онд эхлүүлсэн бизнесийн орчны шинэтгэлийн ажил дараа дараагийн жилүүдэд үргэлжилж, үр дүн нь харагдана байх. Гэхдээ үүнд төрийн өөрийн эр зориг, хууль эрх зүйн орчныг бий болгож өгөхөөс шалтгаална.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж