
Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн 2009 оны сонгуульд орохдоо өөрийн гол имидж болгосон “Нүүх үү, Үлдэх үү” лекцийн нэр улс төрийн хүрээнд “моод” болоод байгаа. Монгол Улс нүүх үү, үлдэх үү?
Энэ асуултад хариулт болох бас нэгэн хуулийн төсөл УИХ-аар хэлэлцэгдэж эхлээд байгаа нь Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн төсөл. Өнгөрсөн долоо хоногт УИХ хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг шийдсэн. Ирэх 7 хоногт эхний хэлэлцүүлгийг хийнэ.
1992 онд баталсан шинэ Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудал 2004 оны парламентаас эхлэн өдөөгдсөн боловч одоо хэр нь өөрчлөлт оруулж чадаагүй байгаа нь энэ. Ялангуяа 2000 оны УИХ-ын сонгуулийн дараа МАХН дангаараа эрх барьж байхдаа “хууль зөрчиж оруулсан” гэх өөрчлөлтөөс болж Үндсэн хуульдаа гар хүрэхээс айх айдас улам нэмэгдсэн билээ. Тиймээс Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахын тулд дагаж мөрдөх ёстой журмыг боловсруулж, үүнийгээ хуульчлан батлахаар болсон нь энэ.
“Хууль зөрчиж оруулсан” гэх 2000 оны нэмэлт өөрчлөлтөд чухам юу тусгагдсан бэ? Үүнийг ярихын өмнө тухайн үеийн улс төрийн нөхцөл байдлыг үнэлж үзэх зайлшгүй шаардлага гарна. 1992 оны Үндсэн хуульд байсан нэг чухал зүйл нь засаглалын эрх мэдлийг нарийн зааглаж, УИХ-ын гишүүн хуулиар тогтоосон үүрэгт нь үл хамаарах ажил, албан тушаал хавсрахыг хориглосон. Өөрөөр хэлбэл, Засгийн газрын гишүүн буюу сайдын албан тушаалыг хавсарч гүйцэтгэхийг ч мөн хориглоно гэсэн үг. Харин үүний “гор”-ыг 1996-2000 онд эрх барьсан улс төрийн шинэ залуу хүчин болох “Ардчилсан холбоо” эвслийн Засгийн газрууд ханатал амссан билээ. Дөрвөн жилийн хугацаанд гурван Засгийн газраа огцруулж, дөрвөн Засгийн газар байгуулсан байдаг. Хэдийгээр үүнд тухайн үед сөрөг хүчин байсан МАХН-ын бүлгийн шахалт дарамт, анх удаагаа засгийн эрх авсан шинэ залуу ардчилагчдын эв нэгдэлгүй байдал гол үүрэг гүйцэтгэсэн гэх боловч гарцаагүй үнэлж үзэх ёстой бас нэг хүчин зүйл нь Засгийн газрыг 100 хувь парламентын гаднаас бүрдүүлсэн явдал. Энэ нь улс төрийн тогтворгүй байдлыг бий болгох, Засгийн газрыг хэт хэврэг байдалд оруулах сөрөг талтай юм гэдэг сургамж. Учир нь төрийн эрхэнд сайн, муу этгээд байхаас үл хамааран төрийн аппарат саадгүй ажиллаж байх нь хуулийн гол шаардлага.
1997 онд М.Энхсайханы, дараа нь Ц.Элбэгдоржийн Засгийн газрыг огцруулахад ч тэр үед эрх барьж байсан “Ардчилсан холбоо” эвслийн тодорхой хэсэг УИХ дахь цөөнхийн бүлэгтэй хамтран хүчин зүтгэснээс энэ бүхэн тодорхой харагдана. Харин дараа нь Ерөнхий сайд Ж.Наранцацралтыг “Орос руу бичсэн захидал” гэгчээр шалтаглан асуудал босгож ирэхэд танхимынх нь бүх гишүүд “Бид энэ Ерөнхий сайдтай хамтарч ажиллаж чадахгүй” хэмээн гарын үсэг зурсны хүчинд сайдынхаа албанд үлдэж, Ерөнхий сайдаа огцруулснаар улс төрийн тогтвортой байдлыг тодорхой хэмжээнд авч үлдсэн боловч тэр нь ч бас ёс зүйн хувьд жаахан тоогүй дүр зургийг түүхэнд үлдээсэн билээ. “Урвагч сайд нар” гэдэг.
Бас өөр нэг нөхцөл байдал үүссэн нь Ц.Элбэгдоржийн Засгийн газрыг огцруулсны дараа “Ардчилсан холбоо” эвслээс Да.Ганболдыг Ерөнхий сайдад томилуулахаар нэр дэвшүүлээд Ерөнхийлөгчтэй зөвшилцөхөөр долоо удаа санал оруулахад Ерөнхийлөгч Н.Багабанди түүний нэрийг долоон удаа буцааж, Ерөнхий сайд асан Ц.Элбэгдорж бүтэн найман сар үүрэг гүйцэтгэгчээр ажилласан. Уг нь бол парламентын засаглалтай оронд УИХ-д олонхи болсон улс төрийн нам, эвсэл Ерөнхий сайдаа санал болгодог. Гэвч тухайн үед Үндсэн хуульд “Ерөнхийлөгчтэй зөвшилцөнө” гээд заачихсан байсан тул Н.Багабанди тэр заалтыг барьж унаад, “зөвшилцөхгүй ээ” гээд хэвтчихсэн хэрэг л дээ. Ингээд УИХ-д олонхи байсан “Ардчилсан холбоо” эвсэл арга буюу Да.Ганболдын нэрийг татаж, оронд нь Ж.Наранцацралтыг оруулсан билээ.
Харин энэ бүхэнд гар бие оролцож, басхүү сургамж авсан МАХН 2000 оны УИХ-ын сонгуулиар үнэмлэхүй олонхи болсныхоо дараа Ерөнхийлөгч Н.Багабандийг 2001 оны сонгуульд дахин нэр дэвшүүлэх тохиролцоотойгоор Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийг дангаараа хийсэн байдаг. Нийт долоон зүйлийн нэмэлт, өөрчлөлт оруулсны нэг нь “Ерөнхий сайд Засгийн газрынхаа бүтэц бүрэлдэхүүнийг Ерөнхийлөгчтэй зөвшилцөхөөр саналаа өгөөд долоо хоногийн дотор зөвшилцөлд хүрч чадахгүй бол шууд УИХ-д оруулах” тухай заалт. Хоёр дахь нь “УИХ-ын гишүүн нь Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүнээс бусдаар хуулиар тогтоосон үүрэгт нь үл хамаарах ажил албан тушаалыг хавсарч болохгүй” гэсэн өөрчлөлт.
Чухамхүү энэ өөрчлөлтийн улмаас өнөөдөр Засгийн газрын танхимд багтаж байгаа 16 сайдын гурваас бусад нь УИХ-ын гишүүд байгаа билээ. Гэвч энэ нь өнөөдөр бас л “УИХ-ын гишүүд сайдын албан тушаалыг хавсрах болсноос парламентын хяналт алдагдаж, Засгийн газар нь УИХ-ынхаа дээр гарлаа” гэдэг шүүмжлэл дагуулаад байгаа. Үндсэн хуульд оруулсан бусад өөрчлөлтийн хувьд практикаар хараахан шалгагдаагүй байна.
Харин одоо УИХ Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хуулийг хэлэлцэж эхлээд байна. Журмын тухай хуулийн төсөлд Үндсэн хуульд оруулж болох өөрчлөлтүүдээс гадна оруулж болохгүй хязгаарлалтуудыг ч мөн зааж өгсөн байна. Тухайлбал, засаглалын хуваарилалтын зарчим болон хүний эрхийг хангах заалтуудыг өөрчлөх, хасах, дордуулахыг хориглох, УИХ-ын сонгууль болохоос өмнөх зургаан сарын дотор Үндсэн хуульд өөрчлөлт оруулахгүй, өөрчлөлт оруулснаас хойш найман жилийн дотор тухайн зүйл заалтыг дахин өөрчлөхгүй, Үндсэн хуулийн суурь үзэл баримтлалын асуудлаар нэмэлт өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлага байгааг УИХ тогтоовол уг хуульд заасанчлан ард нийтийн санал асуулга явуулна гэх мэтчилэн.
Энэ хуулийн төслийг УИХ хэлэлцэн баталсан тохиолдолд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах дараагийн асуудал яригдах юм. Гэвч нэгэнт “хууль зөрчөөд оруулсан” гэж үзэгдэж байгаа 2000 оны өөрчлөлтийг буцаах асуудлыг ч Л.Гантөмөр нарын гишүүд тавиад, энэ дагуу хуулийн төсөл боловсруулаад явж байгаа. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хууль батлагдсан тохиолдолд тухайн үеийн улс төрийн нөхцөл байдал, намуудын ашиг сонирхлоос шалтгаалаад 2000 оны өөрчлөлтийг буцаах боломжгүй болно гэж болгоомжлох үүднээс журмын тухай хуулиас өмнө энэ асуудлыг хэлэлцүүлэхээр асуудал босгож байгаа аж.
Харин үүний дараа Үндсэн хуульд ямар өөрчлөлт оруулах шаардлагатай вэ гэдэг асуулт гарч ирнэ. Угаасаа журмын тухай хуулийг хэлэлцэж байгаа шалтгаан нь энэ юм. Хамгийн эхэнд тавигдсан энэ асуултын хариуг “процедурын дагуу” хамгийн эцэст нь хайх хэрэгтэй болж байна. Угаасаа өөрчлөлтийг ярьж эхэлсэн гол шалтгаан нь Монголын эдийн засгийг сөхрөөж байгаа төсвийн үр ашиггүй зардлыг хумих, засаг захиргааны нэгжийн хуваарьт өөрчлөлт оруулж, төвлөрсөн хот суурингууддаа хөрөнгө хаях улс орны хөгжлийн, мөн зах зээлийн эдийн засгийн шаардлага. Ерөнхийлөгч Н.Багабандийн үед, тухайн үеийн Засгийн газрын захиалгаар боловсруулсан Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн бодлого өнөөг хүртэл цаасан дээрээ үлдсэн нэг шалтгаан нь засаг захиргааны нэгжийг хуваарилсан Үндсэн хуулийн заалт. Хоёр дахь нь сонгуулийнхаа тогтолцоогоо шинэчлэх асуудал. Үндсэн хуульд “Иргэд өөрийн төлөөллийг УИХ-д шууд сонгох эрхтэй” гэж заасан нь улс төрийн намуудад санал өгдөг буюу пропорциональ тогтолцоог ашиглахад хаалт болно гэх болгоомжлолыг улстөрчид гаргаж тавиад байгаа. Бусад улс орны практикт үүнийг “парламентыг шууд сонгоно” гэдэг байдлаар зохицуулсан байдаг аж.
Ерөнхийдөө дээрх хоёр хоёр зүйл дээр улс төрийн намууд нэг үеэ бодоход нэгдсэн байр суурь хүрээд, өөрчлөх шаардлагатай гэдэг дээр санал нэгдээд байгаа тул түр орхиё. Харин сүүлийн үест улс төрийн намуудын ч дунд, иргэдийн дунд ч шүүмжлэл дагуулж байгаа нэг зүйл бол УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүн, сайдын ажлыг хавсран хийдэг явдал. 2000 оны өөрчлөлтөөр орж ирсэн энэ зохицуулалтын улмаас өнөөдөр 16 гишүүнтэй Засгийн газрын танхимын 13 нь УИХ-аас томилогдоод байгааг дээр хэлсэн. Мөн Засгийн газрыг 100 хувь парламентын гаднаас бүрдүүлэх нь гүйцэтгэх засаглалд тогтворгүй байдал үүсгэж, улс төрийн намууд ч бодлого хөтөлбөрөө хэрэгжүүлэх чадамжгүй болдог тухай. Боловсон хүчний асуудал ч мөн үүнд хамааралтай. Улс төрийн намууд сонгуульд ялахын төлөө өөрийн бүхий л боломжийг дайчилж, сонгогчдоос санал авах бололцоотой гэж үзсэн бүх кандидатаа шавхдаг. Тэгээд эргээд сонгуульд ялсны дараа Засгийн газраа бүрдүүлэх болоход сонгогчдын огт төсөөлөөгүй, эсвэл намаасаа төдийлөн дэмжлэг хүлээгээгүй шинэ хүмүүс гарч ирдэг. Тиймээс аль аль талаас нь ч харсан Засгийн газрын танхимын тодорхой хувийг УИХ-аас гаргах нь зөв гэсэн байрыг илэрхийлэх хүн олон байна.
Тухайлбал, 1992 онд Ерөнхий сайд П.Жасрай өөрийн танхимыг бүрдүүлэхдээ танхимын гишүүдийн “гуравны нэгээс илүүгүйг УИХ-аас томилуулах”-аар санал оруулж, үүнийгээ хэрэгжүүлсэн аж. Ерөнхийдөө энэ нь хамгийн зөв “баланс” байсан гэж харагдаж байгаа бөгөөд тухайн үед Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүний тухай хуулиар зохицуулсан энэ зарчмыг Үндсэн хуульд суулгаж өгөх санааг ч УИХ-ын тодорхой гишүүдийн зүгээс ярьж байна. Мэдээж Ерөнхий сайд УИХ-аас томилогдох нь зайлшгүй. Үүн дээр яамдаа чиг үүргээр нь хуваагаад бодлогын яамд буюу Сангийн сайд, Гадаад харилцааны сайд, Хууль зүйн сайд нарыг УИХ-аас томилох нь хамгийн оновчтой хэлбэр, эсхүл парламентын гишүүдийн 6 хувиас хэтрэхгүй байхаар хязгаарлалт тавьбал дээрх балансыг барьчих юм гэсэн саналууд ч явж байна. Энэ асуудлыг журмын тухай хууль батлагдсаны дараа эргэж ярих биз.
Ямар ч байсан УИХ цаашид Монголын улс төр, нийгэм, эдийн засгийн амьдралд нэлээд том нөлөө үзүүлэхүйц нэгэн хуулийн төслийг зориглон барьж авсанд талархах хэрэгтэй болж байна. Харин энэ асуудлыг анх барьж авсан шигээ далайцтай, хурдан шийдэж чадах уу гэдгээс их зүйл хамаарна. Монголчууд нүүх үү, үлдэх үү?
Б.СЭМҮҮН