
Хуралд 800 төлөөлөгч оролцохоос 500 гаруй төлөөлөгч оролцож, өөрсдийнхөө эрх ашгийн нэгдэл болсон уг байгууллагын цаашдын хувь заяаны сонголтод санаа тавьцгаав. Танхимын дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулсан талаар Удирдах зөвлөл сонордуулсаныг сонирхуулбал, хэрвээ тэргүүлэгчдийн хурлыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хоёр удаа тасалбал Удирдах зөвлөлөөс хөөх аж. Ингэснээр тэргүүлэгчид, Удирдах зөвлөлийнхний үүрэг хариуцлага өндөрсөх гэнэ. Энэ мэтээр өрнөсөн их хурлын хамгийн ширүүн, мэтгэлцээнтэй, халуухан үе нь танхимын даргын асуудлыг шийдвэрлэх байлаа.
Улсын төсөв бүрдүүлэгч эрхмүүд хацар жиндүүлсэн хахир өвлөөр ийнхүү цугларах болсон хамгийн том шалтгаан нь тус танхимыг 12 жил “хаанчилсан” С.Дэмбэрэлийг суудлаас нь огцруулах эсэхэд хариулт өгөх байв. Өнгөрсөн өдрүүдэд тус суудалтай холбоотой мессеж нийгэмд багагүй тархсан. “Тэнгэр” санхүүгийн нэгдлийн Ч.Ганхуяг, “Буян”-гийн Б.Жаргалсайхан нар танхимын дарга болох нэр дуулдаж байсан ч үнэн хэрэгтээ тэднээс өөр хүмүүс уг суудлын төлөө мөрийн хөтөлбөртэйгээр хүч үзсэн.
Тус албан тушаалд “Монгол 999”-ын гүйцэтгэх захирал Л.Ариунболд, Үндэсний Соёмбо хөдөлгөөний тэргүүн Б.Лхагважав, МҮХАҮТ-ын даргаар ажиллаж байгаа С.Дэмбэрэл, тус танхимын орлогч дарга З.Янсанжав, М.Оюунчимэг нарын таван хүн өрсөлдсөн юм. Өнөөгийн дарга С.Дэмбэрэлийг солих шаардлагатай гэж өрсөлдөгч дөрөв санал нэгдсэн байлаа.
Гишүүнээр бүртгүүлсэн 2000 гаруй аж ахуйн нэгжүүдийнхээ татаасаар нэлээд цулайж, өөрийн орд цагаан өргөөгөө босгоод авсан тус байгууллагын даргаар очих нь хэн хэнд нь чухал байсан биз. Хуралд оролцогчдын олонх нь одоогийн даргадаа талтай байгаагаа нуухгүй байсан бол зарим нь энэ байгууллага бизнесийнхэнд биш сайд дарга нарт үйлчилдэг болсон хэмээн үзэж буйгаа ч илэрхийлсэн. “Үндэсний Соёмбо” хөдөлгөөний тэргүүн Б.Лхагважавын хувьд “МҮХАҮТ төрийн бус байгууллага. Бизнес эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах, бизнес хийх орчныг бүрдүүлэх талаар анхаарч ажиллах хэрэгтэй байгааг ч дурдсан. Түүний хэлснээр бол МҮХАҮТ Монголын бизнесийн төлөөллийн хамгийн том байгууллага хэрнээ дарга нь үндсэн үүргээ мартаад байгаа аж. Харин “Барс” захын эзэн Ч.Амарбаатар С.Дэмбэрэл даргад “нугасгүй” хайртай бололтой. Түүн шиг мундаг удирдагч, эдийн засагч, мөнгө үржүүлэгч байхгүй гэнэ. Ийнхүү дотроо тав зургаан фракц болон хуваагдсан Монголын худалдаа аж үйлдвэрийн танхимын XVIII их хурал бүтэн өдөржин болсон бөгөөд С.Дэмбэрэлийн хувьд танхимын даргын суудлаа бусдад тийм ч амархан өгөхгүйгээр шийдсэн нь илэрхий байсан. Удирдах зөвлөлд 83 хүн сонгохоос автоматаар 58 хүн сонгогдож, 25 нь заалнаас сонгогдсон юм. Ийнхүү С.Дэмбэрэл автоматаар Удирдах зөвлөлийн гишүүнээр сонгогдсон 58 хүнийнхээ буянаар МҮХАҮТ-ыг дахин дөрвөн жил толгойлох нь бараг тодорхой болж байна. Яг үнэндээ Монголын худалдаа аж үйлдвэрийн танхимын XVIII их хурал далайх нь ширүүн ч буух нь зөөлөн гэдэг шиг л болж байх шиг. Хурал одоогоор хараахан дуусаагүй байна.