Манай улсын ширэн бээлийтнүүд Италийн Милан хотод болсон дэлхийн авара шалгаруулах тэмцээнээс алт, мөнгө хүрэл медалиар энгэрээ мялааж ард түмнээ баярлуулж, багаараа 150 гаруй орноос эхний дөрөвт бичигдсэн гайхам амжилтыг үзүүллээ. Тэмцээний өдрүүдэд монголчууд эх орныхоо нэрийг дэлхийн тавцнаа дуурсгаж байсан 17-хон настай Н.Төгсцогтын тоглолтыг сэтгэл догдлон үзэж байсан. Дэлхийн аваргын мөнгөн медальт, Ази тивийн аваргын хүрэл медальт, олон улсын хэмжээний мастер Н.Төгсцогттой уулзаж ярилцлаа.
-Юуны өмнө дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртсэнд баяр хүргэе?
-Баярлалаа. Би маш их баярласан.
-17-хон настай мөнгөн медальтныг монголчууд бүгд бахархан сонирхож байна. Өөрийгөө илүү дэлгэрэнгүй танилцуулна уу?
-Би энэ жил Цагдаагийн академийн I дамжааны оюутан болоод байгаа. Би эхээсээ хоёулаа. Нэг охин дүүтэй. Аав, ээжтэйгээ амьдардаг.
-Ойр дотны хүмүүс дотор нь боксоор хичээллэдэг хүн бий. Аав ээж тань анх энэ спортоор хичээллэхэд ч хэрхэн хүлээж авч байв?
-Манай аав, ээж энэ спортоор хичээллэхэд их дуртай байсан. Огт хорьж цааргалж байгаагүй. Би анх жудо бөхөөр хичээллэж байгаад гурван жилийн өмнөөс н.Гантулга багш дээр ирж боксоор хичээллэж эхэлсэн.
-Боксоор гуравхан жил хичээллэж байгаа юм уу. Харьцангуй бага хугацаанд өндөр амжилт гаргажээ. Манай улс Олимпийн алтан медальтай болсон цагаас эхлэн хүүхдүүд спортоор хичээллэх нь ихэссэн. Олимпийн алтан медальт Э.Бадар-Ууган ахтайгаа нэг сургууль байсан гэсэн. Түүний нөлөө бас байсан уу?
-Би үе үеийн ах нар шигээ амжилт гаргах юмсан гэж хичээж, зүтгэсэн. Миний ийм амжилт гаргасан нь намайг дэмжсэн бүх хүмүүс болон мэддэг чаддаг зүйлээ харамгүй хэлж зааж өгдөг багш нарын минь ач. Би арван жилийн 79 дүгээр сургуулийг төгссөн. Э.Бадар-Ууган ах манай сургууль. Яг манай анги хичээллэж байсан өрөөнд нь анги нь байсан юм билээ.
-Тив, дэлхийн уралдаан тэмцээнийг монголчууд алдалгүй үзэж тамирчдаа хажуугаас нь нь үзэж байгаа юм шиг л дэмжицгээдэг?
-Харин тийм. Манайхан тамирчдаа их сайн дэмждэг гэдгийг би сайн мэднэ. Монголчууд маань үзэж байгаа шүү дээ гэж бодохоор сайн тоглох ёстой гэсэн бодол өөрийн эрхгүй төрдөг юм билээ.
-Алтан медалийн тоглолтыг үзэж байхад шүүгч илт оноо өгөхгүй байх шиг санагдаад бухимдаж байсан, монголчууд?
– Би бүх тоглолтдоо их тайван байж, дасгалжуулагчийнхаа хэлж ярьж байгаа бүхнийг сонсч хичээж байсан. Нэгэнт ялагдсан болохоор тийм ийм байсан гэж ярих хэрэггүй болов уу. Би багшийнхаа заавраар сүүлийн үедээ оновчтой цохилт, тоглолт хийсэн. Гэхдээ арай ч өөрийгөө хоёр оноотой байна гэж бодоогүй. Оноо дэндүү хол зөрсөн байсан.
– Насанд хүрээгүй хүүхэд тив дэлхийн аваргуудтай тулна гэдэг тийм ч амаргүй байсан нь мэдээж. Хамгийн хүнд тоглолт аль нь байв?
-Тамирчин хүнд амархан даваа гэж байдаггүй байх. Энэ удаагийн тоглолтын хамгийн хүнд хэцүү үе, тамирчин нь Энэтхэгийн боксчин байсан. Тэр хүн Азийн аварга дэлхийд нэртэй тамирчин. Их хичээж байж түүнийг ялсан даа. Дараа ОХУ-ын алдарт тамирчинг ялаад Пуэрто-Рикогийн тамирчинд ялагдсан.
-Уг нь Пуэрто-Рикогийн тамирчинг ялсан бол дэлхийд хамгийн залуугаараа алтан медаль хүртсэн амжилтаар хоёрт бичигдэх байсан байна лээ?
-Тийм гэсэн. Гэхдээ би ийм амжилт гаргасандаа маш их баярлаж, сэтгэл хангалуун байгаа. Би ОХУ-ын тамирчинтай тоглож байгаад зүүн гараа даруулж гэмтэл авсан .
-Дараагийн тэмцээн хаана болох вэ. Бэлтгэл сургуулилтаа хэр зэрэг хийж байна даа?
-Дараагийн тэмцээн хаана болохыг сайн мэдэхгүй л байна. Амжилтаа ахиулахын төлөө хичээж, бэлтгэлээ сайн хийнэ дээ. Одоохондоо маш завгүй л байна.
-Эх орныхоо нэрийг дэлхийн тавцанд цуурайтуулж, улам их амжилт гаргаарай?
-Баярлалаа. Эх орон, ард түмнийхээ итгэлийг алдахгүй байхын төлөө хичээх болно.
Х.Оюунсүрэн /2009.09.16/