“Цэвэр хөгжлийн миханизмын төсөл бэлтгэх” практик сургалт Дархан -Уул аймагт болов. БОАЖЯ-ны Цэвэр хөгжлийн миханизмын үндэсний товчооноос эрхлэн зохион байгуулсан уг сургалтад тус аймгийн байгаль орчны улсын байцаагчид, эрчим хүч, сэргээгдэх эрчим хүч, дулаан, уул уурхай, ой, хөдөө аж ахуй, хог хаягдал, зам тээвэр, үйлдвэрчлэгчдийн төлөөлөл оролцов. Сургалтад БОАЖЯ-ны ЦХҮТ-ны дарга Б.Цэндсүрэн, тус яамны Химийн хорооны дарга Л.Жаргалсайхан, Төслийн үндэсний зөвлөх Ж.Доржпүрэв, Цэвэр хөгжлийн механизмын олон улсын зөвлөх Каспер ван дерТак нар оролцов. Уг төслийн эхний сургалт энэ оны эхний улиралд Дархан хотод болсон бөгөөд уг сургалтын үргэлжлэл болгон энэ удаагийн сургалтыг хийж байгаа гэж зохион байгуулагчид нь онцлов. Энэ удаагийн сургалтаар “Монгол дахь цэвэр хөгжлийн механизмын зохицуулалт ба бүтэц”,”ЦХМ-ын төсөл Дархан хотод хэрэгжих боломж”,”Үйлдвэрүүдийн шилдэг технологи ба туршлага”,”Хүлэмжийн хийн ялгаралтын тооцоолол”,”Орон нутгийн иргэдийн боломжит төслийн санаа” зэрэг сэдвээр мэдээлэл хийв. Сургалтын төгсгөлд БОАЖ-ын сайд Л.Гансүх оролцогчдод хандаж сургалтаар сурч мэдсэнээ төсөл болгон бичиж үндэсний товчоогоор дэмжүүлж хөрөнгө оруулагчдаас төсөл авч Дархан хотод хүлэмжийн хийг бууруулахад хувь нэмрээ оруулж ажиллахыг уриалав.
Б.Урантуяа