БОАЖ-ын сайд Л.Гансүх Германы хэвлэлүүдэд ярилцлага өгчээ

Хуучирсан мэдээ: 2010.04.01-нд нийтлэгдсэн

БОАЖ-ын сайд Л.Гансүх Германы хэвлэлүүдэд ярилцлага өгчээ

Ойн ашиглалтаас жилд 306 сая еврогийн ашиг олдог

Өнгөрөгч долоо хоногт ХБНГУ-д ажлын айлчлал хийсэн Байгаль орчин, аялал жуудчдадын сайд Л.Гансүх тэргүүтэй Монголын төлөөлөгчид Хессен муж дахь Байгаль орчны яаманд зочилж, ойн менежмент, бодлогын төлөвлөлтийг хэрхэн хийж, хэрэгжүүлж байгаа талаар туршлага судалжээ. Тус мужийн ой бүхий газрын 40 хувь нь улсын, 35 хувь нь орон нутгийн, 25 хувь нь хувийн эзэмшилд байдаг, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох зорилгоор ойн тогтвортой менежмент явуулдаг аж. Энэ ажлын хүрээнд ойг хавтгайруулан огтлохыг хориглох, нэг газарт олон зүйлийн мод тарьж ургуулах, халуун болон хүчтэй салхи гэх мэт уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй төрөл зүйлийг тарьж ургуулах бодлого хэрэгжүүлдэг. Зөвхөн энэ муж ойн тогтвортой ашиглалтынхаа үр дүнд жилд 306 сая орчим еврогийн ашиг олдог байна. Айлчлалын баг яамнаас гаргасан бодлого, шийдвэрийг орон нутагт хэрхэн хэрэгжүүлж байгаатай газар дээр нь танилцахаар Бургвальд, Кирххайны ойн албадаар зочилжээ. Дээрх албад уур амьсгалын өөрчлөлттэй дасан зохицох чиглэлээр боловсруулсан загварчлалд үндэслэн дараах ойн менежмент явуулдаг байна.

Хамтын эзэмшил хамгийн шалгарсан хэлбэр

Ойн нөхөрлөл, хамтын эзэмшил бол хамгийн шалгарсан хэлбэр гэж Кирххайны ойн алба үзэж байна. Энэ нь товчхондоо ой эзэмшигч хувь хүмүүс нь ой худалдах эрхээ удирдах зөвлөлд бүрэн шилжүүлсэн хэлбэр юм. Удирдах зөвлөл нь ой эзэмшигч, хотын ойн алба хоёрыг холбох “гүүр” болж, аливаа мэдээллээр хангаж өгдөг байна. Кирххайн дахь ийм нөхөрлөл хотын ойн албатай зэрэгцээ томоохон бүлэглэл болон хөгжжээ. Нийт 85 гишүүнтэй. Ойн албатай хамтран ажиллаж, гишүүддээ зөвлөгөө өгдөг ба цаашид энэ нь эдийн засгийн нэгж болох зорилготой. Ойн үйлчилгээг хувийн компани хийж, үйлчилгээний хөлсийг ойн эзэмшигч төлдөг. Энэ хэлбэрийн эзэмшил нь ойн алба, нөхөрлөл хоёр хамтран модоо зарах субьект олж гэрээлэх, байгалийн эрсдлийг хамтран давах давуу тал олгодог.

Олон нийтийн “Зөвлөх хороо” ажиллуулах боломжтой

Төлөөлөгчдийн айлчлалын нэг гол зорилго бол Германы Техник хамтын ажиллагааны нийгэмлэг/GTZ/-ийн менежменттэй, тэр дундаа мэдээллийн төвийг хэрхэн үр ашигтай ажиллуулдагтай танилцах. Энэ хүрээнд төлөөлөгчид Хессэн муж улсын Кэллэрвалдын Тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаанд зочилжээ. 95 хувь нь ой бүхий уг тусгай хамгаалалттай газар нутагт эко аялал жуулчлал хөгжүүлж, байгаль орчны мэдлэг мэдээллийг иргэд, сургуулийн сурагчдад өгөхөд чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг. Байгуулагдаад удаагүй хамгаалалтын захиргаа нь бүсийн судалгаа шинжилгээний ажилд илүү их анхааран судалгааны чиглэлээр 17 ажиглалтын цэг байгуулжээ. Түүнчлэн байгалийн парк байгуулан жуулчид авч, зэрлэг ан амьтан агнуулах замаар төсвийн тодорхой хэсгийг өөрсдөө бүрдүүлдэг аж. Хамгаалалтын захиргааныхаа дэргэд иргэдийн төлөөлөл бүхий “Зөвлөх хороо” ажиллуулдаг нь манайд хэрэгжүүлж болох туршлага байлаа. Энэ хороо байгаль хамгаалах нийгэмлэг, аж ахуйн нэгж, аялал жуулчлал, нутгийн иргэд зэргээс бүрдсэн 35 хүртэл хүний бүрэлдэхүүнтэй ажиллан, иргэдэд олон талын зөвлөгөө өгч байна. Үүнээс гадна судалгаа шинжилгээний “Техник хороо” бас ажиллаж байна.

Холбооны Засгийн газар хоёр талын хамтын ажиллагааг өргөжүүлэх бодлого барьж байна

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүх энэ үеэр Германы Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яамны сайд Хелмут Ферберттэй цаашдын хамтын ажиллагаагаа улам бэхжүүлэн, өргөжүүлэхээр харилцан тохиролцжээ. Сайд нар уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг авч хэрэгжүүлж буй арга хэмжээнээс гадна Монгол оронд тохиолдсон зуд болон малын бүтээмж дээшлүүлэх, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох бүс, үндэсний стартеги, уул уурхайн хөгжил, төр ба хувийн хэвшлийн түншлэлийн харилцааг харилцан дэмжих зэрэг өргөн хүрээтэй хамтын ажиллагааны санал солилцсон. Холбооны Засгийн газар хоёр талын хамтын ажиллагааг өргөжүүлэх бодлого барьж байгаа нь манай улсад илүү олон төсөл хэрэгжих, илүү их санхүүжилт хуваарилж дэмжих боломж нээн өгнө. Гэхдээ 2015 он хүртэл үргэлжлэх санхүүгийн хямралын жилүүдэд тус улсын Засгийн газар төсөв хэмнэх бодлого барьж байгаа тул одоогийн санхүүжилтээ хэвээр хадгалах юм. 

Сайд нар уур амьсгалын өөрчлөлтийн нөлөө, түүнтэй хэрхэн тэмцэж байгаа талаар санал солилцох үеэр Л.Гансүх манай улсад уур амьсгалын өөрчлөлттэй дасан зохицох салбарт боловсон хүчний чадавхи бэхжүүлэх нь нэн чухал байгааг онцолжээ. Германы Техник хамтын ажиллагааны нийгэмлэг уур амьсгалын өөрчлөлтийн чиглэлээр боловсон хүчний чадавхи бэхжүүлэх гурван сая еврогийн төсөл бичиж, санхүүжилт хүсэж өргөн бариад байгаа аж. Энэ төслийг дэмжихийг, түүнчлэн Холбооны уур амьсгалын өөрчлөлтийг бууруулахад хөгжиж буй орнуудад дэмжлэг үзүүлэх сангаас санхүүгийн дэмжлэг авах орны жагсаалтад манай улсыг оруулахыг Л.Гансүх сайд хүсчээ. Мөн Холбооны улсын БОЯ-тай албан ёсны хамтын ажиллагаа эхлүүлж, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, өөрчлөлтийг бууруулах чиглэлээр хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн байна.

Байгалийн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд идэвх гаргана

БОАЖ-ын сайд Л.Гансүх мөн Холбооны улсын Бундестагийн гишүүн, Байгаль орчин, хөдөөгийн хөгжлийн байнгын хорооны дарга ноён Др.Кристиан Раактай Монгол орны тусгай хамгаалалттай газар нутаг, түүний менежментийн арга барилын талаар ярилцсан байна. Түүнчлэн, Холбооны улсын парламентын гишүүн, Төв Азийн бүлгийн дарга зэрэг албаны хүмүүстэй уулзаж, хоёр орны олон жилийн түүхт хамтын ажиллагааг хэрхэн хөгжүүлэх талаар болон монгол оронд тулгамдаж буй уур амьсгалын өөрчлөлт, зуд, байгаль орчны салбарт тулгамдаж буй асуудлуудыг хэрхэн шийдвэрлэх талаар санал солилцжээ. Уулзалтуудаас хоёр орон уул уурхай, нөхөн сэргээлт, байгалийн аялал жуулчлал хөгжүүлэх чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэх нь зүйтэй гэж онцлон тэмдэглэсэн байна.

Айлчлалын үеэр БОАЖ-ын сайд Л.Гансүх Холбооны улсын сонин сэтгүүлүүдэд ярилцлага өгч, Берлин хотноо хэвлэлийн бага хуралд оролцон Монгол орон уур амьсгалын өөрчлөлтөд хэрхэн өртөж байгаа талаар мэдээлэл хийжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж