С.Баярцогт хувийнхаа зардлаар явжээ

Хуучирсан мэдээ: 2010.12.08-нд нийтлэгдсэн

С.Баярцогт хувийнхаа зардлаар явжээ

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай

    С.Баярцогт Нью-Иорк руу хувийнхаа зардлаар явжээ

    Иргэн
    Б.Лхагважав нь Сангийн сайд С.Баярцогтыг “Айвенхоу майнз Монголиа инк”
    компанийн санхүүжилтээр Нью-Иоркийн хөрөнгийн биржид очиж, цан цохисон
    нь авлига авсны нэг илрэл гэж үзэн гомдол гаргасныг Ёс зүйн дэд хороо
    хаалтттайгаар хэлэлцэв.

    Монгол Улсын Сангийн сайд Нью-Иоркийн
    хөрөнгийн биржийн арилжааны цанг цохьсон тухай мэдээлэл янз бүрийн
    тайлбар дагуулсан. Оюутолгойн орд газарт хөрөнгө оруулалт хийж байгаа
    “Айвенхоу майнз” компани Нью-Иоркийн Хөрөнгийн биржид хувьцаагаа
    гаргасны таван жилийн ойд зориулан цан цохих ёслолд Монгол Улсын Сангийн
    сайд С.Баярцогт оролцсон юм. Үүнийг тухайн үедээ дэлхийн том биржийн
    арилжааны цанг цохиж Монгол Улсаа сурталчилсан хэрэг боллоо гэж байсан
    билээ. Энэ талаар “Оюутолгой”-ийн вэб сайтад “Р.Фрийдланд хонх байрладаг
    тавцанд Монгол Улсын Сангийн сайд Сангажавын Баярцогт, Рио Тинтогийн
    Нүүрс эрхэлсэн захирал Эндрю Хардин, Нью-Йоркийн хөрөнгийн биржийн
    Евронэкст худалдааны дэд ерөнхийлөгч Лорэнс Лебович, Айвенхоу Майнзийн
    гүйцэтгэх захирал болон ерөнхийлөгч Жон Маккен, Айвенхоу Майнзийн орлогч
    захирал Петер Мередит, Массачусетс  мужийн амбан захирагч асан,
    Айвенхоу Майнзийн ахлах зөвлөх Билл Уэлд нарын зочдын хамт гарч иржээ”
    гэж мэдээлсэн байгаа. 

    Тэгвэл УИХ-ын Ёс зүйн дэд хороо өчигдөр
    хуралдаж, иргэн Б.Лхагважаваас ирүүлсэн гомдлыг авч хэлэлцлээ. Хуралдаан
    хаалттай болсон учир чухам ямар асуудлыг авч хэлэлцсэн нь тодорхойгүй
    байв. Хуралдааны дундуур тархсан албан бус мэдээллээр Сангийн сайдын цан
    цохисон гэсэн дээрх үйл явдлын талаар хэлэлцсэн гэж байв. Үүнд иргэн
    Б.Лхагважав нь Сангийн сайд С.Баярцогтыг “Айвенхоу майнз Монголиа инк”
    компанийн санхүүжилтээр Нью-Иоркийн хөрөнгийн биржид очиж, цан цохисон
    нь авлига авсны нэг илрэл гэж үзэн, хариуцлага тооцохыг хүсч дээрх
    гомдлыг мэдүүлсэн юм байна. Уг нь Сангийн сайдыг албан томилолтоор уг
    арга хэмжээнд оролцсон гэж байгаа ч зардлыг нь хэн гаргасан талаарх
    асуудал ээдрээтэй байгаа бололтой юм. Ингээд энэ талаар УИХ-ын Ёс зүйн
    дэд хорооны дарга Г.Баярсайханаас энэ талаар тодрууллаа.

    -Дэд хороогоор хаалттай авч хэлэлцсэн асуудлын талаар тодруулна уу?

    -УИХ-ын
    Ёс зүйн дэд хороо нь иргэн Б.Лхагважаваас ирсэн гомдлын дагуу
    хуралдаанаа хийлээ. Хурлыг хоёр шатлалтай хийх ёстой. Эхлээд иргэн
    Б.Лхагважаваас ирүүлсэн өргөдлийг хэлэлцэх шаардлагатай эсэх талаар.
    Хэрвээ “Өргөдлийг хэлэлцэх шаардлагатай” гэж үзвэл Ёс зүйн дэд хороо нь
    үргэлжлүүлэн энэ асуудал нь ёс зүйн зөрчил мөн эсэхийг шалгах ёстой юм.
    Өнөөдрийн хуралдаанаар дээрх гомдлыг авч хэлэлцээд “Цаашид хэлэлцэх
    шаардлагагүй” гэж үзлээ.

    -Ямар үндэслэлээр ийм шийдвэр гаргасан юм бэ?

    -Иргэн
    Б.Лхагважавын гомдолд мэдүүлсэн Засгийн газрын гишүүн нь Монгол Улсын
    Засгийн газрын томилолттойгоор албан ёсоор явсан юм байна. Мөн Монгол
    Улсыг сурталчлах үйл ажиллагааг Монгол Улсын Засгийн газрын гишүүний
    хувьд хийсэн юм байна гэдэг дүгнэлтийг гаргалаа. Эдгээр дүгнэлтийг
    төрийн бусад шалгалтын дүнг үндэслэж гаргасан. Түүнчлэн Засгийн газрын
    гишүүн нь Нью-Иоркийн Хөрөнгийн биржид очих зардлыг өөрөөсөө гаргасан юм
    байна. Өөр ямар нэг байгууллагын зардлаар явсан гэх үндэслэл байхгүй
    байна гэж үзсэн. Ийм учраас Ёс зүйн дэд хорооны гишүүд бид эл өргөдлийг
    “Хэлэлцэх шаардлагагүй” гэж үзлээ.

    -Монгол Улсын Засгийн газар сайддаа албан томилолтыг нь өгсөн хэрнээ зардлыг нь өгөөгүй гэж ойлгож болох уу?

    -Засгийн
    газрын гишүүн нь Монгол Улсын Засгийн газрын томилолтоор явсан, зохих
    шаардлагатай хурлуудад оролцсон байна. Түүнийг албан ёсны томилолтынхоо
    хүрээнд Нью-Иоркийн Хөрөнгийн биржийн үйл ажиллагаанд оролцсон гэж
    үзсэн. Зардлын тухайд  зарим тохиолдолд УИХ-ын гишүүн тойрогтоо ажиллах
    тохиолдолд хувиасаа зардлаа гаргаж явдаг. Тэгэхээр хувийнхаа зардлаар
    явсныг буруутгах үндэслэлгүй гэж үзсэн.

    -Тэгвэл гадны байгууллагын зардлаар Засгийн газрын гишүүн нь Нью-Иорк руу яваагүй гэсэн үг үү?

    -Гадны байгууллагын зардлаар явсан эсэхийг зохих байгууллагууд тогтоогоогүй.

    -Энэ асуудлыг хэлэлцэх шаардлагагүй гэдэг дээр дэд хорооны гишүүд бүгд нэгэн зэрэг санал нэгдсэн юм уу? 

    -Олонхиороо шийдвэр гаргасан.

    Г.Дарь
    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж