Б.Наранбаатар: Тэмдэглэлдээ бичсэн зорилгынхоо гурвыг биелүүлсэн

Хуучирсан мэдээ: 2010.12.08-нд нийтлэгдсэн

Б.Наранбаатар: Тэмдэглэлдээ бичсэн зорилгынхоо гурвыг биелүүлсэн

Хүн бүрт тэмдэглэлийн дэвтэр байдаг. Харин дэвтрээ хэрхэн яаж ашиглах нь хувь хүний ажил мэргэжил, сонирхолтой холбоотой байдаг болов уу. Энэ удаагийнхаа дугаарт чөлөөт бөхийн шилдэг тамирчдын нэг Б.Наранбаатарын дурсамж, тэмдэглэлээс хүргэж байна. Тамирчин хүний тэмдэглэлд ялалтын амт, ялагдлын гашуун нулимс гээд олон зүйл багтах нь тодорхой. Өөрөө ид барилдаж яваа ч ирээдүй хойчдоо хэрэгтэй олон зүйл хийхийг хүсч, мөрөөдөж явдаг тамирчдын нэг бол яах аргагүй Баяраагийн Наранбаатар. Гавьяат тэмдэглэлдээ олон зүйл мөрөөдөж, бичиж явсан нь биелэлээ олсонд баяртай байдаг гэнэ. Мөрөөдөл хүнийг зорилготой болгодог. Түүний нэгээхэн хэсэг миний тэмдэглэлд бий хэмээн Наамба хуучилсан. Тэрээр сар гаруй хугацаанд Германы Бундеслигт урилгаар зодоглож, ес барилдахаас найм ялсан амжилттайгаар эх орондоо ирээд удаагүй байна. Манай тамирчны зодоглосон баг аваргын төлөөх шигшээ наймд шалгараад буй. Ирэх сарын 15-ныг хүртэл үргэлжлэх тэмцээн энэ сарын 11-нд эхлэх бөгөөд Б.Наранбаатарын хувьд 18-нд дэвжээнд гарах юм.


-Юуны өмнө Германы Бундеслигт амжилттай зодоглоод ирсэнд тань баяр хүргэе. Тэмцээний талаар манай уншигчдад сонирхуулахгүй юу?

-Долоон долоо хоногийн турш Германд ганцаараа байлаа. Тэмцээн сайхан болж өнгөрлөө. Хэдийгээр Германы гэх тодотголтой ч олимп, дэлхийн аварга хоёр, европын аварга хоёр, европын аваргаас медаль хүртсэн тамирчин нэлээн хэд оролцсон нь тэмцээнийг өрсөлдөөнтэй болгож байлаа. Тэмцээн уралдаанд байнга явдаг ч ганцаараа олон хононо гэдэг хүнд юм. Шигшээ тэмцээн эхлэхээс өмнө хэд хоног амрахаар нутагтаа ирээд байна. Шигшээд хожигдсон нь хасагдах журмаар явагдана.

-Таныг олон жил тэмдэглэл хөтөлж байгаа гэж сонссон. Тэмдэглэлийн дэвтэр эзнийхээ зөвлөх, туслах, бас дагуул, дотны анд болж байдаг гэдэг. Харийн нутагт тэмдэглэл тань хамгийн их хань болно биз?

-Өө, тэгэлгүй яах вэ. Би 1997 оноос тэмдэглэл хөтөлж эхэлсэн. Тэгэхэд бөхийн спортоор хичээллэж эхэлсэн байлаа. Хүмүүс тэмдэглэлийг янз бүрээр л хөтөлдөг. Миний хувьд өнөөдөр ямар байгаагаа цаашид юу хийх ёстой вэ гээд өмнөө зорилго тавиад бичдэг байлаа. Тамирчин хүн бүр өмнөө хүсэл мөрөөдөлтэй, түүндээ хүрэхийн тулд зорилго тавьдаг. Тэдний л нэг адил хүсэл мөрөөдөл, зорилго маань тэмдэглэл хөтлөхөд нөлөөсөн. Сая Германд байхдаа тэмдэглэл хөтөлж байсан. Гэхдээ компьютер дээр. Их хань болдог юм. Бид нар бэлтгэл, сургуулилт, тэмцээний үеэр их уйдна. Тэгэх бүрдээ тэмдэглэлтэйгээ нөхөрлөнө.

-Өөртэйгөө ярилцаж, өдрийн ажлаа дүгнэж, маргаашаа төлөвлөх гээд тэмдэглэл сонирхолтой байдаг байх?

-Ихэнхдээ өөрийнхөө өнөөдрийг, эдийн засаг, биеийн байдал, бэлтгэлжилтээ тэмдэглэнэ. Эргээд харахад их сонирхолтой. Тэмдэглэлээ эргэж сөхөхдөө заавал хуудас сонгож, оноож харахаасаа илүү аль таарсныг нь унших дуртай. Тэндээс өнгөрснөө харахад сайхан байдаг. Олон зүйлийг анзаардаг.

-Ингэхэд энэ хугацаанд хэдэн дэвтэр элээсэн бол?

-Таван дэвтэр лав байгаа. 


-Тамирчны ялалт, ялагдал баяр, гуниг бүхэн эдгээр дэвтэрт багтсан байх. Эдгээр он жилүүдээсээ сэтгэлд хоногшсон тэр л мөрүүдээ манай уншигчдад сонирхуулахгүй юу?

-Алдаа, оноо тэр бүхэндээ хийсэн гаргалгаа гээд олон зүйл бий. Санаанаас гардаггүй тэмдэглэл маань 2005 оных. 2005 оны нэгдүгээр сард би эмнэлэгт хэвтээд гарсан юм. Тухайн үед дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс заавал медаль авна гэж өөртөө зорилго тавьж, тэмдэглэлдээ бичиж байлаа. Тэгээд зорилгодоо хүрч 2005 онд дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль, универсиад наадмын аварга болсон үе санаанаас гардаггүй. Эргээд бодоход санаж, бодож явснаа тэмдэглэж байсан маань миний ирээдүй байдаг. Таван зүйл онцлоод түүндээ хүрэхээр төлөвлөгөө тавиад зүтгэхэд тавуулаа биш ч гэсэн гурав нь биелсэн байдаг. Тиймээс аливаа зүйлийг тэмдэглэж, хүсч, мөрөөдөхөд сайн тал олон.

-Хүмүүс тэмдэглэлээ янз бүрээр хөтөлдөг. Зарим нь бүр хообий гэмээр. Таны хувьд тийм зүйл бий юу?

-Би алдартнуудын хэлсэн сургамжтай үгсийг цуглуулах дуртай. Гэхдээ хий хоосон номлол биш амьдралд хэрэгтэйг нь цуглуулдаг. Олон сонин сайхан үгс бий шүү.

-Тухайлбал?

-Ухаантай хүн хөрөнгө дагаж баяждаг
Ухаан муутай хүн хөрөнгө дагаж эвдэрдэг гэдэг үнэхээр үнэн үг шүү.

-Тэмдэглэлийн дэвтэр бол хувь хүний нууц. Энэ бүхнийхээ талаар бидэнтэй хуваалцсанд баярлалаа?

-Мэдээж тэмдэглэлдээ хүн олон зүйлийн тухай бичдэг. Түүн дотор хувь хүний нууц, хүнд хэрэгтэй зүйл ч байж болох юм. Миний хувьд тэмдэглэлээсээ бусдад хэрэгтэй, сургамжтай гэж бодсоноо ном болгож хэвлүүлэх юмсан гэж бодож явдаг.

Ж.Амаржаргал
Зохиогчийн эрх: “Зууны мэдээ” сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж