Г.Занданшатар сайд Тайландад айлчилж байна

Хуучирсан мэдээ: 2010.12.08-нд нийтлэгдсэн

Г.Занданшатар сайд Тайландад айлчилж байна

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Г.Зандашатарын Тайландын Вант Улсад хийж буй албан ёсны анхны  айлчлал өчигдөр эхэллээ. Монгол Улсын Гадаад харилцааны сайд Г. Занданшатарын  албан ёсны энэхүү айлчлал нь Тайландын Вангийн төрсөн өдөр, Тайландын ард түмэн үндэсний баяраа ёслол төгөлдөр тэмдэглэж буй үед тохиож байгаа нь онцлог юм.
Сайд Г. Занданшатар  Монгол оронд хоёр удаа айлчилж, Монголын ард түмний сайн танил болсон Тайландын Эрхэмсэг гүнж Маха Чакри Сириндхорнд бараалхаж, хоёр талын харилцаа хамтын ажиллагааг хөгжүүлэх болон хоёр орны ард түмний харилцан ойголцлыг бэхжүүлэх үйл хэрэгт оруулсан хувь нэмэр болон дэлхийн улс түмний эв нэгдэл, олон үндэстний хүүхдүүд түүний дотор монголын хүүхдүүдийн сайн сайханы төлөө хийж байгаа хүмүүнлэгийн үйл хэргийг нь өндрөөр үнэлж, баяр хүргээд, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар шагнасан “Алтан гадас” одонг гардуулсанаар эхэлж байгаа нь бэлэг дэмбэрэлтэй үйл явдал болов. Гадаад харилцааны сайд Г.Занданшатар Монгол Улсын Ерөнхийлөгч         Ц.Элбэгдоржоос түүний аав Цог Жавхлант Ван Бумибол Адулядет-д болон Вангийн гэр бүлийн гишүүдэд мэндчилгээ дэвшүүлсэнийг уламжилж, урт удаан наслахыг ерөөв.

Эрхэмсэг гүнж Маха Чакри Сириндхорн Монгол улсын Төр, Засгийн газраас өндөр хүндэтгэл үзүүлж ийнхүү шагнал гардуулж байгаад талархалаа илэрхийлж, Монгол Улсын Ерөнхийлөгчид хариу халуун дотно мэндчилгээ дэвшүүлж буйг уламжилж өгөхийг хүсэв. Тэрээр Монгол улс ардчилал, зах зээлийн замаар амжилттай хөгжиж байгаад сэтгэл хангалуун байдаг ба Монгол Улсын улс төр, нийгмийн хүрээнд эмэгтэйчүүдийн үүрэг хариуцлага, оролцоо өсөн нэмэгдэж байгаа нь чухал ач холбогдолтой асуудал гэж үзэж байгаагаа тэмдэглэж, Монголын талаар байнга сонирхож байдагаа дурдаж, монголын ард түмэнд сайн сайханыг ерөөв. Эрхэмсэг гүнж Маха Чакри Сириндхорн 1955 оны 4 дүгээр сарын 2-нд төрсөн. Тайландын Цог Жавхлант Ван Пумибол Адуляадетийн 3 дахь охин юм.

Эрхэмсэг гүнж Маха Чакри Сириндхорн Тайландын нэр хүндтэй Чулалонкорны Их Сургуулийг 1976 онд Соёл урлагийн түүх судлаачийн  мэргэжилээр төгссөн ба  Боловсролын хөгжил сэдвээр докторын зэрэг хамгаалсан, англи, франц, герман, хятад, кхмер, пали-санскрит хэлийг эзэмшсэн өндөр боловсролтой, түүх, урлаг, соёлын асуудлыг ихэд сонирхон судалдаг, тай үндэсний хөгжмийн зэмсэгийг чадварлаг эзэмшсэн, уран зураг оролддог болон олон арван тооны ном, зохиол, шүлэг, найраглал туурвисан тал талын авъяас билэгтэй, хааны гэр бүлийн гишүүд дотроос амьдрал, үйл хэргээрээ үлгэр жишээ болсон ард түмнийхээ дунд өндөр нэр хүндтэй хүний нэг юм.

Тэр ч утгаараа сүүлийн 30 шахам жилд хаан эцэг Цог Жавхлант Ван Пумибол Адуляадетийн туслах, хувийн нарийн бичгийн даргаар ажиллаж Ванг төлөөлж олон арван улс оронд төр, засгийн тэргүүн нарын урилгаар айлчлал хэрэгжүүлж ирсэн бөгөөд түүний дотор манай оронд 1992, 2009 онд 2 удаа  төрийн зочноор тус тус айлчлаад байгаа билээ.

Эрхэмсэг гүнж  1992 онд     Монголд   айлчилж  очсоныхоо    дараа          “Айраг” гэдэг ном бичиж,  олон нийтийн хүртээл болгосон нь  Монгол орныг  Тайландад  сурталчилсан  анх удаагийн томоохон бүтээл юм. Тэрээр ядуу буурай иргэдийн амьдрал ахуйг дээшлүүлэх, өнчин хүүхдүүд болон амьдрал дорой төлбөрийн чадваргүй сурагч, оюутнуудад туслах олон хөтөлбөр, санг санаачлан идэвхтэй үйл ажиллагаа явуулж ирсэн нь үр дүнтэй хэрэгжиж  олон зуун мянган өрх гэрийг амьдралын эх үүсвэртэй болгож, мянга, мянган хүүхдүүдэд  боловсрол эзэмших боломж олгож ирсэнээрээ тайландын ард түмний гүн хүндэтгэлийг хүлээж байдаг ажээ. Гүнжийн зүгээс Улаан загалмайн нийгэмлэгийн шугамаараа 230 тонн цагаан будаа, 1 тонн эм, хүнсний хангамжийн барааг буцалтгүй тусламжаар нийлүүлэх ажлыг биечлэн гүйцэтгэсэн билээ.

Энэхүү хүмүүнлэгийн дэмжлэг туслалцаа нь манай улсын өөрчлөлт шинэчлэл, зах зээлийн системд шилжих шилжилтийн хүндхэн үеүдэд зохих үнэтэй хувь нэмэр болсон байна. Эрхэмсэг гүнж Маха Чакри Сириндхорн нь өөрийн төсөл, сангийн үйл ажиллагааны шугамаар “Сургуулийн үдийн хоол” хөтөлбөрийг зөвхөн орон нутагтаа хэрэгжүүлэх төдийгээр хязгаарладаггүй “хөрш зэргэлдээ буурай хөгжилтэй Лаос, Камбодж, Вьетнам, Мянмар зэрэг орнуудад хөтөлбөрөө хэрэгжүүлж, сангийнхаа шугамаар  өнчин хүүхдийн асрамжийн газар, эмнэлэгт  хандив өгөх зэргээр  буянтай үйлс бүтээхэд ихээхэн анхаардаг бөгөөд 2009 онд манай оронд айлчлахдаа Төв аймгийн Алтанбулаг сумын дунд сургууль дээр “сургуулийн үдийн хоол” загвар төслийн арга хэмжээг эхлүүлээд байгаа билээ. Тайландын Эрхэмсэг гүнж Маха Чакри Сириндхорны улс орныхоо төдийгүй хөгжиж буй улс орнуудын ирээдүй хүүхэд залуучуудын төлөө болон дэлхийн хүн төрөлхтөний сайн сайханы төлөө сэтгэл гарган хөдөлмөрлөсөн 30 гаруй жилийн үйл хэргийг нь Тайландын ард түмэн төдийгүй дэлхийн улс түмэн өндрөөр үнэлж байдаг юм. БНХАУ-ын  Засгийн газар  дэлхийн улс, гүрнүүдийн дотроос  шалгаруулдаг  Хятадын  “Анд найз”   10 хүний  тоонд  Эрхэмсэг гүнж  ЗӨА-ийн орнуудаас  анх удаа шалгарч, 2010 онд уг шагналыг хүртсэн байна. Тэрээр  1991 онд нийтийн үйлчилгээний “Магсэйсэй”-н хүндэт шагнал, 1992 онд”Сургуулийн үдийн хоол” хөтөлбөрийн үйл ажиллагаагаар Дэлхийн хүнс хөдөө аж ахуйн байгууллагын (FAO) хүндэт шагнал, 2004 онд энх тайван, хөгжлийн төлөө оруулсан хувь нэмрийг нь үнэлж “Индра Ганди” нэрэмжит шагнал, 2005 онд ЮНЕСКО-гийн “Тусгай элчин сайд” цол өргөмжлөл зэрэг олон арван хүндтэй шагналууд авч байсан ба түүнчилэн дэлхийн олон улс орны нэр хүндтэй 40 гаруй Их, Дээд сургуулиудын хүндэт докторын хэргэм хүртсэн хүн ажээ.
Мэдээллийг Гадаад харилцааны яамны Хэвлэлийн албанаас мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж