Арвайхээрийн утаанд анхаардаг газар алга байна

Хуучирсан мэдээ: 2010.12.08-нд нийтлэгдсэн

Арвайхээрийн утаанд анхаардаг газар алга байна

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Өтгөн утаандаа дуниартсан
    Өврийн сайхан хангайнхаа
    Өглөө, оройн сэрүүнд нь
    Өөрийгөө ч олохоо байх нь ээ гэсэн хэдэн мөр санаанд орлоо.
    Уншигч та ойрын өдрүүдэд VIII багийн хойно  орших “60 жил” гэсэн бичигтэй овооны дээрээс юмуу,  Ягаан толгойн суваргатай уул эсвэл Өндөрлөгийн оройгоос оршин суугаа газрынхаа барааг харсан уу? Ялангуяа өглөө, оройн  цагаар…

    Та буцах замаа олохгүй төөрчихөж мэднэ шүү. Ядаж л нүүрсний утаанд  нүд чинь хорсоод  олигтой харж чадахгүй дээ.
    Хамар сэтлэм гашуун хар утаа энд тэндээс олгойдон уушиг муудам өмхий агаар орчин тойрныг бүрхэх үед захын байтугай зэргэлдээ багийн өрхүүд нэгэндээ харагдахааргүй болж, ядахад том том хөө тортог салхинд хийсэн явгачуулын хувцас хунарыг тамгална.

    Утаанаас үүсэлтэй ханиад томуу ч “газар авлаа”. Өчнөөн төрлийн харшил дээр утааны харшил ч гэж бас нэмэгдлээ.  Гэвч үүнийг агаар бохирдох хэмжээнд хүрээгүй гэж мэргэжлийн байгууллагууд онцлоод “Сүх далайтал үхэр амар” гэдэг шиг сууж байх юм.

     Арвайхээрийн агаар муудаж болзошгүй байсан 2006 онд л Байгаль орчны сайдын 229 тоот тушаалаар “агаарын чанарыг тодорхойлох, бохирдлыг бууруулах бодлогыг хэрэгжүүлэх, хяналт шинжилгээ хийж, холбогдох мэдээлэл судалгааг гарган, төрийн захиргаа, иргэн, аж ахуй нэгж, байгууллагад хүргэх үндсэн чиг үүрэг бүхий Агаарын чанарын зөвлөл” орон нутаг бүрт байгуулагдсан юм билээ. Манай Өвөрхангай аймагт ч Засаг дарга асан Б.Эрдэнэбилэгтээр “толгойлуулан” байгуулагдаж байсан боловч  хийсэн ажлуудынх нь зах зухаас ч болов, мэдэгдсэн юм алга. Харин агаар дахь хүхэрлэг хий /SO2/, азотын давхар исэл /NO2/, нүүрс төрөгчийн дутуу исэл /CO/, агаар дахь тоосжилтын хэмжээ харьцангүй ихэсч, агаар дахь чанарын стандартаас зарим үед даваад байгаа дүн мэдээтэй л өнөөдрийг хүрч байна.

    Арвайхээр сумын агаарын бохирдол эрс нэмэгдэж байгаатай холбогдуулж  2008 оны аймгийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх  үндсэн чиглэлд  тусгасаны дагуу Төв Лабораторийн шинжилгээний ажлын хэсэг  III сарын 6-9-ны өдрүүдэд  Арвайхээр хотод орчны бохирдлыг тогтоох нарийвчилсан судалгааны ажлыг хийжээ.  Шинжилгээний дүнгээс үзэхэд хүхэрлэг хийн дундаж  агууламж 0.008-0.053 мг/м3 байсан ба хамгийн их нь 4 дүгээр багийн гэр хороолол орчимд 0.105 мг/м3-д  хүрсэн  байна. Харин азотын давхар ислийн  дундаж агууламж 0.024-0.086 мг/м3, хамгийн их агууламж нь аймгийн Нутгийн удирдлагын ордон, 5-р баг орчимд 0.157 мг/м3-д хүрч, Агаарын чанарын стандартаас таван удаа давсан тохиолдол ажиглагджээ.

    2009 онд Арвайхээр суман дахь Нутгийн удирдлагын ордон, 1-р багийн “Идрийн ундраа” ШТС, Гандангийн зүүн, 4-р багийн урд хэсгүүдэд гурван удаагийн давтамжтай хэмжилт хийхэд 1 дүгээр сард агаарын хүхэрлэг хий  0.018-0.180 мг/м3, азотын давхар исэл 0.024-0.076 мг/м3, 2 дугаар сард агаарын хүхэрлэг хий 0.009-0.120 мг/м3, азотын давхар исэл 0.014-0.064 мг/м3 байсан байна. Хамгийн өндөр агууламжтай гарсан цэг нь аймгийн ЗДТГ-ын барилгын орчим хүхэрлэг хий  0.180 мг/м3, 4-р багийн урд хэсэгт азотын давхар исэл 0.076 мг/м3 гарчээ.  Аймгийн Ус Цаг Уур Орчны Шинжилгээний Албаны БОШЛаборториос SO2, CO, NO2-г  өдөрт гурван удаа, агаар дахь тоосжилтыг долоо хоногт 2-3 удаа хэмждэг бөгөөд  2010 оны 11 дүгээр сарын байдлаар хүхэрлэг хий 0.034 мг/м3, азотын давхар исэл 0.058 мг/м3, нүүрс төрөгчийн дутуу исэл 1,65 мг/м3, тоосжилт 0,128 мг/м3 гарчээ. Тоосжилт нь 0.50 байх ёстой атал хэвийн хэмжээнээс 3.9 дахин ихэссэн үзүүлэлттэй байна.  Энэ нь агаарын чанарын стандартаас хэтрээгүй болохыг мэргэжлийн хүмүүс тайлбарлав. Азотын давхар исэл нь 0.085 мг/м3,  хүхэрлэг хий нь 0.45 мг/м3, нүүрс төрөгчийн дутуу исэл нь 60 мг/м3  давсан тохиолдолд агаарын бохирдол хэтэрлээ гэж үзэх гэнэ. Нэгэнт Арвайхээрийн агаарын бохирдол стандартаас даваагүй учраас нарийвчилсан судалгаа ч хийхээ байжээ.

    Утаанбаатартай “ураг барилдчихаад” байгаа төрөлх нутгийнхаа ирээдүйн хувь заяанд, нутгаа байг гэхэд өөрсдийн эрүүл мэндэд санаа зовж буй аж ахуйн нэгж, төрийн болон төрийн бус байгууллагын ажилчин, албан хаагч, иргэн хүн байна уу?
    Уурын зуухнуудаа хэзээ “халах”  вэ?

    Арвайхээр хотын агаарын бохирдолд байгалийн хүчин зүйл тодорхой хэмжээгээр нөлөөлсөн гэж үзэж болох ч гэр хорооллын болон уурын зуухны яндангийн утаа, машин техникийн шатахууны шаталт, цэвэрлэх байгууламж, шатахуун түгээх станцын сөрөг үзэгдэл ихээхэн хамааралтай байгааг мэргэжлийн байгууллагууд хэлж байна. Аймгийн төвд салхины зонхилох чиг нь  баруун буюу баруун хойд зүг бөгөөд өвлийн улиралд салхины горимтой уялдан хотын захаас төврүү чиглэсэн агаарын урсгалаар уурын зуух, гэр хорооллын утаа униар шилжин ирж тунаран агаарын бохирдлыг ихэсгэх нөхцлийг бүрдүүлдэг аж.

    Өвөрхангай аймгийн хэмжээнд  том, жижиг 200 гаруй нам даралтын зуух байгаагаас  58 нь Арвайхээр суманд  байна. Аймгийн удирдлагаас сүүлийн хоёр жилд байгууллагуудын уурын зуухнуудыг иргэд, аж ахуйн нэгжид  менежментийн хувьчлалаар өгсөн нь үүсээд байгаа нөхцөл байдлын эхлэл болж, хувьчлалаар авсан эзэд нь “Олсон мөнгөөрөө нүүрсээ татаад таарч байна. Илүүг анхаарах арга алга” гээд “хуншгүй царайлчихсан” бол аймаг, сумын удирдлагаас “Бид халаалтынхаа мөнгийг өгч байгаа. Орон нутгаас хөрөнгө оруулах боломж байхгүй. Өөрийн юмандаа өөрөө анхаарал хандуул” гээд  “гэдийчихжээ”.

    Дулааны цахилгаан станц байхгүйгээс бүх байгууллагууд обьектийн зуухаар галлаж байгааг буруутгах аргагүй.  Гэвч нүүгэлтсэн хар утаагаа багасгах, шингэрүүлэх  тал дээр санаачлага гаргаж, яндан хөөлтүүр болон шүүлтүүр тавих, төвлөрсөн халаалтын систем руу нэгдэх  зэргээр эрэлхийлэл хийж ажиллахгүй байгаа эздийг шүүмжлэхгүй байж боломгүй.   Харин энэ сарын 06-ны өдөр болсон аймгийн Эрчим хүч үйлдвэрлэгч, дамжуулагчдын анхдугаар зөвлөгөөнөөр уурын зуухнуудын галын хотлын хийцэд орон нутгийн түлшний бүтэц, шинж чанарын онцлогт тохируулсан шинэчлэлт хийж, нүүрс шаталтын дэвшилтэт технологи нэвтрүүлэх талаар зөвлөмж гарган холбогдох хүмүүст хүргүүлжээ.

    Дулааны цахилгаан станц барих асуудал нь аймгийн зудирдлагуудын нэн тэргүүн бодлого болоод байгаа ч 3-4 жилээс наашгүй гэнэ. 2011 онд тус станцын техник, эдийн засгийн үзүүлэлтийг гаргах бөгөөд зөвхөн үүнд хагас тэр бум төгрөг шаардагдах аж. Хөгжлийн эрин зуунд амьдарч байгаа хойно нэгдсэн халаалттай болох нь болох л байх. Тэр хүртэл уурын зуухны утаандаа уушигаа барчихгүй л бол…

     Жилээс жилд нэмэгдэж байгаа   агаарын бохирдол нь  утаа, хар тортог ихээр хаядаг, гар ажиллагаа, зардал мөнгө ихтэй уурын зуухнуудаа “халж”  дулааны хангамж нэмэгдүүлэх тал дээр бүх хүчээ дайчлан анхаарах шаардлагатай болжээ.

    Машины утаа 260 хорт бодис ялгаруулдаг
    Өвөрхангай аймгийн хэмжээнд 2010 оны техник оношлогоонд хамрагдсан 8218 машинаас 204 нь тэнцээгүй ба үүний 64 нь утаа хаядаг гэсэн шалтгаантай байна. Гэтэл өдгөө ихэнхи машинууд хар, цэнхэр утаа хаялан давхидаг болж.  Автомашины механик болон дизель хөдөлгүүрийн утаанаас ялгарах нүүрстөрөгчийн исэл, азотын исэл нь хүний амьсгалах түвшинд ойр зайтай буюу 0.2 метр өндөрт цацагддаг бөгөөд найрлаганд нь хүний амьсгалын замын цочмог болон архаг өвчин, харшлын эмгэг үүсгэх, элэг, бөөр, уушгийг гэмтээж, зүрх судас, мэдрэл сэтгэхүйн системийн эрхтэний үйл ажиллагааг алдагдуулах, амьсгал боох, хорт хавдар үүсгэх, хүүхдийн өсөлт зогсох үйлчилгээтэй нүүрс төрөгчийн исэл, азотын исэл, нүүрс ус төрөгч, хүхэрлэг хий, хөө тортог, хар тугалга, бенз /а/ пирен, альдегид зэрэг 260 төрлийн хорт бодис ялгаруулдаг байна.

    Амьсгалын замын өвчин эрс нэмэгдэж байна
    Бохирдуулагч бодисууд нь хүний бие махбодийн дархлааны  урвалыг өөрчилж, гадны эмгэг төрүүлэгч нянгуудыг эсэргүүцэх чадварыг сулруулдаг.  Агаар дахь хүхэрлэг хийн агууламжийн хэмжээ нь хүний уургийн солилцоо, дааврын үйл ажиллагааг алдагдуулж, уушгинд нөлөөлөхөөс гадна амьсгалын дээд замын эрхтэнүүдийн чийгтэй нэгдэж хүхрийн хүчлийг үүсгэн, амьсгалын эрхтэнг гэмтээнэ. Азотын ислүүд нь хүний хамар, нүдний салст бүрхэвчийг цочроож,  амьсгалын дээд замын эрхтнүүдийн чийглэгийн нөлөөгөөр нинрит үүсгэн  уушгийг гэмтээнэ. Хөө тортог нь амьсгалын замын эрхтнүүдийг хордуулахаас гадна, уушгины архаг өвчин болон хорт хавдар үүсгэгч бодисыг дамжуулагчийн үүргийг гүйцэтгэдэг байна.

    БОЭТ-өөс авсан мэдээгээр 12-р сарын 3-6 хүртэлх өдрүүдэд хийсэн амбулоторийн үзлэгээр хүүхдийн өвчлөл 54 байгаагийн 24 нь буюу 44.4 хувь нь амьсгалын замын өвчлөл байсан ба дээрхи өдрүүдэд 67 дуудлага ирсэний 24 нь буюу 35.8 хувь нь томуу өвчлөлийн дуудлага байжээ. Сүүлийн жилүүдэд амьсгалын замын өвчлөл эрс нэмэгдэж байгаа бөгөөд 11 сараас 2 сар хүртэл идэвхитэй үргэлжилдэгийг  эмч нар хэлж байна. Өвчлөлийн шалтгаан нь 100% агаарын бохирдлоос болсон гэх дүгнэлт гараагүй боловч бас үгүйсгэх боломжгүй.  Агаарын бохирдол ихтэй хотод амьдарч буй хүүхдүүдийн дундах амьсгалын замын өвчлөл 45.52-72.7%-тай байдаг гэсэн судалгаа гарчээ. 

    Эдгээр хорт хий нь дан ганц амьсгалын замын эрхтэнийг боогдуулаад зогсохгүй  жирэмсэн эхчүүдийн дутуу төрөлт, гаж хөгжилтэй хүүхдийн төрөлт, хорт хавдар зэргийг ихэсгэдэг бөгөөд  хортой чанараараа цацраг идэвхит бодисын дараа ордог гэхээр бидэнд эрүүл амьдрах нөхцөл ховор бололтой.  

    Б.Батчимэг
    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж