Олег Безинских: Би үргэлж өөр байх дуртай

Хуучирсан мэдээ: 2010.12.08-нд нийтлэгдсэн

Олег Безинских: Би үргэлж өөр байх дуртай

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Өнөө орой болох Cosmo love  шоуны онцгой зочдын нэг “Оросын гайхамшиг” гэгддэг контртенор Олег Безинских Монголын үзэгчдэд поп опера тоглохоор ирээд байгаа аж. Түүнийг дэлхий сонсдог.  Өвөрмөц содон хоолойг нь урлаг судлаачид шагшин магтдаг түүнийг  Орост хүүхдүүд ч андахгүй. Учир нь тэрбээр  Микки Маусын дууг оросоор дуулж хүргэсэн билээ. Дэлхийн олон оронд хүчтэй хоолойныхоо чадлыг гайхуулж яваа энэ уран бүтээлчтэй уулзаж ярилцсан юм.

    -Монголд тавтай морил. Монгол ирээд  ямар сэтгэгдэлтэй байна?

    -Их баярлалаа, Монголд сайхан тайван юм.  Москва ямар их хөл хөдөлгөөнтэй билээ. Харин Санкт-Петербург тийм биш. Тийм  болохоор би Санкт-Петербургт дуртай, хайртай. Монгол яг л тэндхийн тайван амьдралыг санагдуулж байна.  

    -Та Самарт төрсөн биз дээ?

    -Би Самарт төрсөн. Их жижигхэн хот. 33 мянган хүн амтай.

    -Тоглолтдоо хэр бэлтгэж байна?

    -Монголын поп дуучин Б. Баярцэцэгтэй хамтран бэлтгэлээ хийж байгаа. Би Европ болон Америкийн бүх мужаар явж аялан тоглолт хийж байсан ч Азид анх удаа л ирж байна.

    -Таныг олон улсын хөгжмийн наадамд уригдаж, олон газар тоглолтоо хийдэг гэдгийг мэднэ. Дандаа л аялан тоглоход хэцүү байдаг уу?

    – Энэ зун Москвад ч Самарад ч +47 градус болтлоо халсан. Би яг энэ үеэр аялан тоглолттой байсан болохоор жаахан хэцүү байсан. Зөвхөн оройд л гадагшаа гардаг байв. Иймэрхүү бэрхшээл олон гардаг л даа.

    Монголд ирэхээсээ өмнө би Маринскийн театрт тоглолттой байсан. Гэхдээ Монгол руу ирэхийг хүссэн учир өөрийнхөө оронд өөр дуучинг дуулуулж байгаа. “Cosmo love” шоуны дараа би Франц руу, дараа нь Санкт-Петербург, тэгээд АНУ явна даа. Би аль нэг театрт харъяалагддаггүй. Хаана намайг урина, би очиж тоглолт хийдэг. Өөрөө өөртөө л эзэн байхыг хичээдэг.

    -Даргатай байх дургүй гэсэн үг үү?

    -Би өөрийнхөө дарга байх дуртай. /инээв/ Өнөөдөр би ажиллахыг хүсч байлаа гэхэд маргааш амрахыг хүснэ. Ингэж л ажилладаг.

    -Таныг Петрбургийн консерваторийг төгссөн цорын ганц контртенор гэж сонссон. Таныг Оросын дуурийн алдартнуудын нэг Галина Вишневская “Оросын гайхамшиг” гэж нэрлэсэн гэсэн?

    – Галина Вишневская өөрөө Орост их алдартай дуурийн дуучин. Түүний нөхөр Оросын дуурийн од Мстеслав Ростроповын нэгэн хүндэтгэлийн хүлээн авалт дээр миний дуу хоолой түүнд барьсан гэнэтийн бэлэг болсон хэрэг л дээ. Галина миний дуулахыг тэр үед анх сонсоод сэтгэгдлээ илэрхийлэхдээ “Оросын гайхамшиг энэ  биш гэж үү” гэж хэлсэн юм. Дараа нь Галина намайг Францад хөгжмийн зохиолч Гайа Канчелийн кантат «Diplipito»-гийн нээлтэд урьсан. Тэд концертыг “Орос гайхамшиг” гэж нэрлэсэн байсан.

    -Та олон орны театрт уригдаж, дуулж байсан.  Хамгийн хүчтэй сэтгэгдэл төрүүлсэн  театр, оркестр аль нь байсан бэ?

    -Би хөгжмийн олон төрөлд дуртай. Зөвхөн дуурьт ч биш, поп опера, сонгодог, мөн орчин үеийн хөгжимтэй дуулах дуртай. Яг одоо л гэхэд би жааз хөгжимтэй дуулж байна. Бас францчуудад зориулж Оросын циркийнхэнтэй хамтран сүмийн хөгжим бичиж байгаа. Дуурийн дуу дуулах нэг хэрэг, харин концерт тоглох бол огт өөр зүйл. Би үргэлж өөрчлөгдөхийг хүсдэг. Тийм ч учраас би ганцхан дуурьт бус өөр жанрын дууг дуулах дуртай. Би өөрөө театрын найруулагчаар төгссөн хүн болохоор уран бүтээлч хүнд байх ёстой хамгийн гол чанар бол үргэлж шинэлэг байх гэж боддог. Тийм ч учраас би заримдаа уран сайхны кино, эсвэл хүүхэлдэйн кинонд дуу оруулж, киноны дуу дуулдаг.

    – Walt Disney Company танд Mickey Mouse болон “Цасан цагаан ба долоон одой”-н ханхүүгийн дууг орос хувилбараар дуулах санал тавьж байсан?

    -Тийм ээ. Би тэр хүүхэлдэйн киноны ханхүүгийн дууг дуулсан. Хүмүүс эмэгтэй хүн дуулсан гэж ойлгодог байх. Гэхдээ би дуулсан юм аа. /инээв/

    -Дуучин хүн бүрт дуулахад эвтэйхэн, дуртай ари гэж байдаг. Таны хувьд хамгийн дуртай дуурийн ари юу вэ?

    -Би  Г.Ф.Генделийн хөгжимд их дуртай. Миний хамгийн дуртай арийн нэг бол “Дарданус”, “Бенетеран”.

    -Хэзээ нэгэн цагт та дуулахаа боливол юу хийх вэ? Аялах уу, эсвэл хөгжмийн сургуульдаа багшлах уу?

    -Би одоо ч гэсэн консерваторийн оюутнуудад хувиараа хичээл заадаг. Гэхдээ яг одоо бол төдөн настайдаа дуулахаа болино гэж хэлэхэд эрт байна. Яагаад гэвэл цаг хугацаа бүхнийг харуулна. Зурсан зургаараа л болог гэдэг орос зүйр үгийг хэлэх би дуртай. Би бусад шиг л энгийнээр амьдрахыг хүсдэг. Миний эхнэр, ээж, гэр бүлийнхэн бүгд л ингэж боддог. Би хээнцэрлэх дургүй. Ихэмсэг зан, хээнцэр байдал хүнийг бусадтай харилцахад саад болдог. Би тайзан дээр гараад дуулахдаа үзэгчидтэй нэгдмэл нэг байхыг хүсдэг. Үзэгчдийн танхим дүүрэн хүнтэй байвал би хамгийн их баярладаг. Гэхдээ мөнгө хүний амьдралд хэрэгтэйг би үгүйсгэхгүй.

    -Таныг хүмүүс хаа явсан газар чинь “Орос гайхамшиг” гэж хэлдэг нь танд тээртэй санагддаг уу?

    -Үгүй ээ, ингэж дуудах нь надад харин ч аятайхан санагддаг. Би чинь эрэмдэг амьтан биш шүү дээ. /инээв/

    -Та манай дуурийн театраар зочилсон уу?

    -Цаг зав гарахгүй бололтой. Цаг байсан ч гэсэн тэр үед нь театрт тоглолт байхгүй юм байна лээ. Би 9-нд буцна, харин театрт 11-нд тоглолттой, би хуваарийг нь харсан. Харамсалтай нь, би 11-нд Петербургт байх ёстой.

    -Та өөрийгөө дуулахаас өөр ямар авьяастай гэж боддог вэ?

    -Би гэрийн ажил хийх дуртай. Гэртээ амарч байгаа үедээ цахилгаанчин, засварчин болдог. Энэ нь нэг ёсны амралт юм даа.

    -Монголд байх хугацаандаа та юу хийж амжуулахаар төлөвлөж байна?

    -Хэрвээ надад цаг байсан бол би музей үзэж, монгол гэрт зочилж, монголчуудын амьдралтай танилцахыг маш их хүсч байна. Мөн дуурийн театрт очиж, “Чингис хаан”-ы хөшөөг үзмээр санагдаж байна. Хүмүүс намайг зун Монголд дахин ирэх хэрэгтэй гэж байсан.

    -Тэгвэл та зун ирэх үү?

    -Зун би Испанид амрахаар төлөвлөж байгаа. Тэгэхээр Монголд зун ирнэ гэж одоо хэлж чадахгүй нь ээ. Сүүлийн 11 жилийн турш би нэг газраас нөгөө газар руу аялан тоглолтоор явж байгаа. Би энэ хугацаанд хүүгээ том болсныг ч анзаарах сөхөөгүй явж.

    -Хүү чинь хэдэн настай вэ?

    -Хорь гарч яваа залуу бий. Тэр надаас ч өндөр, бадриун. Хүүгээ харах бүртээ би цаг хугацаа ямар хурдан өнгөрч байна вэ гэж боддог. Гэтэл би хүсч зорьж байсан зүйлийнхээ талыг нь ч хийж амжаагүй байна.

    -Таны мөрөөдөл юу вэ?

    -Хүний амьдрал маш богинохон. Тийм болохоор би энэ богинохон амьдралдаа маш олон зүйлийг хийж бүтээхийг эрмэлздэг. Тухайлбал, эхнэр маань хөл хүнд, ирэх хоёрдугаар сард бид хүүхэдтэй болно. Тэр хүртэл надад хийх зүйл маш их байгаа. Би нэр алдартай болохыг хэзээ ч мөрөөдөж байгаагүй. Би үр хүүхэд, гэр бүлийнхэн, хайртай хүмүүсийнхээ төлөө амьдарч, тэднийгээ хайраар дутаахгүйг хичээдэг. Миний хувьд хамгийн чухал зүйл бол хайр. Би үүнийг хэдхэн сарын өмнө аав маань хорвоог орхиход ойлгосон. Миний хувьд их мөнгө, олон байшин энэ бүхэн чухал биш ээ. Мөнгө хэрэгтэй ч гэсэн хүн болгон өөрт байгаа бүхэндээ сэтгэл хангалуун байх нь чухал гэж боддог.

    -Та амьдрал хайр дээр тогтдог гэж боддог хүн байх нь?

    -Тийм ээ, хайр бол хамгийн чухал зүйл. Хүмүүс нэг нэгнээ хайрладаг байх хамгийн чухал. Миний хувьд хүний царай зүс, юу өмсч зүүсэн, хэдэн төгрөгтэй байх нь чухал биш.

    Н.Энхтуяа, М.Дөлгөөн

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж