Иранд бол ”За”, харин Хойд Солонгост ”Үгүй”

Хуучирсан мэдээ: 2010.12.08-нд нийтлэгдсэн

Иранд бол ”За”, харин Хойд Солонгост ”Үгүй”

Барак Обамагийн засаг захиргаа хөдөлж эхэллээ. Тэд өнгөрсөн са­раас цөмийн зэвсэгтэй орнуудын нэг болох Хойд Солонгостой нэлээд хурцадмал харилцаатай болсон. Мөн энхийн зорилгоор уран баяжуулж байгаа гэх боловч үнэн хэрэгтээ цөмийн зэвсэг үйлдвэрлэж байна хэмээн Ираныг сэжиглэсээр байгаа юм. Тиймээс дээрхи хоёр орны талаар дахин нухацтай авч үзэх цаг боллоо хэмээн АНУ үзсэн бололтой.

Швейцарийн Женев хотод АНУ, Европын холбоо, Их Британи, Франц, Герман, ОХУ, Хятадын дипломатчид хуралдаж, Ирантай хэлэлцээр хий­хийг зорьж байна. Хуралдааны эхний өдрийн байдлаар талуудын уур амьсгал нэлээд зөөлөн байсан гэдгийг эх сурвалжууд онцолжээ. Иран ура­ныг түүхий эд болгон ашиглаж дотооддоо анхны бүтээгдэхүүнээ үйлдвэрлэсэн тухай мэдэгдсэн. Энэ нь цөмийн хөтөлбөрийн талаарх хэлэлцээрийн уур амьсгалыг нааш­тай болоход нөлөөлсөн нэг том шалтгаан гэхэд буруудахгүй юм. Энэхүү хэлэлцээрийн эцэст талууд тохиролцоонд хүрч чадна хэмээн ажиглагчид үзэж байна.

Ираны Ерөнхийлөгч Махмуд Ахмадинежад “Хэлэлцээр үр дүнд  хүрвэл Ираны эсрэг авсан хориг арга хэмжээг цуцална” гэжээ. Тус улсын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Рамин Мехманпараст Тегеранд болсон хэвлэлийн бага хурлын үеэр “Америкчуудын хувьд Ираны уран баяжуулалт, түүнтэй холбоотой судалгааг хамгийн их сонирхож байгаа. Гэхдээ тэдэнтэй тохиролцоонд хүрч чадна” гэжээ.

Олон улсын цөмийн энергийн агентлагийн шинжээчид Иран дахь цөмийн судалгааны тайлантай танилцахыг хүсч байсан ч үүнд тус улсын албаны хүмүүс саад учруулсан хэмээн үздэг. Тиймээс Ираныг энхийн зорилгоор бус цөмийн зэвсэг бүтээхийн тулд уран баяжуулж байна гэх таамаг гарсан юм. Өмнө нь 2009 оны аравдугаар сард Ираны цөмийн хөтөлбөрийн талаар мөн л ярилцаж байсан. Тухайн үед тохиролцоонд хүрч чадаагүй учраас НҮБ-аас Иранд хориг арга хэмжээ авч байв. Гэхдээ тус улс 20 гаруй жил нууцалж байсан цөмийн судалгаагаа олон улсын шинжээчид харуулахыг зөвшөөрсөн билээ. Түүнчлэн дээр дурьдсанчлан Ираны Цөмийн эрчим хүчний агентлагийн тэргүүн Али Акбар Салехи өнгөрсөн ням гарагт “Бид цөмийн хөтөлбөр хэрэгжүүлж байгаагийнхаа хүрээнд уран баяжуулан гаргах бүтээгдэхүүнийхээ дээжийг үйлдвэрлэлээ” хэмээн мэдэгдсэн байна. Ямартай ч энэ бүхний дүнд олон улсын хэвлэлүүдээр Ойрхи Дорнодын димпломатчид ажилгүй болох нь хэмээн хошигнож эхэллээ.

Ираны цөмийн хөтөлбөрийн та­лаар эерэг хандлагатай бай­гаа энэ үед Вашингтонд АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон Өмнөд Солонгос, Японы төлөөлөгчидтэй уулзжээ. Тэд Хойд Солонгостой цөмийн зэвсгийн асууд­лаарх хэлэлцээрээ үргэлжлүүлэх бо­долгүй байгаагаа илэрхийлсэн байна. Ядаж л коммунист дэглэм нь нурж унах хүртэл тийм яриа байхгүй гэжээ. Энэ он гарснаас хойш Хойд Солонгостой холбоотой хоёр ч томоохон дуулиан дэгдсэн. Өнгөрсөн гуравдугаар сард Өмнөд Солонгосын хөлөг онгоц хойд хөршийнх нь хилээс холгүй орших Бүкнеон арлын орчимд живсэн. Үүний буруутныг эцэслэн тогтоогоогүй ч Хойд солонгосчуудыг сэжиглэж байгаа билээ. Түүнчлэн өнгөрсөн сард Өмнөд Солонгосын Ёнпён арал руу Хойд Солонгосын цэргүүд гал нээж, энэхүү мөргөлдөөний улмаас хоёр хүн амиа алдсан юм. Цөмийн хөтөлбөрийн талаарх зургаан талт хэлэлцээрийн ширээг Ким Ир Сен орхин гарснаас хойш муудаад байсан харилцааг дээрх асуудлууд улам хурцадмал болгожээ. Өнгөрсөн сарын байдлаар Хойд Солонгосын уран баяжуулах явц шинэ шатанд гарч, цөмийн реакторууд байгуулж байгаа гэх мэдээлэл тархсан.

Х.Клинтон тэргүүтэй төлөөлөгчид уулзалтынхаа үеэр Хойд Солонгос цөмийн хөтөлбөрөө хэрэгжүүлсээр байгаа нь олон улсад аюултай, эрсдэлтэй зүйл хэмээн тодор­хойлжээ. Тиймээс Хятадыг эл асуудалд байр сууриа идэвхтэй илэрхийлэхийг шаардсан юм. Хойд Солонгосын улс төр, эдийн засгийн гол “түшиц” нь Хятад. Өнгөрсөн сард Солонгосын хойгт үүссэн хурцадмал байдлын үеэр тус улс америкчуудын хүссэн байр суурийг илэрхийлээгүй юм. Энэ удаад ч тэд үүнийгээ давтжээ. Тус улсын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Жянг Юу “Бидний зорилго бол бүс нутгийн тогтвортой байдлыг хангахад чиглэж байгаа. Зүүн өмнөд Азийн энхтайван байдал энэ бүс дэх бүх улс орны бодлогоос хамаарна” гэ­сэн байна. Вашингтоны эрх баригчид Хойд Солонгосын та­лаар хэлэлцэх үедээ Хятадын тө­лөөлөгчдийг уриагүй нь үүнтэй холбоотой бололтой. “Дангсео” их сургуулийн умард судлал ха­риуцсан шинжээч Брайн Майрс “АНУ, Хятадын Засгийн газраас гаргаж буй мэдэгдлүүдийг ажиг­лахад тэд Хойд Солонгосын асуудлаар тохиролцоонд хүрч бараг чадахгүй байх” гэжээ.

Ойрын хугацаанд Хойд Со­лонгосын талаас түрэмгий байр сууриа хадгалсаар байна гэдэг дээр ажиглагчид санал нэгдэж байгаа. Тиймээс тус улсын эсрэг хориг арга хэмжээ авч, улам ихээр шахаанд оруулж болох юм. Нөгөө талаас Хойд Солонгосын ирээдүйн удирдагч Ким Чен Ун гарч ирэх болсон нь хэтдээ тэдний хандлага зөөлөрч магадгүй гэх горьдлогыг америкчууд болох барууныханд төрүүлж байна. Гэвч Б.Обамагийн засаг захиргаа зүгээр суун хү­лээхийг хүссэнгүй.

Т.ЭЛИСА

Зохиогчийн эрх:
 "Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж