Тавантолгойн үнэлэмж доошлох вий

Хуучирсан мэдээ: 2010.12.08-нд нийтлэгдсэн

Тавантолгойн үнэлэмж доошлох вий

Хятад нүүрсний үнээ бууруулснаар Тавантолгойн үнэлэмж доошлох вий

Хятадын  Кинхуйнгдао боом­тын агуулах дахь нүүрс­ний үнэ буурчээ. Түлш, шатахуу­­ны үнэ нэмэгдэхтэй зэрэг­цэн тус улсын Засгийн газ­раас түүхий эдийн үнийн өсөлтийг хязгаарлахын тулд нөөцөө дэлгэхээр болсны дараа ийн нүүрсний үнэ хямдарлаа. Уржигдар килограмм тутам­даа 5500 кило калори бүхий илчлэгтэй нэг тонн нүүрсний үнэ өнгөрсөн долоо хоногийнхоос 0.6 хувиар буурч, 795 юань буюу 119.6 ам.доллар болсон байна. Энэ талаар Хятадын Нүүрсний хангамж, тээвэрлэлтийн ассо­циа­циас мэдээлжээ. “Bloomberg”-ийн онцолж буйгаар өнгөрсөн есдүгээр сарын 8-наас хойш Хятадад анх удаа нүүрс­ний үнэ буурч байгаа юм. Кинхуйнгдао боомтын агуулах дахь нүүрсний хэмжээ өнгөр­сөн долоо хоногийнхтой харьцуу­лахад 15 хувиар өсч, 6.73 сая тонн болсон нь ийнхүү үнэ буурахад нөлөөлсөн хэмээн зарим ажиглагч үзэж байна.

Шинжээчид өвлийн улирал эхэлж байгаатай зэрэгцээд нүүрс­­ний эрэлт ихэснэ хэмээн тоо­цоолж байсан. Үүнээс улбаа­лан үнэ нь өснө гэх хүлээлт бий болсон. Гэтэл эрэлт нэмэгдсэнгүй. Энэ жил агаа­рын хэм харьцангуй бага бай­гаа зэргээс шалтгаалан өвлийн халаалтад зарцуулах эр­чим хүчний хэмжээгээ Хя­тад бууруулсан тухай мэдээ бий. Нөгөөтэйгүүр энэ нь тус улсын Засгийн газраас эр­чим хүчний бүтээгдэхүүний гарал­тыг багасгахад чиглэсэн бод­лого баримталж байгаатай холбоотой юм. Энэ талаар Хятадын Нүүрсний хангамж, тээвэр­лэлтийн ассоциацийн тэр­гүүн Дэвид Чан “Bloomberg”-т өгсөн ярилцлагадаа дурьджээ.

Хятад улс таван жилийн зорилтот төлөвлөгөөндөө 2010 оны эцэс гэхэд дотоодын нийт бүтээгдэхүүнийх нь 20 хувьтай тэнцдэг эрчим хүчний зах зээ­лийн эрэлтийг бууруулж, хэрэг­лээг хязгаарлах зорилт тавьсан. Үүнээс болж энэ оны эхний есөн сарын байдлаар тус улсын эрчим хүчний үйлдвэрлэл гур­ван хувиар буурсан байна. Кинхуйнгдао боомт дахь нүүрс­ний нөөцийг нэмэгдүүлэх замаар үнийн өсөлтийг зогсоож байгаа тухай дээр дурьдсан. Хятадад өнгөрсөн аравдугаар сард инфляци 4.4 хувьд хүрч, сүү­лийн хоёр жилд байгаагүй өн­дөр үзүүлэлттэй гарсан би­лээ. Сүүлийн үед нүүрсний үнэ нэлээд хурдацтай өсөх хандлага­тай байгаа. Өнгөрсөн сарын 29-нд дээрхтэй ижил илчлэг бүхий нэг тонн нүүрс 800-815 юань буюу  120-122 ам.доллар хүрч байсан юм. Энэ нь 2008 оны арваннэгдүгээр сарын 3-наас хойшхи хамгийн өндөр түвшин билээ. Тиймээс тус улсын эрх баригчид үнийн хөөрөгдлийг даамжруулахгүйн тулд нэлээд идэвхтэй алхмууд хийж эхэлсэн юм. Ямартай ч одоогийн байдлаар ирэх онд нийлүүлэлтэд гарах нүүрсний үнэд өөрчлөлт ороогүй байна. Өөрөөр хэлбэл, 2010 онд тогтоосон үнээрээ зах зээлд гаргана гэсэн үг хэмээн “NDRC”-ийн үнийн судалгаа хариуцсан мэргэжилтэн Као Чангкинг “Синхуа” агентлагт мэдээлжээ. Зөвхөн эрчим хүч гэлтгүй гангийн үйлдвэрлэлээ бууруулах зорилт тавьсны хүрээнд Хятадын Засгийн газар гангийн нэлээд олон үйлдвэрээ хаасан. Зарим шинжээчийн таамаг­лаж буйгаар ирэх онд нүүрсний үнэ 598 юань буюу 88 ам.долларт хүрэх юм.

Манай улсын хувьд нүүрсний экспортынхоо дий­лэнх хувийг Хятадын зах зээлд гаргадаг. Өнгөрсөн онд ма­найх зургаан сая орчим тонн нүүрс экспортолсон бол энэ онд 16 сая болж нэмэгдэх төлөвтэй байна. Энэ оны эхний есөн сарын байдлаар Хятадад 9.9 сая тонн нүүрс экспортолжээ. Тий­мээс тус улсын эрэлттэй уялдан нүүрсний үнэ хэлбэлзэнэ гэхэд буруудахгүй.

Манай улсын нүүрс үнийн хувьд маш хямд өртөгтэй. Олон ул­сын жишгээс 2-3 дахин бага гэх албан бус мэдээ бий. Энэ нь боловс­руулаагүй түүхий нүүрс бай­дагтай нь холбоотой юм.Түүхий нүүрсний экспор­тын үнэ ханш одоо 50-56 ам.долларын хоо­ронд хэлбэлзэж байгаа. Гэтэл нөөцөөрөө дэлхийн улс орнууд дунд арвантавдугаарт жагсдаг асар их нүүрстэй хэрнээ түүхий нүүрс зах зээлд гаргадаг орон Монголоос өөр бараг байхгүй. “Хар алт” хэмээн нэрлэгддэг энэхүү түүхий эдийг угааж бая­жуул­сан тохиолдолд үнэ нь эрс нэмэгддэг онцлогтой. Ядаж хагас боловсруулдаг бол нэг тонн нүүрсний үнийг хоёр дахин нэмэх боломжтой гэж учир мэдэх шинжээчид онцол­дог. Боловсруулсан нүүрсний хувьд чанар, ангилал, боловсруулалтын үе шатаасаа хамаарч 70-100 ам.долларын өртөг­тэй болох юм. Манай улсын хувьд “Энержи Ресурс” компа­нийн барьж буй нүүрс угааж, баяжуулах үйлдвэр ирэх онд ашиглалтад орно. Түүнээс гадна том Тавантолгойг түшиг­лэн босгохоор төлөвлөж байгаа боловсруулах үйлдвэр бас бий. Боловсруулсан нүүрс гаргаж, түүнээсээ ашиг олох гэсээр байтал Хятад мөнгөний бодлогоо хумьж, эрэлтээ бууруулна хэмээн цөөнгүй шинжээч дүгнэж байсан. Тэгвэл өнөөдөр тэр таамаг аль хэдийнэ бодит болоод эхэлжээ.

Хятадын тал манайхаас импортолсон нүүрсийг ихэвч­лэн  металлург, гангийн үйлдвэр­лэл болон эрчим хүчний салбар­таа хэрэглэдэг. Тиймээс тус улс гангийн үйлдвэрүүдээ олноор нь хааж, эрчим хүчний бодло­гоо хумьж байгаа  нь Монгол Улсын нүүрсний зах зээлийг томоохон алдагдалд оруулах үндэс болох магадлалтай. Нүүрс экспортлогч “МАК”, “Энержи ресурс”, “Саусгоби сэндс”, “Чинхуй МАК” зэрэг компани бий. Хэтдээ том “Тавантолгой” нэмэгдэнэ. Тэгвэл гол харилцагч Хятадын зах зээлд нүүрсний үнэ буурснаар эдгээр компанийн үнэлгээ буурч болзошгүй.

Т.ЭЛИСА

Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж