Төгрөгийн ханш цаашид улам чангарна

Хуучирсан мэдээ: 2010.12.08-нд нийтлэгдсэн

Төгрөгийн ханш цаашид улам чангарна

Манай улсын валютын ханш эрэлт нийлүү­лэл­тээс шалтгаалан хэл­бэлзэж байдаг билээ. Дэлхийн зах зээл дээр манай улсын экспортын голлох бүтээгдэхүүн болох алт, зэс, нүүрсний үнэ тогвортой өсч, то­моохон ордуудад оруулах гадаадын хөрөнгө оруулалт ч нэмэгдэж байгаа. Энэ оны эхний гурван улирлын байдлаар манай экспортын орлого өмнөх оны мөн үеийн­хээс бараг 70 шахам хувиар өсөөд буй аж. Ирэх онд экспортын орлого улам бүр нэмэгдэнэ.  Үүнийг дагаад төгрөгийн ам.доллартай харьцах ханш ч  улам чангарах төлөвтэй бай­гааг холбогдох хүмүүс нь хэлж байгаа. Өнгөрсөн оны эцэст ам.дол­ларын төгрөгтэй харьцах ханш 1442.8 төгрөг байсан бол энэ оны эцэс гэхэд жилийн дундаж ханш 1310 төгрөг байна гэдгийг Монгол Улсын 2011 төсвийн төслийн танил­цуулгад дурджээ. Манай улсын га­даад валютын цэвэр албан нөөц хамгийн сүүлийн мэдээллээр нэг их наяд 412.9 ам.доллартай тэнцэж байна. Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 2.1 дахин өссөн үзүүлэлт юм. Харин 2011 оны төсвийн төс­лийн танилцуулгад ирэх онд гадаад валютын цэвэр албан нөөц нэг их наяд 906.3 тэрбум ам.долларт хүрэ­хээр байгааг онцолжээ.

 Ам.долларын нөөц нэмэгдэж, до­тоод валютын ханш чангарч бай­гаа­тай холбоотойгоор улс орнууд өөрийн эрх ашигт нийцсэн бодлогыг хэрэг­жүүлэх хэрэгтэй болдог нь дэлхийн жишиг юм. Бусад улс орнууд ихэвчлэн өөрийн эрх ашгийг илүүд үзсэн бодлогыг хэрэгжүүлдэг бөгөөд цөөн тохиолдолд харилцан буулт хийдэг гэхэд болно. Хятад улс одоо юаний ам.доллартай харьцах хан­шаа бага, багаар суллан уян ха­тан болгож, чангаруулах бодлогыг баримталж байгаа билээ. Харин АНУ үүний эсрэг буюу валютын ханшаа сулруулах бод­лого баримталж байгаа ажээ. Ер нь экспортод түшиглэсэн эдийн засаг­тай том гүрнүүд сүүлийн үед ба­раа, бүтээгдэхүүнийхээ өрсөлдөх чад­варыг сайжруулахын тулд өртгийг нь бууруулах бодлогыг голчлон ба­рим­талж байгаа. Энэ нь өөрийн орны мөнгөн тэмдэгтийн ам.доллартай харь­цах ханшийг сулруулах оролдлого юм. 

Ноён доллар арилжааны банкуу­дад өчигдөр 1227 төгрөгтэй тэнцэж бай­лаа. Ам.долларын ханш удахгүй 1210 төгрөг рүү орох хандлагатай бай­гаа бөгөөд төгрөгийн ханш улам бүр чангарна хэмээн банкирууд хэлж байна. Төгрөгийн ханш ийн­хүү чангарч байгаа нь Монгол Улсын эдийн засагт эерэг нөлөөтэй, “ер нь зүгээр” гэж тэд онцолсон. Харин энэ нь эргээд экспортдоо сөр­гөөр нөлөөлөх хандлагатай аж. Мон­голбанкнаас төгрөгийн ханш чангарч бай­гаа энэ үед тодорхой арга хэмжээ авч байгаа боловч тэр нь төдийлөн үр дүнд хүрэх­гүй ам.долларын ханш өдрөөс өдөрт буурсаар байна. Төв банкнаас төгрөгийн ханшийг тогвортой байл­гах зорилгоор долоо хоногт хоёр удаа валютын дуудлага худалдаа зо­хион байгуулж эхэлжээ. Хамгийн сүүлийн дуудлага худалдааг өчигдөр хийсэн бөгөөд арилжааны банкууд 26 сая 950 мянган ам.долларыг худалдах санал ирүүлснээс 17 сая 950 мянгыг нь Монголбанк худалдан авчээ. Тус банкнаас валю­тын урсгал нэмэгдсэнээс болж төг­рөгийн ханш хэт их хэлбэлзэж байна гэж үзэж байгаа юм. Тиймээс мөн­гөний болон валютын ханшийн талаар баримталж буй бодлогыг хар­гал­зан энэ сарын 2-нд хоёр сая 600 мянган ам.долларыг нэмж худалдан авсан байна.

Манай улс валютын ханшийн ямар бодлого баримтлах нь зөв бэ гэ­дэг асуудалд мэргэжлийн зарим хүний байр суу­рийг сонирхсон юм.

Сангийн яамны Санхүү, эдийн засгийн бодлогын газрын дарга Б.Батбаяр:

-Яг одоо тодорхой зүйл хэлэх боломжгүй байна. Валю­тын ханшийн уналтад Сангийн яам­ны зүгээс судалгаа, шинжилгээ хийж байгаа. Удахгүй дэлгэрэнгүй мэдээ­лэл өгөх болно. Ерөнхийдөө валю­тын ханшийг тогтвортой байгаа гэж ойлгож болно. 2011 оны төсвийн тухай хуульд Ерөнхийлөгчийн хо­риг тавих боломжтой хугацаа дуу­сах гэж байгаа. Тиймээс валютын бодлогын талаар үүний дараа л ярих боломжтой болно. Ажлын хэсэг ч ажиллаж байгаа.

Санхүүгийн зах зээлийн холбоо­ны ерөнхийлөгч Ө.Ганзориг:

-Төгрөгийн ханш аажим, аажмаар чангарч байгаа. Ер нь ханшийн өөрчлөлтийг зах зээлийн зарчмаар явуулах нь зөв. Харин огцом хэл­бэлзлээс зайлсхийх хэрэгтэй. Мон­голбанкнаас төгрөгийн ханшийг ог­­цом сулруулах, эсвэл чангалах бод­лого баримтлах хэрэггүй юм. Цаа­шид ч төгрөгийн ханш чангарах ханд­лага ажиглагдаж байна.

Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын дарга С.Дэмбэрэл:

-Төгрөгийн ханш чангарах нь экс­порт­логч нарт сөрөг нөлөөтэй бай­даг. Импорт маш ихээр нэмэгдэнэ. Тий­мээс төрөөс экспортлогчдыг дэмжих арга хэмжээ авах нь зүйтэй. Гэхдээ зөвхөн уул уурхайн салбарыг биш бүхэлд нь дэмжих хэрэгтэй. Бусдаар бол төгрөгийн бусад валюттай харь­цах ханш чангарч байгаа нь зах зээ­лийн зарчмын дагуу явагдаж байгаа үзэгдэл.

Т.УРАНГЭРЭЛ

Зохиогчийн эрх:
 "Улс төрийн тойм" сонин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж