Хятадууд их хэмжээгээр мах худалдан авч, махны үнэ хөөрөгдөж байгаа талаарх дуулиан дэгдсээр сар гаруйн хугацаа өнгөрлөө. Харин энэхүү махыг хэрхдэг нь оньсого мэт байсан юм. Нэг хэсэг нь “Хавар махны үнэ магнаг болохоор гаргаж ирж зарах гэж байна” гэж сэжиглэж байхад хураасан махаа хил давуулдаг гэж үзэх хүмүүс ч байсан. Эдгээр таамгийг батлах мэт хятадуудын нөөцөлсөн махыг цагдаа нар илрүүлж эхэллээ.
Нийслэлийн Цагдаагийн газрын олон нийттэй харилцах тасгийн байцаагч, цагдаагийн дэслэгч Х.Ган-Ялалт: “Баянгол дүүргийн арванхоёрдугаар хорооны 24 дүгээр байрны ард баригдаж байгаа барилгын хонгилоос өнгөрсөн баасан гарагт 30 гаруй тонн ямааны махыг тус хорооны цагдаагийн хэсгийн байцаагч Н.Төрбат илрүүлсэн байна. Гарал үүслийн гэрчилгээ болон бусад зөвшөөрөлгүй энэ махыг БНХАУ-ын иргэн 41 настай Шен Яжун гэгч монгол иргэдтэй хамтран хилээр гаргахаар завдаж байсан ч үйлдэл дээрээ баригджээ. Мөн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо “Экопэтс фүүд” ХХК-ий агуулахыг түрээслэгч Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны иргэн 36 настай н.Батбаатар гэгч мөн л гарал үүслийн гэрчилгээгүй 2061 ширхэг ямааны гулууз мах тус агуулахад хадгалж, хил давуулах гэж байсныг уржигдар илрүүлсэн. Тэрбээр махаа хил давуулахын тулд 840 граммаар бэлтгэн жижиглэн савлаж байсан ч бүтэлгүйтсэн” хэмээсэн юм. Эдгээр махыг улсын орлого болгон, шаардлага хангавал нөөцийн маханд нийлүүлнэ гэж байгаа. Гэхдээ энэ бол ердөө л мэдэгдсэн тохиолдлууд. Үүний цаана мэдэгдэхгүйгээр ийм асуудал хэчнээн гарч байгааг хэн ч мэдэхгүй. Нийслэлийн хүнсний захын махны худалдаачид “Хятадууд түүхий эдийн “Эмээлт” захын махны худалдаачдаас өндөр үнээр авч байгаа учир нийслэлд мах бараг орж ирэхгүй байна. Тиймээс махны үнэ тэнгэрт хадаж болзошгүй” хэмээн анхааруулж байлаа.
Харин дээрх асуудлыг холбогдох яам болон Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрынхан “огт сонсоогүй, дуулаагүй” гэсэн юм. Харин эх сурвалжийн мэдээлснээр Тагнуулын ерөнхий газрынхан мэдээллийн дагуу ажиллаж эхэлсэн бөгөөд БНХАУ-д хүнсний нийлүүлэлт эрэлтээсээ их байхад энэ мэт аргаар мах худалдаж авч байгаа нь үндэсний аюулгүй байдалд заналхийлэх эхлэл байж магад гэж үзэн шалгаж байгаа гэнэ.
Ийнхүү махны хомсдол үүсч байгаа нь нөөцийн мах бэлтгэхэд хэрхэн хүндрэл учруулж байгаа талаар Нийслэлийн хүнс, худалдаа үйлчилгээний газрын мэргэжилтэн Д.Батсүхээс тодруулсан юм.
-Хятадууд мах их хэмжээгээр нөөцөлж эхэлсэн нь нөөцийн мах бэлтгэхэд хүндрэл учруулж байна уу?
-Энэ жил 14 аж ахуйн нэгжтэй 12 мянган тонн нөөцийн мах бэлтгэх гэрээ байгуулсан. Одоогоор нөөцийн мах бэлтгэл 90 хувьтай байна. Гэхдээ сүүлийн үед ямааны махны үнэ нэмэгдсэн тухай гомдол гарах болсон. Төлөвлөгөөгөөр 2.5 тонн ямааны мах бэлтгэх байсан ч энэ маягаар байвал буурах байх. Оронд нь үхрийн махны нөөцийг нэмэгдүүлэх арга хэмжээ авч байна.
-Нөөцийн мах худалдаанд хэзээ гарах вэ. Хятадуудаас болоод нөөцийн махны үнэ өсөх нь ээ?
-Үнэ тодорхой хэмжээгээр өсөх байх. Мах бэлтгэж байгаа аж, ахуйн нэгжүүд материалаа ирүүлж байгаа. Одоохондоо үнийн судалгааг хийж байна. Уг нь нөөцийн махыг гуравдугаар сард худалдаалдаг байсан. Энэ жил нэгдүгээр сарын сүүлчээр худалдаалах төлөвлөгөөтэй байгаа.
Жилд 770 гаруй мянган тонн мах хэрэглэдэг нийслэлчүүдийн хэрэгцээний махыг энэ маягаар хятадууд үнэ цохиж булаасаар байвал Улаанбаатарчууд хоолгүй хонохоос өөр аргагүйд хүрнэ. Учир нь өнгөрсөн долоо хоногт л 2500 төгрөгөөр бөөндөж авдаг байсан ямааны махыг өчигдөр 3500 төгрөгөөр худалдаж авч байгаа тухай махны худалдаачид ярьж байсан. Одоогоор жижиглэнгийн худалдаагаар хонины мах килограмм нь 3500-4000 төгрөг, ямааны мах 3000-4000 төгрөгийн үнэтэй байна. Харин үхэр, адуу, тэмээний махны үнэд өнгөрсөн долоо хоногийнхоос өөрчлөлт ороогүй байна. Хятадууд зорьсондоо хүрсэн үү, үгүй юү. Ямартай ч монголчууд экспортлохыг хориглосон үхрийн махаар ямааны махны нөөцийг бүрдүүлэхээр болсон байна. Гэхдээ хятадуудын шунал ямааны махаар зогсох болов уу.
Р.САРАНГОО

"Улс төрийн тойм" сонин