“Иргэнд суурилсан хөгжлийн яриа” үргэлжилж байна

Хуучирсан мэдээ: 2010.12.08-нд нийтлэгдсэн

“Иргэнд суурилсан хөгжлийн яриа” үргэлжилж байна

Ардчилсан намын дэргэдэх “Нэг ардчилал” клубээс зохион байгуулдаг “Иргэнд суурилсан хөгжлийн яриа” хэлэлцүүлэг үргэлжилж байна. Дээрх хэлэлцүүлэг дээр тавигдсан илтгэлүүдээс уншигчиддаа хүргэж байна.

Уул Уурхайн Кластер  – Эдийн Засгийн Хөгжлийн Тулгуур

/Баасанжавын Энхбаатар. ШУТИС-ийн Уул Уурхайн сургуулийг уул уурхайн ашиглалтын инженер мэргэжлээр 2000 онд төгссөн, ШУА-ийн “Ньютоны нэрэмжит шагналтан”, АНУ-ын Өмнөд Дакотай мужийн Уул уурхайн сургуульд мастер, Японы   Васедагийн     Их Сургуульд Бизнес удирдлагын мастерын зэрэг хамгаалсан, Монголын Уул Уурхайн Клубын тэргүүн, “Нэг Ардчилал” клубын гишүүн/

Бидэнд хөгжиж буй улс оронд тохиолддог түгээмэл дутагдал болох эдийн засгийн хязгаарлагдмал чадамж, газарзүйн байршил, уур амьсгал гээд тоочвол багагүй сул тал хүндрэл бэршээл бий. Гэвч та бүхний олонхи нь мэдэж байгаачлан Монгол улс нь дэлхийн алт,зэс, нүүрс, уран болон төмрийн их нөөцтэй бөгөөд эрдэс баялагаа хурдацтайгаар ашиглаж эхлэх цаг үе нэгэнт ирээд байна. Энэ бүхнийг ашиглахын тулд, уул уурхайгаа хөгжлийн зөв зүйтэй шийдэх байлгахын тулд бидэнд аль нэг улстай байгуулсан гэрээнээс илүүтэйгээр байгаль орчинд ээлтэй уул уурхайн бодлого зайлшгүй чухал байна. Иргэддээ ээлтэй, шинэ техник технологи нэвтрүүлсэн, ард түмэндээ ашиг орлого авчирсан тийм л уул уурхай шаардлагатай байна.

Үндсэндээ, Монгол орны хөгжил дэвшил нь уул уурхайн салбараа тулгуурлан эрдэс баялагаа эдийн засгийн эргэлтэнд оруулан хөгжих нь тодорхой болсон энэ үед би та нартай  уул уурхайн кластер – буюу уул уурхайн бэлтгэн нийлүүлэх үйлчилгээ мөн бусад уул уурхайг тойрсон боломжуудын талаар ярилцана.

МАНЛАЙЛАХ УР ЧАДВАРЫГ ХӨГЖҮҮЛЭХ НЬ:

Өөрчлөлтийг өөрөөсөө эхэлье

Хүн төрөлхтөн одоог хүртэл оршин тогтнож чадаж байгаа утга учир нь түүхэн үеэс алхам тутамдаа шинийг эрэлхийлж, өөрчлөлт шинэчлэлийг тасралтгүй хийж, тулгамдсан асуудал, тулгарч байгаа эрсдэлээ даван туулж чадсан  явдал гэж би боддог.

Түүхэн хугацаанд багаар ажиллаж, багийг зөв чиглэлд хөтөлдөг, чиглүүлдэг шилдэг манлайлагчид төрөн гарч нийгэмд хүлээн зөвшөөрөгддөг байжээ. Эдгээр манлайлагчид улс орон, нийгмийн сайн сайхны төлөө зүрх сэтгэлээ зориулж дурсах нэр алдараа түүхэнд мөнхрүүлсэн хүмүүс юм.

Манлайлагч нь өөрийгөө байнга хөгжүүлж, шинийг эрэлхийлж, бусдад нөлөөлж нийгэмд  өөрчлөлтийг авчирдаг.  Манлайлагч байхын тулд бусдад буюу нийгэмд хүлээн зөвшөөрөгдсөн зөв хүн болж төлөвшүүлэхэд өөрийгөө хэрхэн өөрчлөн хөгжүүлэхийг энэ сургалтаар заах болно.

Зөв бодолтой, оновчтой зөв үйлдэлтэй, эерэг үр дүнд хүрдэг манлайлагч байхын тулд:

·    Өөрсдийн үзэл бодол, сэтгэлгээ, ухамсар, хандлага, арга барил, зан төлөв болон харилцааг зөв төлөвшүүлэн хөгжүүлэх
·    Өөрийн итгэл үнэмшил, сэтгэл хөдлөл, нөлөөлөл болон ажил хэрэгч арга ухаанд суралцаж бодитоор хэрэгжүүлэх
·    Өөрийн цагийг хэрхэн зөв зүйлд чухал ажлаа хийж гүйцэтгэх, алс хэтийн зорилгоо ухамсарлан  түүнд хүрэхийн тулд төлөвлөгөө боловсруулах, хамт олны оролцоог хэрхэн бий болгож эерэг уур амьсгалыг бүрдүүлэх, чиглүүлэх, идэвхижүүлэхэд суралцуулахад оршино.
Эцэст нь хүн бүр өдөр тутмын ажил хэрэгт аливаа шийдвэр гаргахдаа ирээдүйд тулгарч болох эрсдэлээ олж харж чадвал энэ нь шилдэг манлайлагч болохын эх үндэс юм.

Ганбатын Эрдэнэбат /Монголын Эрсдэлийн Менежментийн Холбооны тэргүүн, хуульч/

Рациональ сэтгэлгээ

Хүмүүс өөрийн авъяас чадвар, хүмүүнлэг, ёс суртахуунлаг байдал, хүч чадал, гоо үзэсгэлэн зэрэг хувийн хүчин зүйлээрээ бусдаас ялгарч, бусдад үнэлэгдэж товчхондоо тэдгээр шинжээрээ нийгэмд эзлэх байр суурь, эрхлэх ажлаа хүртэл олж авдаг билээ. Эдгээр хувь хүний хүчин зүйлсийн ихээхэн чухалд тооцогдох нэг шинж бол хүний оюунлаг шинж, сэтгэлгээний чадвар юм.

Сэтгэлгээний чадвар нь хүний бусад хүчин зүйлсийн үнэ цэнийг нэмэгдүүлж авъяас чадварыг хөгжүүлэх, хүмүүнлэг чанарыг улам батжуулах нөлөөтэй нэн чухал чанар юм. Дээрээс нь хүний аливаад хандах нь хүсэл зоригийн шинжтэй буюу чөлөөт сонголт байдаг бол сэтгэн бодох нь харин хатуу дүрэмд захиргдсан нэг талаар эрх чөлөөгүй нөгөө талаар гарцаагүй зүйл байдаг.

Хүмүүс аливаа асуудалд хандахад өөрийн үзэмжээр хандаж үнэлэх эсэх нь эрх чөлөөтэй сонголт боловч аливаа юмс үзэгдлийн зүй тогтолд захирагдаж зөв дүгнэлт, шийдвэр гаргана гэвэл сэтгэлгээний хууль, зүй тогтолд захирагдаж бодох сэтгэхээс өөр аргагүйд хүрнэ. Энэ утгаараа эрүүл ухаан гэдэг бол таны таашаал мэдрэмж, үзэл бодол, сүсэг бишрэл, улс төрийн байр суурь гэх мэтээс ангид таны ухаан бодлыг захирч байх учиртай зүйл юм.

Ихэнх хүмүүс өөрийн зөн билэгт найдах, таашаал, мэдрэмж, сэтгэл хөдлөл, сүсэг бишрэл, үзэл хандлагад захирагдан дүгнэлт, шийдвэрээ гаргасанаар алдаа гаргаж хохирол өөрөө амсч эсхүл бусдад балаг тарьж явдаг. Эрүүл ухаан буюу аливааг рациональ байдлаар үнэлж сэтгэдэг хүнд юманд туйлшран хандаж эрс үгүйсгэх эсхүл учиргүй тахин шүтэх явдал гардаггүй. Бурханд итгэдэг эсхүл шашингүй үзэлтэй байх нь төдийлэн чухал биш. Та бурхан байдаг гэдэгт итгэдэг, аливаад хандах бүхний эхлэл чинь ямар нэг шашины философи байх нь асуудалд рациональ хандахад чинь огт саад болохгүй. Харин бодит байдлыг үнэлж дүгнэх, ажил хэргээ төлөвлөх, аливаа асуудлаар шийдвэр гаргахдаа сэтгэлгээний хууль дүрэмд захирагдахгүй, бодит байдлыг өөрийн хүсэл сонирхолоос ялгаж хандаж чадахгүй бол алдаа гарч буруу шийдвэр танд ашиггүй үр дагаварууд ар араасаа хөврөн гардаг билээ.

Тиймээс зөв шийдвэр гаргаж алдаагүй дүгнэлтэд хүрэхийн тулд эдгээр субъектив хүчин зүйлсээс ангид толгойгоо ажиллуулж сурах хэрэгтэй болдог. Өөрөөр хэлбэл таны үзэмжээрээ хандах асуудал, танд таалагдах эсэхээс хамаарахгүй бодитой хандах асуудлыг ялгаж сурах хэрэгтэй.  "Би энэ зүйлийг худалдаж авах ёстой гэдгийг зөнгөөрөө мэдэрч байна, тэр их хөөрхөн юм тийм учраас худлаа яриагүй л байж таарна, би бурхан шүтдэг тийм учраас миний бүх зүйл аяндаа бүтнэ, ардын намын эсхүл ардчилсан намын бүх хүмүүс сайн, би бол хөх толбот, тэнгэр заяат монгол хүн тиймээс үргэлж миний зөв" гэх мэтээр өөр хоорондоо яагаад холбоотой нь ойлгомжгүй үндэслэлээр итгэл үнэмшлээ хамгаалах, бодит байдлыг өөрийн таашаалд нийцүүлэхийг оролдох хандлага нь бидэнд ихээхэн хор хөнөөлтэй бодит байдал, хандлага хоёрыг хутгалдуулан сэтгэлгээний алдаа гажуудал гаргахад хүргэдэг.

Уг нь аливаа асуудлаар дүгнэлт гаргах ерөнхий мөдлөгөө нь тун энгийн, томъёолбол "асуудал → нотолгоо, няцаалт = дүгнэлт"  гэсэн логик дараалал үйлчилнэ. Харин үүнийг шийдвэр гаргахад баримтлах бол томъёолол бага зэрэг өөрчлөгдөж асуудал, түүний давуу ба сул тал шийдвэрлэх арга зам, түүний эерэг, сөрөг үр дагавар гэсэн хэлбэртэй болдог.

Энэхүү мөрдлөгөө нь асуудлыг шийдвэрлэхийн тулд зөвхөн бодитой, хэн нэгний тэр дундаа таны хүсэл зоригоос хамаарахгүй нөхцөл байдлыг хүлээн зөвшөөрч, хүмүүсийн хэлдэгчлэн аливаад тооцоотой, бодитой хандаж сургадаг юм. Ийм хандлага таныг аливаад өгөгдөл нь олон болохоор төөрч будилаад, яаж шийдвэрлэхээ мэдэхгүй мэгдэж сандрахын зовлонгоос салгаж чухам аль нь бүх асуудлын дундаас шийдвэрлэвэл зохих гол асуудал болохыг олж харж, түүнийг шийдвэрлэхэд ямар саад бэрхшээл, ямар боломж давуу тал байгааг тодорхойлох, улмаар ямар шийдэл сонгох, гаргасан шийдвэр тань ямар сайн, муу талтай болохыг таамаглаж түүнийгээ давж гарахад бэлэн байхад тань сургадаг юм.

Сэтгэн бодоход алдаа гаргахгүй, шийдвэр гаргахдаа алдаа гаргахгүй байхын тулд дараахь практик мөрдлөгөөг мөрдвөл зохистой гэж үздэг байна.

Үүнд:

–    Дүгнэлт, шийдвэрээ ямагт эргэж нягтлах
–    Нотлогоо, няцаалтдаа үнэлгээ өгөх
–    Дүгнэлт, шийдвэр тань субъектив хүчин зүйлээс хамаарч байгаа эсэхийг үнэлэх
–    Мэдээлэлд автахгүй байх
–    Мэдээллийн үнэн, бодитойг үнэлэх
–    Дүгнэлт, шийдвэрийн логик дэс дарааллыг шалгах (софизм, парадокс)
–    Дүгнэлт, шийдвэрийн өгөгдөл дутуу эсэхийг шалгах
–    Сөрөг нотлогоо, няцаалтад дүн шинжилгээ хийх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж